Намуудын мөрийн хөтөлбөр “мөрөөдлийн жагсаалт”-аас ангид байг
Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цахимаар санал авч, мөн цахим хурал хийн батлахаар төлөвлөөд байна. Цар тахлын халдвар дэлхийг цочроосон энэ үед улс төрийн намууд байтугай улс орнууд цахим аюулгүй орчныг эрхэмлэж, үйл ажиллагаа явуулж байгаа.
Сонгуулийн энэ жил монголын улс төрийн 30 гаруй намаас хэд нь өрсөлдөх вэ гэдэг тун удахгүй тодорно. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын үе ч улс төрийн хүчнүүд нам эвсэж, сэм нэгдэн сонгуулийн бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн, тойргуудоор ч горилогчдын “бор шувуу” нисч байгаа билээ.
Сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө боловсруулан төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Тиймээс ч ирэх даваа долоо хоногт сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчнүүд цахим хурлаа товлоод байгаа. Улс төрийн хүчнүүд ирэх амралтын өдрүүдэд ч дотоод аппараттаа төвлөрөн, мөрийн хөтөлбөрт тусгах саналаа нэгтгэхээр завгүй ажиллацгаана.
Эрх баригч хүчин МАН ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилтайгаа уялдуулах биз. Ямартай ч өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, явц ирэх сонгуульд дахин амлалт өгөхөд өөр хоорондын уялдаа хийгээд түлхэц болох ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, төсвийн сахилга батыг барьж ажилласан гэдэг. Гэвч цаасан дээр буусан эдийн засгийн өсөлт хөрсөн дээрээ бууж, өрхийн төсөвт эергээр мэдрэгдээгүй нь үнэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд эрх баригчи эдийн засгаа тэлэх, хөгжүүлэх нэг ч ажил хийгээгүй ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн хямралт тогтворжсон гэх сөрөг хүчний шүүмжлэл үндэслэлгүй зүйл биш. Тиймээс ирэх даваа гаригт бага хурлаа товлоод байгаа ирэх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөр олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
Сөрөг хүчин АН-ын ҮБХ өнгөрсөн долоо хоногт онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлах, санал авсан. АН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгасан гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ удаагийн сонгуулиар нийслэлийн тойргийн мандатын тоог хасч, орон нутагт нэмэгдүүлсэн. Тиймээс ч АН-ын мөрийн хөтөлбөрт “Чинээлэг малчин” хөтөлбөрийг тусгах санал гарч байсан. Энэ нь орон нутгийн тойрогт ач холбогдол өгсөнтэй холбоотой биз. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр “Чинээлэг малчин” хөтөлбөр орон даяар хэрэгжсэнээр бэлчээрийн доройтлыг зогсоож, 170 орчим мянган малчин өрхийг чинээлэг дундаж давхаргад хүргэх, нийслэл рүү чиглэсэн их нүүдлийг сааруулах, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх, гадагш чиглэж буй ажиллах хүчийг эх орондоо шингээх зэрэг нийгэм, эдийн засгийн олон давуу талтай гэж тодотгож байна лээ.
Парламентад гурав дахь хүчний төлөөлөл болдог МАХН ирэх сонгуулиар улс төрийн бусад хүчинтэй эвсэн өрсөлдөхөө зарлаад байгаа. Одоогоор МАХН, МНН, ИЗНН, Лебирал нам, Эх орончдын нэгдсэн гэсэн таван нам нэгдээд байна. Ер нь өнгөрсөн хугацаанд дээрх улс төрйин хүчнүүдтэй хамтарч МАХН “Шинэ дээд Үндсэн хууль” төслийг боловсруулж, хүүхэд, залууст үнэ төлбөргүй боловсрол олгох, залуу гэр бүлийг үнэ төлбөргүй орон сууцаар хангахаа мэдэгдэж байсан. Тэр байтугай, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэхээр иргэдийг бүртгэл явуулсан байдаг. Ямартай ч сонгуулиар эвслийн мөрийн хөтөлбөрийг баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжихээр тусгаад байгаа.
Ер нь улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, хөөсөрсөн, мөрөөдлийн жагсаалтаар дүүрсэн байдаг. Энэ удаад ч уг үзэгдэл давтагдах магадлалтай. улс төрийн хүчнүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж аудитаар хянуулахаар ирэх амралтын өдрүүдэд ч завгүй ажиллах нь. Цаашлаад энэ парламентын хаврын отгон ирэх сард эхэлж, улс төр халуун цэг болох нь ээ.
Н.Энхлэн
Эх сурвалж: Shuud.mn
URL: