Эрхэм гишүүдийн сонгуулийн сунгаа
УИХ-ын шинээр батлагдсан хуулиар сонгуулийн тойргийн тоог хэвээр үлдээсэн мандатын тоог багасгасан нь нэр дэвшихээр зэхэж байгаа зарим хүмүүсийн “зүрхэнд нь шар ус хуруулсан”.
Өөрөөр хэлбэл, шинэ Сонгуулийн хууль сонгуулийн өмнөх болоод сонгуулийн үеэр гэсэн хоёр үе шаттайгаар нэр дэвшигчдийг өрсөлдүүлээд амжжээ. Яг одоо бол нэр дэвшихийг горилогчид сонгуулийн өмнө намынхантай өрсөлдөж, нэр дэвших эрхээ олж авах гэж томоохон тоглолтуудыг ил далд өрнүүлж байгаа.
Тухайлбал, Орхон аймгаас нэр дэвшихийг горилж байгаа хүмүүс нэг нэгнийгээ золигт гаргах бол юу ч биш хэмжээнд хүрсэн тухай сүүлийн үед чих дэлсэх боллоо. Одоогоос сар гаруйн өмнө Засаг ноёныхоо тахимыг нь өгүүлж чадсан нь ирж буй сонгуультай шууд холбоотой аж.
Учир нь Орхон аймаг хоёр мандаттай байхаар хуульчлагдсан. Гэсэн ч нэр дэвшихээр зэхсэн хүмүүс нь уртаас урт дараалал үүсгэхээр байгаа аж. Мэдээжийн хэрэг монголын саалийн үнээ гэгддэг томоохон үйлдвэрээр тоглолт хийх сонирхол нэр дэвшихээр зэхэж байгаа нөхдүүдийн хорхойг нь хүргэж байгаа биз. МАН-аас Орхон аймагт нэр дэвших хоёр хүний нэг нь одоогийн парламентад тус аймгийн ард иргэдийг төлөөлөн суугаа Д.Дамба-Очир гишүүн.
Орхончуудын төлөө хийсэн бүтээсэн гэхээсээ илүү намдаа томоохон хандив өгсөн гэдэг утгаараа Д.Дамба-Очирын нэр хаашаа ч хөдлөхгүйгээр бэхлэгдсэн тухай ярьдаг. Харин үлдсэн нэг мандат нь яах аргагүй хуучин Засаг дарга болох Д.Оюунбат байж. Тэгэхээр тус аймгаас нэр дэвшихээр горилж байсан хүмүүсийн хувьд Д.Оюунбат “top” өрсөлдөгч гэсэн үг. Тиймээс Орхон аймагт нэр дэвших нь баттай гэгдэж байсан Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг нэр дэвших эрхээ олж авахын тулд ийнхүү өөрийн тоглолтоо эхлүүлсэн юм байх.
Түүний энэхүү тоглолтын найруулгыг Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн ч оролцсон юм байх. Харин аймгийн намын НАМЗХ-ны тэргүүлэгч залуусын тоглолт хуучин Засаг дарга Д.Оюунбатыг суудлаас нь буулгах хэмжээний шоглолтоор дуусгасан байна. Нэг ёсондоо бат араанд нь хийсэн тухай орхончууд хэлнэ лээ.
Хамгийн гол нь ИХТ-ны гарын үсгийг цуглуулахад, ГОК-ийн эрх мэдэлтнүүдийн хуйвалдаан нэмэр болох нь зайлшгүй гэдгийг олж харсан эдгээр залуус Д.Оюунбатаар “ туг тахих”, огцруулах ИТХ-ын 12 хүнийг ятгах ажиллагааг хийж эхэлжээ. Хоёр өрөө байр, машин амлаж бүр жул нэгэнд нь албан тушаал ч амласны эцэст Д.Оюунбатыг огцруулах есөн үндэслэл гээчийг боловсруулсан сураг дуулдсан.
Тэдний энэхүү тоглоомонд аймгийн хот тохижилтын газрын дарга Бүүвэйбаатар хэмээх эрхэм голлон тоглосон болохыг ч учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Ямартай ч тэд санасандаа хүрч хүчтэй өрсөлдөгчөө замаасаа холдуулж чаджээ. Гэхдээ тэдний энэхүү тоглоомонд Д.Оюунбатын хийсэн хууль бус ажиллагаа ч нэмэр болж. Тэрбээр үнэхээр есөн үндэслэл тавиулах хэмжээнд ажиллаж байсан нь ийнхүү ивээс болж өгсөн байж ч магад.
Ийнхүү УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоо багассан нь МАН дотор ийнхүү хооронд нь “үзэлцүүлэх” хэмжээнд хүргэсэн гэнэ.
Харин тун удахгүй Д.Оюунбатын суудалд суух хүнийг өнөөдөр батална. Одоогоор Аймгийн гаалийн газрын дарга Д.Вентов болон БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын ах Ё.Баярсайхан нарын нэр “уралдаж” байгаа тухай яригдаж байна.
С.Жигүүр
URL: