Монголын баялгийг хувааж авах 3:1 зарчим буюу эцэст нь бидэнд оногдох 5 хувийн учир юу вэ?

Бид 2010 оны 12-р сард Монголын төлөөлөгчид ОХУ-д айлчилсан тухай манай сонин хэвлэлүүдэд дэлгэрэнгүй мэдээлснийг дурьдахын ялдамд Их өрийн үлдэцийн асуудлыг Оросын засгийн газар лут барьцаа болгож Монгол улсаас байнга үлэмж хэмжээний долларыг монжиж аваад байгааг хөндөх шаардлагатай болов.

Ер нь том өрийн асуудлыг зах зээлийн онолоор, аль эсвэл либерализмын номнолоор, бас ардчилсан социализмын үзлээр, тэр тусмаа төвийн зүүний үзлээр тайлбарлах нь өнөө үед ямар ч ач холбогдолгүй болчихлоо. Ялангуяа Монгол улсын их өрийн нууцыг арга зүйг, далд колониалист эдийн засгийн загварыг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Ер нь марксизм-ленинизмийн арга зүйг ухаарч ойлгоогүй цагт, бас барууны янз бүрийн гоёмсог үзэл номнолуудын далд чиглэмж, нууцлаг бодлогыг илрүүлээгүй цагт том лийдрүүдийн, лут лут улс төрчдийн итгэл үнэмшил хэзээ ч төлөвшиж чадахгүй гэдэг нь нотлогдчихоод байна.

Монгол улсын хувьд ил колоничлол нь биш, чухамдаа шинжлэх ухааны социализмаар айхавтар далдлагдан нуугдсан колониализмыг илчлэхэд үнэхээр хэцүү бегөөд нэн ярвигтай гэдэг нь мэдэгдэж эхэллээ.Манай өнөөгийн, өөрөөр хэлбэл 21 -р зууны эхний үеийн том том лийдрүүд нэгэнт тэдний улс төрийн болон эдийн засгийн итгэл үнэмшил төлөвшиж чадаагүйгээс тэд олон удаагийн хэлэлцээрээр 1990 оноос ч өмнө, мөн 1990 оноос ч хойш Зөвлөлтийн болон Оросын заль ихт даргуудад хууртагдсаар, монжуулсаар, үлэмж хохирсоор ирсэн ажээ. Ийм арчаагүй өрөвдөлт байдал Монголын төлөөлөгчдийн саяын айлчлалаар бас дахиад л ажиглагдсаныг хэлэх юун.

Монгол улсын их өрөөс тунаж үлдсэн 172 сая долларын асуудал Монгол, Ороын хэлэлцээрийн гогцоо асуудал нь болж яригджээ.

Их өр төлөгдөж дууссан гээд байхад л оросууд энэ өр төлөгдөж дуусаагүй гээд л улайран зүтгэсээр” байгаад л Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн өр гэгч асуудал гараад ирчихжээ. 2000 оноос хойш Монгол улсын их өр 11.4 тэрбум долларт хүрсэн гэдгийг Оросын Засгийн газар удаа дараа мэдэгдэж, энэ өрийг төлүүлэх асуудлаар, бас уул өрийн томоохон хэсгийг цайруулах асуудлаар мөн ч их шоудаж жүжиглэсэн шүү.

Яагаад их өрийн асуудлыг Оросын дээд удирдлага 1990 оны эхэнд тавиагүй юм бэ, юуны учир Ардчилсан хувьсгалын шижим асуудлын нэг болж дэвшигдсэн лут улс төрийн дүгнэлтийг оросууд огт ярихгүй нуун далдалж байсан бэ гэдгийг бид ярих ёстой.

Монгол улсын эдийн засгийн нэн төвөгтэй асуудлуудыг том бодлогын төвшинд, ардчилсан хувьсгалын зиндаанд ярих тийм лут лийдрүүд 1990 оны үед төрж гараагүй байжээ. Монгол улс ЗХУ-д ямар ч өргүй бөгөөд харин ч үлэмжийн авлагатай гэсэн улс төрийн том дүгнэлтийг Д.Содном, П.Жасрай, Ш.Гунгаадорж зэрэгтэр үеийн удирдагчид, бас тэдний мундаг залгамж халаа болж өргөмжлөгдсөн Д.Бямбасүрэн, П.Очирбат, Зардыханаар 1990 оны 2-р сарын 18-ны өдөр хуралдсан МоАХ-ны Анхдугаар их хурлаар орон даяар дэлхий дахинаа цуурайтуулсан байсныг огт ойлгоогүй алмайрч үлдэцгээсэн аж.
Монголчууд бид оросуудаас үлэмжийн их авлагатай гэдгийг Зөвлөлтийн тэр үеийн дээд удирдлага сонсмогцоо ёстой л аймшигт шоконд орсныг бид мэднэ.

Оросуудаас бид үлэмжийн авлагатай гэсэн лут томъёолол нь Ардчилсан хувьсгалын онол бодлого ямар өндөр төвшинд боловсрогдсоныг Зөвлөлтийн дээд удирдлага, ялангуяа Зөвлөлтийн КГБ олж мэдэв.

Бид Зөвлөлт улсаас их авлага авах асуудлыг Ардчилсан хувьсгалаар том бодлогын төвшинд өргөмжилж тавьчихаад байхад манай лут лут албан тушаалын донтнууд, Зөвлөлтийн болон Оросын КГБ-ын уяаны хавнууд дээрх улс төрийн том бодлогыг том том албан тушаалын төлөөх өчүүхэн дажингуудаар таягдаж, хожим нь их авлагыг биш, харин их өрийг их Оросын колониалистуудын том бодлогын төвшинд өргөмжилж тавиулах улс төрийн аюулт гэмт үйлдлийг хийсэн билээ.

Манайхны лут лут даргуудын улс төрийн итгэл үнэмшилгүй дүр төрх, макро эдийн засгийн бодлогын чухал чухал нууцуудыг олж мэдээгүйн хар гайгаас болж их авлага нь их өр болж өөрчлөгдсөн шүү.

Зөвлөлтийн дээд удирдлага Хаант Орос улсын засгийн газрын хэрэгжүүлдэг айхавтар колониалист бодлогын нууцыг тун чамбай эзэмшиж түүнийгээ социалист Монгол улсын амьдрал дээр бараг 70 жил туршин хэрэглэж явсаар байгаад нэг сайхан гоё цэлмэг өдөр баригдаж илчлэгдсэн юм.

Энэ өдөр бол Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хурал чуулсан өдөр байв. Бид 1978 оны хүртэл ЗХУ-ыг манай социалист их байгуулалтын өмөг түшиг хэмээн үзэж явсан болохоос биш Зөвлөлт гүрнийг том далд колониочлогч гүрэн гэж хэзээ ч дүгнэж цэгнэж яваагүй.

Гэлээ ч ЗХУ-аас Монгол улсын хувьд баримталдаг том бодлого нь бүхэлдээ социалист бодлого мөн байсан гэж хэлэхэд үлэмжийн эргэлзээ төрүүлдэг асуудлууд байнга гардаг байсныг хэлэх нь зүйтэй байх. Үүнтэй холбогдуулж бид хоёр баримтыг дурьдая.

Миний бие Монгол улсын улс ардын аж ахуй, соёлыг 1961-1980 онд хөгжүүлэх алс хэтийн төлөвлөгөөний асуудлаар 1964 оны эхэнд   Москвад мэргэжилтнүүдийнхээ хамт очиж нэг сар ЗХУ-ын Улсын төлөвлөгийн хорооны гол гол мэргэжилтнүүдтэй ажилласан билээ.

Ажил дуусаж намайг Москвад үлдээгээд бусад маань нутаг буцсан. Би зарим нэгдсэн үзүүлэлтүүдийн тооцоог гүйцээж хийхээр болов.

Зөвлөлтийн том мэргэжилтэн Доровских, бас эрдэм шинжилгээний хоёр ажилтан надтай хамт дөрвүүлээ бараг долоо хоног хамтарч ажилласан. Эрдэм шинжилгээний хоёр ажилтны нэгийг нь Тандит, нөгөөг нь Коновалов гэж дууддаг.

Нэг өдөр бид дөрөв дээр бас нэг эрдэм шинжилгээний ажилтан нэмэгдэж ирсэн. Тэр бидэнтэй нэг л өдөр ажиллаад явсан. Түүний нэрийг би санахгүй байна. Гэхдээ тэр нь хөдөө аж ахуйн мэргэжилтэй залуу байсан.

Нэгэн тооцоон дээр тэр залууг Доровских гуай дуудаж “Чи энэ тоог заавал энэ дансан дээр бичнэ шүү” гэж нэлээн зандрангуй байдлаар хэлснийг нь би, бас Тандит, Коновалов хоёр сонссон билээ. Энэ хоёрын маань нүүр нь улайж нэлээн эвгүйрхсэн байдлаар над руу харахад би юу ч мэдээгүй юм шиг л өнгөрөөсөн дөө.

Бидэнтэй нэг л хоног ажилласан тэр залуу гайхаж, “Энэ тоог буруу дансан дээр бичиж оруулаад байгаа юм биш үү, би нэг л ойлгохгүй байна” гэж учирлаж хэлсэн юм. Хэрэв миний бие үндэсний орлогын далд хуваарилалтын загварыг мэдээгүй байсан бол, бас Монгол, Зөвлөлтийн гадаад худалдааны баланс болон төлбөрийн балансын нуугдмал шүтэлцлүүдийг анзаардаггүй байсан бол тэр залуугийн гайхшралыг буруу дансанд чухал тоог тавих гэсний цаад учрыг мэдэхгүй өнгөрөөх байсан байх.

Саяын энэ үйл явдал надад айхавтар болгоомжлолыг төрүүлсэн билээ. Ийм болгоомжлолыг улс төрийн бодлогын төвшинд буулгаж тунгаавал жилийн болон таван жилийн төлөвлөгөө зохиохдоо, ялангуяа 15, 20 жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа чухал чухал тоо цифрүүдийн цаана, гайхалтай тоон үзүүлэлтүүдийн уялдааны цаана лут лут бодлогууд далдлагдаж байдгийг заавал мэдэх ёстой гэсэн дүгнэлтийг би өөртөө хийсэн билээ.

Тэгээд зогсохгүй ийм дүгнэлтийг язгуур эрх ашгийн үүднээс оношилж тогтоох, уул эрх ашгийг эвсэг найрамдалт хоёр социалист орны хамтын ажиллагааны зэрэглэлээр биш, харин том гүрэн, буурай улс хоёрын харилцааны төвшинд, бүр гүнзгийрүүлж хэлбэл их үндэстэн, бага үндэстэн хоёрын харьцааны зиндаанд буулгаж тодорхойлох шаардлага маш чухал болсныг би ухаарч мэдсэн гэлтэй.

Нэгдсэн төлөвлөлтийн арга зүйг зөвхөн нийгэм, эдийн засгийн бодлоготой төдийгүй бас улс төрийн лут бодлоготой шүтэлцүүлэх явдал гоц ач холбогдолтой байдгийг хэлэх хэрэгтэй.

Саяын миний дурьддаг санамсаргүй тохиолдол цаад утгаараа юуг илчилж харуулсан бэ гэвэл том гүрэн өөрийнхөө агуу язгуур эрх ашгийг бага буурай орны хөгжлийн төлөвлөгөөнд тулгаж тусгуулдаг гэсэн эвгүй чиглэмж яаж хэрэгждэгийг миний бие анх удаа нүүр учирч бие сэтгэлээрээ ойлгосон гэлтэй.

Дээрх тохиолдлыг бүр тодруулбал, улс төр, эдийн засгийн хэллэгэнд буулгавал өнөө үеийн төрийн түшмэдүүд сургамж болж юуны магад. Монголын мал аж ахуй бол Монголын эдийн засгийг хамгийн өндөр үр ашигтай аж ахуйн тогтолцоо болгож хувиргасан байжээ.

Энэ бол олон мянган жилээр үргэлжилсэн нүүдлийн хэмээх мал аж ахуй байв. Манай мал аж ахуйн асар их нэмүү бүтээгдэхүүнийг монжиж авдаг тэр лут далд арга Ардын хувьсгалын дараахан төгсгөлөөр төлөвшиж Зөвлөлт төрийн эдийн засгийн бодлогод тусгалаа олж явдгийг миний бие 1964 онд анх удаагаа олж мэдсэн юм шүү.

Монголын эдийн засаг үр ашиг нэн өндөртэй хоёр мундаг салбар дээр тулж явсан. Нэг нь саяын бидний дурьдсан мал аж ахуй, нөгөөх нь Монголын агнуурын аж ахуй байв. Монголчууд бид зуу мянгаар нь, саяар нь тарваганы арьс, хэрэмний арьс, өөр бусад үнэт ангийн арьсуудыг хойш нь гаргаж багахан валютын орлогыг авдаг байсан даа.

Том гүрэн айхавтар том далд бодлого явуулдгийг миний бие хэтийн төлөвлөгөө зохиолтын явцад олж мэдсэн нь хожим ЗХУ ямаршуу гүрэн байсны нууцыг тогтооход тус нэмэр болсон гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх.

Эдийн засгийн бодлогыг жилийн болон хэтийн төлөвлөгөөний шүтэлцээт үзүүлэлтүүдийн тооцооллоос олж харах явдал аливаа улс оронтой гэрээ хэлэлцээр хийхэд амин чухал ач холбогдолтойг манай цөөнгүй даргууд, сайн сайн мэргэжилтнүүд мэддэг байлаа.

1960-аад онд Монгол, Зөвлөлтийн гадаад худалдаа яагаад Монгол улсын хувьд ийм их алдагдалтай байдаг юм бэ гэсэн асуудал тэр үед нэлээд хурцадмал байдлаар тавигдаж байсан.

Монгол, Зөвлөлтийн гадаад худалдааны балансыг нийгмийн бүтээгдэхүүний болон үндэсний орлогын баланстай уялдуулах, улсын санхүүгийн нэгдсэн баланстай шүтэлцүүлэх явцад гадаад худалдаа ер нь ямар зарчим дээр тулгуурласныг, гадаад худалдааны онц их ямар нөхцөлд хохирдгийг миний бие олж тогтоосон билээ. Зөвлөлтийн засгийн газар Монгол, Зөвлөлтийн гадаад худалдаанд хэзээ ч социалист бодлого явуулж байгаагүй гэдэг нь 1965-1966 онд миний хувьд бүрэн тодорхой болсон.

Монгол зөвлөлтийн гадаад худалдаанд Монголын экспортын барааг бүх төрөл дээр нь ах нар маань доогуур үнээр авч Зөвлөлтийн импортын бараа дээгүүр үнээр үнэлэгдэж байсан нууц тоон харьцамжийг миний бие олж харсан.

Монголын экспорт бүхэлдээ ашигтай байсныг ашиггүй болгож, лут алдагдалд оруулдгийг, бас алдагдалтай худалдааны экспортыг 1.5 дахин өсгөж, Зөвлөлтийн импортын чухал бараануудыг байнгын зээлээр худалдаж авах тийм хатуу болзол үйлчилж байсныг Монгол, Зөвлөлтийн гадаад худалдааны балансын нууцлаг тооцоонуудаас олж харсан юм. Ийм ч учраас төлөвлөгөө зохиолт, ялангуяа улс ардын аж ахуйн том төлөвлөгөө зохиолт бидний хувьд улс төрийн том хариуцлагатай холбогдож эхэлсэн.

Гадаад худалдааны лут бодлогын цаана далдлагддаг эвгүй харьцамжууд улам даамжирсаар 1981 онд эдийн засгийн далд хямрал руу манай улсыг чирж оруулсан ажээ.

Ийнхүү бид, хоёр баримтыг, тухайлбал мал аж ахуйн асар их ашгийг далдуур монждогийг, бас гадаад худалдааг зориуд алдагдалтай болгодгийг цохож хэлэх гэсэн юм.

Хэрэв миний бие улс ардын аж ахуйн төлөвлөлтийн мэргэжлийг, түүнийг улс төр эдийн засгийн ухааны төвшинд эдийн засгийн, нийгмийн, улс төрийн бодлоготой уялдуулдаг арга зүйг эзэмшиж чадаагүй байсан бол саяын дурьддаг хоёр баримтыг ч, мөн нэгдсэн төлөвлөлтөнд, бодлогын төвшинд давтагддаг гоц хандлагуудыг, тэдгээрийн цаана өрнөх үйл явцуудын ээдрээт сүлжээг олж харж чадахгүй үлдэх байсан байх.

Миний бие Улс ардын аж ахуйн эдийн засаг, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт гэсэн чиглэлээр мэргэшээд зогсоогүй мөн ийм чиглэлээр дэд эрдмийн зэргийг, докгорын зэргийг хамгаалсан билээ.

1971 оноос Улсын төлөвлөгөөний комиссын нэгдсэн төлөвлөгөөний хэлтсийн даргаар ажилласан цаг мөчөөс эхлэн нэгдсэн төлөвлөлтийг стратегийн төлөвлөлт рүү оруулахын тулд нийгэм эдийн засгийн болон соёлын бодлогыг улс төрийн бодлогоор зангидаж, улмаар дотоод бодлогыг амилуулах дотоод бодлогоос гадаад бодлого руу язгуур эрх ашгийг хандуулж баталгаажуулах шаардлагатай тулгарлаа.

Ийм шаардлага нь 1:3 гэсэн харьцамжтай шууд тулгарсныг би одоо л дэлгэж хэлэх учиртай юмсанж. Түүх ийм л сонголтыг миний өмнө тавьсан юм байлгүй. Энэ нь цаад утгаараа их авлагыг таягдаж, түүний оронд их өрийг амилуулсан хорлонт үйлдэл дээрх асуудлыг илчлэхэд хүргэснийг хэлэх нь зүйд нийцнэ.

1:3 гэсэн харьцамж нь хоёр чиглэлээр Монгол улсын өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлд амилж хэрэгжсэн. Эхний чиглэл нь Эрдэнэтийн цогцолборыг байгуулахдаа холбогддог бол нөгөө чиглэл нь социализмын материал техникийн баазыг байгуулж дуусгах үйл явцтай шүтэлцэж гарч ирсэн юм.

Уг харьцамж нь ЗХУ-ын улсын төлөвлөгөөний хорооны Нэгдсэн төлөвлөгөөний хэлтсийн шугамаар яригдаж эхэлснийг манай төлөвлөгөөний дээд удирдлага тэр бүр анзаараагүй явсан. Энэхүү хоёр чиглэмжийн харьцамжийн цаана нууц нь 1978 оны зун илчлэгдсэн ажээ.

Миний бие 1974 онд докторын зэрэг горилох бүтээлийнхээ судалгаанд зангидаж дуусгаад 1975 оноос Эрдэнэт хотын нутаг дэвсгэрийн цогцолбор төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг ахалж, Эрдэнэт хот руу арав хоногийн томилолтоор очиж ажилласан.

Эрдэнэтийн цогцолбортой холбогдож 1:3 гэсэн харьцамж зугуухан ойлгогдож эхэллээ. Энэ нь далд колониализмын сүлжээ рүү орох гарцыг надад олгосон гэдгийг би хэлэх гээд байгаа юм. 1:3 гэсэн харьцамж нь 25:75 гэсэн харьцаа болж хувирна.

Өнөөгийн хэллэгээр бол Оюутолгойн орд дээр 25:75 биш, харин 34:66 гэсэн харьцамж амилж эхэлсэн. Эдгээр харьцамжуудын эцсийн цэг нь 5:95 руу зүглэнэ гэдэг нь тогтоогдчихоод байна. Миний бие 1978 оны зун Эрдэнэтийн цощолборын 1:3 гэсэн харьцамж яаж 25:75 гэсэн харьцамжаас 5:95 гэсэн нүгэлт харьцамж руу шилжсэнийг таван жилийн төлөвлөгөөний тодотголоор, үнийн зөрүүний балансаар, эдийн засгийн цогцолбор балансжилтын нэгдсэн хүснэгтээр тогтоолоо.

Ийм харьцамж нь ямар ч л байсан далд колониализмын, эдийн засгийн том нууцлалыг агуулж байдгийг бид олж мэдэв. Хожим Оюутолгойн ордын асуудал яригдахад 5 долларын үнэтэй футболкийг 20 дахин нугалж 100 доллараар панзалж болдог гэсэн Фрийдландын үнэнхүү гэнэн сэтгэхүйг олж мэдмэгц Канадын энэ товарищ Оюутолгойн ордын бүх валютын нөөцийн таван хувийг л монголчуудад өгөх бөгөөд үлдсэн 95 хувийг нь өөрсөддөө завшиж, монжино гэдгийг тогтоосон гэлтэй.

Далд колониализм нь ч бай, шинэ маягийн колониализм нь ч бай, эдгээрийн аль алинд нь үйлчилдэг зүй тогтол нэг л гарцтай. Ийм гарц нь цаг үргэлж агуу шунахайрлаар хөтлөгдөж явдгийг монголчууд бид мэдэх ёстой юм. Оюутолгойн ордын техник эдийн засгийн үндэслэлийн анхны хувилбараар Фрийдланд неоколониалист мөлжлөгийн ноормыг 31 дахин байхаар тооцоолов.

Бид неоколониалист мөлжлөгийн ноормыг ийм төвшинд өргөмжлөгдөх болсныг “Хөх толбо” сониноор хоёр жилийн өмнө зон олондоо сонордуулсан билээ.

Фрийдланд өөрөө, манай түшмэдүүд неоколониалист мөлжлөгийн ноормыг 31 дахин болгосныг огт зүүдлээгүй явсан шүү. Үүнээс гадна Оюутолгойн ордын жилийн валютын орлого Монголын үндэсний орлогыг арав дахин нэмэгдүүлж чаддаг тийм гайхамшигтай стратегийн орд байсныг бид ард түмэндээ дуулгасан юм.

Тэгвэл Эрдэнэтийн их орд Монгол улсын үндэсний орлогыг тав дахин нэмэгдүүлэх учиртай байв. Энэ нь жилд 16 сая тонн алт мөнгө зэсийн хүдрийг олбор-лосноор хэрэгжих хувилбар байсан. 1:3 гэдэг нь сүүлдээ 1:19 болж энэ том хоёр стратегийн ордын валютын орлогын дөнгөж таван хувь нь монголчууд бидэнд үлдэж, 95 хувь нь гадны колоничлогчдын гарт орох хувь тавилантай болжээ.

Үүнээс үндэслэж бид 1990 оноос Ардчилсан хувьсгалаар далд колоничлолын эсрэг тэмцэх лут тэмцлийг өрнүүлэх чиг шугамыг баримталсаар 21 дэх жилийн нүүрийг үзэх гэж байна.

Энэ дашрамд “Хөх толбо” сонины өнгөрсөн оны №36-д М.Энхсайханы өгсөн ярилцлага нийтлэгдсэн бөгөөд тэрбээр Канадын уул уурхайн нэгэн бизнесментэй уулзаж “Фрийдландтай хийсэн гэрээгээр бол танай улс үнэн хэрэгтээ 5.4 хувийг л эзэмших юм билээ…” Тэр бизнесмений хэлснээр бол “Манай засгийн газар Фрийдландад молигодуулсан” гэсэн айхавтар үгийг сонссондоо М.Энхсайхан асар их цочирдсон ажээ.

Стратегийн ордын хувь заяа том гүрний хувьд яаж ашигтайгаар эргэж, буурай орны хувьд яаж нүүрээ буруулдгийг бид 33 жилийн тэртээд илрүүлсэн бол манай том улс төрч М.Энхсайхан улс төрийнхөө итгэл үнэмшлийг үндэсний үзэл рүү хандуулж, багагүй оноо авсан бол одоо неоколониализмын далд булхайг олж харсны ачаар том оноо, тэгэхдээ бүр улс төрийн агуу том оноо авах гэрэлт гольдрол руу алхаж эхэлснийг зон олондоо дуулгахад таатай байна.

Одоо бид 1:3 гэсэн харьцамжийн хоёр дахь чиглэлийг тодруулъя. Энэ харьцамж нь эдийн засгийн өсөлтийн загварыг хэтийн төлвөөр бас богино хугацааны чиглэмжээр зохиохдоо холбогдож гарч ирсэн юм. Энд хоёр чухал үзүүлэлтийг харьцуулсан харьцаа байнга хөндөгддөг. Нэг нь үндэсний орлого, нөгөөх нь үндсэн хөрөнгө.

Өнөөгийн ойлголтоор бол дотоодын нийт бүтээгдэхүүн, үндсэн капитал хоёрын динамикыг хорин жилээр, арван жилээр эсвэл таван жилээр тодорхойлох асуудал болж хувирсан. 1970 онд 1:3 гэсэн харьцамж Улс ардын аж ахуйн төлөвлөгөөнд Зөвлөлтийн гол мэргэжилтэн А.Б.Доровских анх улсын төлөвлөгөөний комиссын ажлын хэсгийн хурал дээр танилцуулсан юм. 1:3 гэсэн харьцамж нь мөн чанартаа нийгэм эдийн засгийн өсөлтийн макро загварын хувь заяаг шийддэг тийм лут харьцамжийн хэмжээнд өргөмжлөгдсөн байв.

Хэрвээ таван жилд үндэсний орлого арван хувиар өсвөл үндсэн хөрөнгө 30 хувиар өснө. Үндэсний орлого 20 хувиар өсвөл үндсэн хөрөнгө 60 хувиар өснө. Эдгээр тооны харьцааны цаана 1:3 гэсэн харьцамж хадгалагдаж байгааг хэнбугай ч олж харна байх.

Үүнтэй холбогдож тавигдах гол асуудал нь юу вэ гэвэл яагаад үндэсний орлого нэг хувиар өсөхөд үндсэн хөрөнгө заавал 3 хувиар өсөх ёстой юм бэ?

Яагаад үндсэн хөрөнгө хоёр хувиар өсч болохгүй вэ, яагаад үндсэн хөрөнгө нэг хувиар өсч болдоггүй юм бэ гэсэн асуулт гардаг.

Үүний гол хариулт нь юу байсан бэ гэвэл материал техникийн баазыг аль ч улс орон түүхэндээ анхалж сүндэрлүүлэх үед үлэмж хэмжээний анхдагч хуримтлал шаардагддаг. 1:3 гэсэн харьцамж бол анхдагч хуримтлалын эхний хорин жилийг л хамарна.

Цаашдаа энэ харьцамж 1:3 биш, 1:2 болж хувирна гэсэн ийм ерөнхий хариулт өгч байсан бөгөөд анхдагч хуримтлал гэдэг нь социализмын материал техникийн бааз байгуулах шаардлагаас социалист үйлдвэржилтийг амилуулах айхавтар хэрэгцээнээс үүдэлтэй гэсэн том тайлбар тэгэхэд сонсогдсон юм.

Бид 1:3 гэсэн харьцамжийг цаана нь гурван асуудалтай шүтэлцүүлж авч үздэг болсон. Эхнийх нь хөрөнгө оруулалт, жижиглэн худалдаалах бараа гүйлгээний харьцамж, хоёр дах асуудал нь үндсэн хөрөнгө, үндэсний орлогоос түрүүлж өсөх нь, хөрөнгө оруулалтанд гадны зээлийн хувь хэмжээг үлэмж өндөр төвшинд хүргэнэ гэсэн асуудал байсан бөгөөд энэ нь их зээлээр социализм байгуулж, улмаар их өрөнд унах том асуудалтай уялдах учиртай юм.

Гуравдах чиглэлийн асуудал нь 1:3 гэсэн харьцамж нийгмийн хуурамч өртөгтэй холбоотой байвал Монголын өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл хөгжилгүй эдийн засгийн өсөлт, лут хямралд өртсөн эдийн засгийн өсөлт, далд уналт сүйтгэлд өртдөг эдийн засгийн хуурамч өсөлт хэмээсэн эвгүй хандлага руу орох бэлтгэлүүд хийгдэнэ гэсэн утгатай болдог юм.

Ийнхүү бид 1:3 гэсэн харьцамжийг дээрх гурван чиглэлээр тандсан явдал хожим 1981 онд эдийн засгийн хямрал өрнөснийг тогтооход онол улс төрийн чухал ач холбогдолтой зээл болсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Эцэст нь хэлэхэд том гүрэн бага буурай улсыг заавал эрхшээлдээ оруулж, тухайн орны бүх юмыг захиран эзэгнэх гэж шунадгийг бид олж харсан. Буурай орныг нийгмийн хуурамч өртгөөр далимдуулж, социализмын материал техникийн бааз байгуулна гэдгээр бамбайлж зориуд их өрөнд унагадаг тийм бодлого монголчуудын бидний амьдралд тохиолдсон гэдгийг хэлэх ёстой.

Эрдэнэтиин цогцопбор гэдэт гайхамшигтай стратегийн орд ашиглалтад орчихоод байхад 16 сая тонн алт мөнгө зэсийн хүдрийг жил бүр олборлоход 6 тэрбум долларын валютын орлогыг өгч чаддаг тийм орд ажиллаад байхад бас сүүлийн арваад жилд жил бүр 25 сая тонн алт мөнгө зэсийн хүдэр олборлож, жилд 10 тэрбум долларын валютын орлого өгдөг тийм хэмжээнд Эрдэнэтийн цогцолбор ажиллаад байхад Монгол улсыг 11 тэрбум долларын их өртэй гэж худлаа панаалдаж, манай гайхамшигтай лийдрүүдийг молигодсоор байгаад жаахан валютынх нь орлогыг Оросын колоничлогчид монжсоор л байгаа шүү.

Их өрийг монголчууд төлөх ёсгүй. Монголчууд бидний нийгмийн хуурамч өртгөөр, өнөөгийн ойлголтоор бол инфляциар панаалдаж, социалист эдийн засаг хуурамч нэр томъёогоор молигодож, Монголын асар үнэ цэнэтэй баялгийг зөөж дуусгах аймшигт хувилбар 1970 оны эцсээс төгс амилж эхэлсэн билээ.

Бид тухайн тохиолдолд Цэнхэр мандалын ордыг яриагүй байна. Оросууд манай лийдрүүдийг их өрийг цайруулна гэсэн хуурамч нэр томъёогоор залилсаар байгаад 250 сая долларыг халаасалсан. Саяын манай засгийн газрын төлөөлөгчдийн айлчлалаар Монросцветметийн өр гэж дэмий балай юм ярьсаар байгаад 3.7 сая доллар Путин, Кудрин хоёр халаасалчихлаа. Оросын том луйварчид Монголын лут лут лийдрүүдийг яаж мэхлэхээ сайн мэддэг болжээ.

Ингэлээ гээд марксизм, ленинизмын нууцыг их Ленинээс өөр олж чадсан хүн сүүлийн 80 жилд төрсөнгүй.

Хулгайн урлагт, их луйварт сурахад амархан. Үүнд тулгуурлаж, монжооч бодлого, луйврын бодлогыг Засгийн газрын төвшинд хэрэгжүүлж болдгийг Путин, Кудрин хоёр дахиад л харуулчихлаа.

Гэтэл Оросын энэ хоёр том удирдагч Орос гүрний хэвлийн гүнд айхавтар задрал зугуухан өрнөсөөр 20 жилийнхээ нүүрийг үзэж байгааг өнөөдрийг хүртэл мэдээгүй явна. Энэ аймшигт задрал нь Орос гүрнийг олон үндэстэн ястнуудын аймшигт шорон гяндан болгож хувиргасны лай ланчиг далд задрал сүйрлээр амилдгийг огт ойлгохгүй явсаар байна. Оросын ажилчин анги Их Оросын шовинист колоничлогчдыг хэзээ ч уучлахгүй гэдгийг бид анхааруулж хэлье гэж бодлоо.

Доктор П. Нэргүй


Эх сурвалж: “Хөх толбо”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих