СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд гэртээ шатаж амиа алдлаа
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж бага насны хоёр хүүхэд энджээ.
Гал түймрийн дуудлага 2020.03.18-ны өдрийн 14:28 цагт Онцгой байдлын албан ирснээс тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 14:32 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт М /4 настай, эмэгтэй/, С/1 нас 9 сартай, эмэгтэй/ нарын хүүхдүүд өртөж нас баржээ.
Иймд:
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
-Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,
-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
URL: