Казиногийн хэргээр ял эдэлж байсан хүн МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна
“Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Үндэсний Нийгэмлэг” ТББ-аас МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой үйлдлүүдийг шалгуулах хүсэлтийг өчигдөр МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлд өгсөн юм. Учир нь МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн Гишүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилдог.Тиймээс ч УИХ-ын тухай хуулийн 33.1-д заасан УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх, мөн өргөдлийн дэд хороо УИХ-ын тухай хуулийн 19.4 болон 20.4-т заасны дагуу эрх үүргээ хэрэгжүүлж, энэхүү өргөдлийн дагуу холбогдох байнгын хороодоор асуудлыг хэлэлцэн, Ажлын хэсэг байгуулан МҮОНРТ-д үүссэн хууль зөрчсөн асуудлуудыг шалгаж өгөхийг хүсч буй нь энэ юм байна.
“Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Үндэсний Нийгэмлэг” ТББ-ын зохицуулагч Э.Дашнямын өгүүлж буйгаар: “2017 онд МҮОНРТ-ийн техникийн шинэчлэлд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг УИХ-аас баталсан. Уг шинэчлэлийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үр дүнг шалгаж, олон нийтэд мэдээлж өгнө үү гэж УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдлөө өгсөн.
Уг нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 28-д зааснаар Үндэсний зөвлөлөөс байгуулагдсан хяналтын зөвлөл нь олон нийтийн радио телеизийн хөтөлбөрийн бодлогоос бусад асуудалд хяналт тавьж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, МҮОНРТ-ийн Ерөнхий Захирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хянаж, шалгалтын үр дүнг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх үүрэгтэй . Харамсалтай нь МҮОНРТ-ийн техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн 8.4 тэрбум төгрөгийг санхүүжилт биш хөрөнгө оруулалт гэдэг үндэслэлээр МҮОНРТ-ийн Удирдах Зөвлөл шалгаагүй ” аж.
Мөн тус ТББ-ын зохицуулагч Б.Азбаяр энэ үеэр: “МҮОНРТ нь ашгийн төлөө бус олон нийтийн телевиз юм. Уг телевизээр арилжааны болон далд төлбөртэй сурталчилгаа явуулахыг хулуиар хориглосон байдаг боловч мэдээний гол нэвтрүүлэг болох “Цагийн хүрд”-ээр үргэлж реклам зар сурталчилгаа, далд төлбөртэй материалууд явах болсон. Энэ бол ОНРТ-ийн тухай хуулийг зөрчиж буй үйлдэл юм” хэмээсэн юм.
Хачирхалтай нь МҮОНРТ-ийн Удирдах Зөвлөлийн даргаар казиногийн хэргээр буюу авилга авсан, зуучилсан хэргээр ял эдэлж Б.Энхмандах гэх улс төрч ажилладаг аж.
Б.Энхмандах нь мөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хувийн эзэмшлийн “МАК” группид дэд Захирлаар ажиллаж байжээ.
С.Сарнай
URL: