Цэц хуралдахгүй байгаа ч Д.Солонго, Ш.Цогтоо нарыг хэзээ солих вэ
Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Гурвыг нь УИХ, гурвыг нь Дээд шүүх, гурвыг нь Ерөнхийлөгч санал болгож парламент томилдог. Коронавирусээс шалтгаалан Үндсэн хуулийн цэц бага, дунд, их суудлын хураллаанаа хийхгүй байгаа боловч тэнд бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр ч гишүүн ажилласаар байна.
Одоогоор:
УИХ-ын квотоор Үндсэн хуулийн цэцэд Д.Одбаяр, Ш.Солонго, Г.Баясгалан,
Ерөнхийлөгчийн квотоор Үндсэн хуулийн цэцэд Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр,
Улсын дээд шүүхийн квотоор Н.Чинбат, Д.Солонго, Ш.Цогтоо нар ажиллаж байна.
Үүнээс 2019 онд Д.Солонго, Ш.Цогтоо нарын цэцийн гишүүнээр ажиллах бүрэн эрхийг хугацаа дуусчихсан. Тэд 2013 оноос цэцэд ажилласан бөгөөд энэ удаад улиран ажиллах эрхгүй.
Тиймээс Улсын дээд шүүх яаралтай хуралдаж, УИХ-д Цэцийн гишүүдийг нэр дэвшүүлэх шаардлагатай байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр Дээд шүүхийн шүүгчдийн орон тоо дутуу байгаа бөгөөд орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад будлиан гарсан хэмээн зарим шүүгч нар маргаан гаргасан байна. Маргаан шийдэгдэх хүртэл УДШ төлөөллөө Үндсэн хуулийн цэцэд илгээхгүй бололтой.
URL: