З.Энхболд: “Страто” компанитай холбоогүйг баталсан бичиг авсан, гүтгэгчдийг хуулийн байгууллагад өгнө
ЕТГ-ын дарга асан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Тавантолгойн IPO-г хийх шаардлагагүй. Энэ том ордын 30 хувийг маш бага мөнгөөр зарах гэж байна гэсэн мэдэгдлийг хийж эхэлсэн. Түүнийг ийн мэдэгдэж эхэлснээс хойш төд удалгүй эдийн засагч Л.Наранбаатар тэргүүтэй хүмүүс “Страто” гэдэг компанитай холбож, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах гэж байна хэмээн мэдэгдсэн юм. Мөн “С1″ телевизээр “Страто” компанийн тухай нэвтрүүлэг ч гарч, З.Энхболд руу дайрсан.
Тэгвэл тэрбээр Улсын бүртгэлийн Ерөнхий газар, АТГ-аас “Страто” гэдэг компанид хувь эзэмшдэггүй, ямар нэгэн хувь эзэмшдэггүй гэдгээ баталсан албан бичиг авснаа өөрийн фэйсбүүк хуудаст нийтэллээ. Улмаар “Страто” компанитай холбоогүйг баталсан бичиг авлаа. Гүтгэгчдэд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандана” гэсэн пост оруулсан юм.
АТГ-аас түүнд ирүүлсэн бичигт “Таны 2012-2019 онуудад мэдүүлсэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгүүдэд хийсэн хяналт, дүн шинжилгээ, бүртгэлийн байгууллагын мэдээлэл зэргийг нэгтгэн судлахад, одоогоор та болон таны гэр бүл, хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь “Страто” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчээр бүртгэгдээгүй байна” гэсэн байна.
URL: