Франц иргэн: Надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсаныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө

44

Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж буй Франц улсын иргэнд хандан Орхон аймгийн V сургуулийн 5-д ангийн сурагч Н.Оюунцэцэг гуравдугаар сарын 11-нд захидал бичсэн. Тэгвэл Франц улсын иргэн Н.Оюунцэцэгт талархал илэрхийлж, хариу захидал илгээжээ.

Тэрбээр захидалдаа

“Хүндэт Оюунцэцэг дүү сайн байна уу?

Юуны түрүүнд надад сэтгэлийн дэмжлэг үзүүлж захидал бичсэн Оюунцэцэг чамд маш их баярлалаа. Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны хүн болсондоо маш ихээр гуниглаж байна. Гэвч надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө.

Мөн чиний захидлыг уншаад би маш ихээр догдоллоо. Чиний үгүүд миний сэтгэлийг хайр, талархлаар дүүргэж Монголын ард түмэн цэлмэг тэнгэр шигээ ямар агуу, өгөөмөр ард түмэн юм бэ гэдгийг улам ихээр мэдэрлээ. Захидал, илгээмж илгээсэн бусад бүх хүмүүстээ ч бас баярлалаа.

Сүүлийн хэдэн хоног миний дэргэд байж бүхий л сэтгэлээрээ надад туслалцаа дэмжлэг үзүүлсэн мөн үзүүлсээр байгаа эмч, сувилагч нартаа маш их баярлаж байна. Би тэдний гаргаж буй зориг, сэтгэлийн ачийг хэзээ ч хариулж чадахгүй байх. Тэдний ачаар эсэн мэнд гэр бүлтэйгээ уулзаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бүрэн эдгэрснийхээ дараа Оюунцэцэг чамтай ч мөн уулзаж, талархлаа өөрийн биеэр илэрхийлэхийг хүсч байна.

Монголын ард түмэн болон намайг эмчилж сувилж  байгаа ачит эмч нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ чин сэтгэлийн ерөөлтэй захидал бичиж дэмжсэн Оюунцэцэг дүү чамд мөн аз жаргал, эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг ерөөе!

Захидал бичсэнд дахин баярлалаа” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих