Сонгууль ба шуудангийн хайрцаг

Одоогоос 160 жилийн өмнө Э.Отис гэдэг хүн анх цахилгаан шат лифтийг ашиглалтанд оруулжээ. Цахилгаан анх хэрэглээнд орж байсан үе. Дээд давхар руугаа амархан хүрэх механик өргүүр эртний Ромд үүссэн гэдэг. Лифтний ачаар Европын орчин үеийн олон давхар барилга барих боломж нээгдсэн түүхтэй. Гэхдээ зуун дав­хар барилга барьсан ч заавал хажууд нь энгийн шатыг зардал, зай гарган барих ёстой. Яагаад ингэдгийн учрыг нялх хүүхэд ч төвөггүй  мэддэг. “Юмыг яаж мэдэх юм” гэдэг хандлага цахилгаан шатан дээр их ойлгомжтой байдаг учраас энэ жишээг дурдлаа.

Шинжлэх ухаан дахь шинэ нээл­түүд энгийн хэрэглээнд нэвт­рэх явц сүүлийн жилүүдэд улам хурдацтай явагдаж байгаа. Тухайл­бал гар утсыг бол нэлээд дээр үед цэргийн тагнуулууд нээчихсэн байсан. Харин энгийн хэрэглэгчдэд олноор үйлдвэрлэгдэн очдог бараг тэр жил нь Монголд нэвтэрсэн юм. Шинэ технологийг түрүүлж хүртдэг Япон, Америкийн жирийн иргэд биднээс танайхан гар утас гэж мэддэг үү гэж ноднин асууж бай­сан. Технологи ийм хурдан дэл­хийд түгнэ чинээ санаагүй байх л даа. Анхны автомашин нэвтрээд дараа нь хүссэн хүн авч унах хуга­цаа хэдэн арван жил үргэлжилж байсан бол анхны интернэт ний­тийн хүртээл болоход ердөө хоёр гурван жил л хангалттай байв. Өнөөдөр бид түмэн жилдээ утас, веб сайттай, онгоцоор нисдэг бай­сан юм шиг шинэ орчинд дасчих­жээ. Амьдралын хэв маягт өөр хялбаршуулсан, амарчилсан дэв­шилтэт алхмууд тасралтгүй явагд­саар л байна. Амьдрал сайхан болж байгаа ч юм шиг, амьдрах нь улам амархан болчихсон ч мэт. Кноп дараад л бүх юм “ок”.

Гэхдээ одоохондоо бүх юм хоёр талтай гэдэг гачлангаас төгс тө­гөлдөр салчихаагүй л байна. Бид­нийг улам гэнэн болгох нийгэм хааяа нэг нурахаараа бас баллаж тавих юм. Салхи сэвэлзэх төдийд бээрдэг ялаа шиг энэ хөгжил дэв­шил үе үе царайгаа харуулна. Жаахан цас ороход тог тасарч улмаар бүх юм тасалдаж лифтээр биш шатаар бууж байна. Бүх амьд­рал таг зогссон шалтгаан ердөө л цас орсноос. Түүнээс ч өчүүхэн шалтгаанаар эдийн засгийн хям­рал үүсч нийгэм даяараа бужигнаж бүр хувьсгал гарах ч боллоо. Нийг­мийн хөгжил дэх хэврэгшил хүмүү­сийн сэтгэхүйд бас нөлөөлж, хариу­гүй юмнаас болж хүүхэд залуус амиа хорлох явдал олширчээ.

Гэрэл асавч сүүдэр үл арилна. Шинжлэх ухааны ухамсарт сүүд­рийг хүртэл арилгах хэтийн төлөв байдаггүй. Тэгэхээр юмс сайн муу хоёр талтайгаа цуг цаашид удтал үргэлжилнэ гэсэн үг.  Эрүүл мэндэд тустай телевизор үйлдвэр­лэгдэх­гүй нь тодорхой агаад харин арай хор хөнөөл багатай хувил­барууд зохиогдвол зол. Манай оронд хоцрогдол, хүнд суртал, бүдүүлэг ёс залхтал удаан үргэл­жилсэн болохоор өнөөдөр хөгшин залуу­гүй шинэ бараанд өлөн ханд­даг болсон байх. Дор бүрнээ л орчин цагтаа хөл гараа нийлүү­лэхийг чармайна. Амьдралын шинэ хэв маяг бүхий орчинд юмыг яаж мэдэ­хэв гэсэн зорилгоор хад­галах зүйл олон бий. Өв соёл, уламжлал, хэрэглэж байгаад боль­чихсон ба­гаж зэвсгээс өгсүүлээд юу эс мун­дахав. Шинэ техноло­гитойгоо хамт хуучин эд хогшлоо давхар хэрэглэх нь өнөөдөр цаг алдсан, хэтэрхий үрэлгэн, ашиг ч байхгүй. Утас шилэн кабель бай­саар байтал хажуугаар нь сумын төв рүү хол­боо­ны шугам татаж шонгийн мод суулгах, компью­терийн дэргэд бичгийн машин тачигнуулалтай биш.

Байгаль орчин, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэд “Улс орнуу­дын тогтвортой хөгжил” гэж нэлээн сүүлхэн 2000-аад оноос их ярьдаг болчихоод байгаа юм. Байгаль хүрээлэн буй орчны доройтол цаашид үргэлжилнэ. Нийгэмд хөгжлөөс хамааралтай эдийн зас­гийн хямрал үүснэ гэсэн ерөнхий чиг хандлагыг одоо хүмүүс адаг­лаад сонссон байгаа. Хэрэв даваг­дашгүй хүчин зүйлтэй тулгарсан тохиолдолд улс орон бие хүн өөрийгөө авч гарахын тулд яах ёстой юм гэсэн сэдэв дээр маргаан үүсдэг. Зарим нь тийм огт тохиол­дохгүй. Хэзээ ч тог тасрахгүй. Илүү дутуу новшоо хог дээр хая гэж шаарддаг. Гэтэл 1937 онд устгаад хядчихсан лам, сүм, 1960-аад онд хүүхэд тоглоод хагалчихсан хөө­рөг, гаанс энэ тэрээ хадгалж байсан бол гэж бодогдох үе бий. Хөгжлийн дараагийн мөчлөг тойроод ирэхэд харамсах юм зөндөө гардаг. Улс орнуудын улс төрийн сонгууль хэрхэн хийж байсан замналуудыг бид хорьхон жилийн дотор бараг бүгдийг нь дамжаад үзчихлээ. Хөгжил ба том хөрөнгө оруулалт явагдсаны үр дүнд нийгмийг ам­жилттай товчлов. Одоо сонгогч  санал авахын тулд дуучин дагуулж явахгүй, мөнгө тараахгүй, амлах­гүй, бусдыг элдвээр гутаахгүй. Сайндаа ч ийм шударга болчи­хоогүй. Дээрх аргууд нь эцсийн үр дүнд нөлөөлдөггүй явуургүй байс­наас тэр. Өөрийгөө бусдад ойл­гуулах нэг л арга дээр тогтоцгоолоо. Тэр нь их энгийн. Ердөө сонин л байсан байгаа юм. Гэтэл өнөөдөр хамгийн хоцрогдсон мэдээллийн хэрэгсэл бол сонин. Цаасан дээр хэвлэгдэн их л хурдандаа маргааш уншигч дээр очдог сонин. Сонин дээр бичигддэг мэдээ мэдээлэл маш төвөгтэй замаар бүтдэг. Үйл явдал дээр сурвалжлагч гээд нэг нөхөр явж очно, асууна, тэмдэг­лэнэ, дараа нь буцаж ирээд бодно, бичнэ, өөр нэг нөхөр хянана наян юм болдог. Мэдлэг ба өртөг их шингэсэн болохоор хүмүүст үнэгүй тарааж болохгүй. Бусад мэдээл­лийн хэрэгслүүд бол мухрын өрөөнөөсөө цухуйхгүй байж бай­гаад хамаг мэдээллийг суйлахыг суйлаад хуулахыг нь хуулаад хор­мын дотор гаргаад шидчихнэ. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Со­ниноос өөр мэдээллийн хэрэгс­лийг сонсдог, үздэг, уншдаг мөрт­лөө үр дүнд нөлөөлдөггүй.

Сонин  эргээд хэрэг болсон нь хуучнаа орхиж болдоггүйн нэг жишээ юм. Хүмүүс төлбөрөө төлж авсан мэдээндээ илүү найддаг, бусдад нь итгэж чаддаггүй. Алтан бөгж дуураймал хоёрыг хараад ялгахгүй ч боломж олдвол оригийг нь олоод зүүхийг хүсдэгтэй адил. Есөн давхар өөд бүгд лифтээр явцгаадаг ч энгийн шатгүй байшин байвал хэн ч нүүж орохгүй. Шинэ нь хуучинтайгаа, гэрэл нь сүү­дэртэй хамт байж улс орон хувь хүн тогтвортой хөгждөг гэнэ. Улс төрчид үгээ илүү олонд хүргэхийн тулд айл бүрийг сонгуулиас өмнө шуудан­гийн хайрцагтай болгох гарц байна. Шуудангийн хайрцаг хийж болох­гүй гэсэн хууль гараа­гүй. Шуу­дангийн хайрцганд “Мо­нита” явуулж  ч бас болно ш дээ. Дотор нь сонин, зарлан дуудах, гарын үсэг тамга бүхий баримтууд, гараараа бичсэн захиа очно. Итгэл ба гүн хүндэтгэлийн баталгаа мессеж, месенжер, и-мэйл одоо­хондоо болчихоогүй. Ойлгох сурах явцыг бүх мэдрэхүйгээрээ мэдэрч байж сая үр дүнд хүрдэг. Яагаад тэгдэг юм бүү мэд. Хонгондоо ороолгуулсан хүүхэд илүү сурдаг шиг сонинг хайрцагнаас гаргаж аваад гартаа барьж уншихаар мартагдах явдал эрс багасдаг. Зурагтаар ямар ч алдартай багш хичээл заасан тогтоохгүй юм гэж “каринтинлагдсан” хүүхдүүд хэлж байсан санагдана. Нөгөө муу багш нь самбарын өмнө гозойж байвал сая хичээл заасан болдог нууцыг даруй нээмээр байна.

Ж.ГАНГАА


URL:

Сэтгэгдэл бичих