“Анод банкийг дампууруулсан тэрбумтнууд” цуврал-2
Монголын уул уурхайн салбарын акулуудын нэг “Гацуурт”-ын Л.Чинбат удаалж буй тухай дор сийрүүлье.
Хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг олон тэрбумаар нь “залгисан” баячуудын өрийг төлүүлэхээр цагдаа, прокурорынхон гар хөдөлж ”Тас петролеум”-ын Л.Пүрэвсүрэн, ”Монроуд”-ын Б.Гарамгайбаатар зэрэг олон хүнийг хариуцагчаар татсан байна.
Тэдний тэргүүн эгнээнд жагссан “Мон-Уран”компанийн захирал Б.Наранхүүг “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ижилсүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт сайтуудын онцлох нүүрийг чимсэн юм.
Прокурорын даалгавраар Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татжээ. Бидэнд ирсэн мэдээллээр Л.Чинбатыг банкны зээлээс гадна санхүүгийн луйвар хийхэд хамтран оролцсон гэж хардаж буй бололтой.
Учир нь арилжааны томоохон банкнуудын нэг Анодыг үүсгэн байгуулах гэрээнд одоогоос 14 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр Д.Энхтөр, “Эрчим хүч-байгаль орчин” ХХК-ийн ерөнхий захирал С.Жаргалсайхан, “Анома” ХХК-ийн ерөнхий захирал Т.Батсүх, “Амонда” ХХК-ийн ерөнхий захирал Н.Даваа, “Гүн төгөл“ ХХК-ийн ерөнхий захирал Э.Гүр-Аранз, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир одоогийн УИХ-ын гишүүн/ нар гарын үсэг зуржээ.
Ингэж үйл ажиллагаа нь эхэлсэн Анод банкинд “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат 2003 онд нэг тэрбум, иргэн Д.Наранбаатар 200 сая төгрөгийн хувь эзэмшихээр тус банкны дүрмийн санд оруулж, гэрээ байгуулжээ.
Түүнчлэн “Түшиг” ХХК таван тэрбум, иргэн Д.Батмөнх 500 сая төгрөгийн хувь эзэмшихээр болсон байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулсан байна.
Гэвч хувь нийлүүлэгчид бүх хувьцаагаа Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт бэлэглэж, хариуд нь их хэмжээний зээл авч байсан гэх баримт бий. Тэгэхдээ томоохон компанийн эзэд Д.Энхтөр нартай үгсэн хуйвалдаж тус банкийг санхүүгийн асуудал гарах үед нь их хэмжээний хувьцаа худалдан авдаг эсвэл хувь нийлүүлэгч хэмээн зарлаж мөнгө оруулахад тусалдаг байсан гэнэ. Дараа нь санхүүгийн асуудал намжихад их хэмжээний зээл авах зэргээр хуйвалдаан зохион байгуулсан тухай зарим учир мэдэх хүн гэрчилдэг.
Тэдэнтэй зэрэгцэн хөшигний ард санхүүгийн луйвар хийхэд гар бие оролцсон хүмүүсийн нэгт Л.Чинбатыг мөрдөгчид зүй ёсоор тооцжээ. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын албаны даргын хэвлэлд өгсөн мэдээллээр монголдоо хамгийн олон буюу 57 лицензийг эзэмшдэг эл эрхэм үе үе хувь нийлүүлэгчийн дүрд хувирч ирсэн нь хуулийнхны овоо хараанд өртөхөд хүргэсэн байна.
Тэрбээр Анод банкнаас 7 компанийнхаа нэрээр 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан ч өдийг хүртэл төлөхгүй гүрийж яваа нь ч эрүүгийн хэрэгт татагдах бас нэгэн шалтгаан болсон гэдгийг эх сурвалж хэлж байна. Тиймээс Л.Чинбат, Б.Наранхүү, Д.Энхтөр нар олон мянган хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баруун солгойгүй цацахад их хэмжээний зээл аваад ч зогсохгүй дампуурахад нь санхүүгийн хуйвалдаан зохион байгуулж байсан гэдгээр ч давхар буруутгагдаж буй бололтой. Анод банкийг дампуурахад хувь нэмэр оруулсан “Гацуурт”-ын Л.Чинбатын өр зээлийг доорхи хүснэгтээс харна уу.
Гацуурт ХХК | Л.Чинбат | MNT | 1,400,000,000.00 | 1,400,000,000.00 | ||
Баяндулаан-Уул ХХК | Л.Чинбат | MNT | 300,000,000.00 | 300,000,000.00 | Гацуурт ХХК болон түүний охин компаниуд зээл авч гэрээ байгуулсан ч Э.Гүр-Аранз ашигласан гэж зээлээс санаатайгаар зайлсхийж байгаа | |
Торгон үр ХХК | Л.Чинбат | MNT | 200,000,000.00 | 200,000,000.00 | ||
Сэлэнгийн тариалан | Л.Чинбат | MNT | 400,000,000.00 | 400,000,000.00 | ||
Сэлэнгэ алтан говь | Л.Чинбат | MNT | 500,000,000.00 | 470,000,000.00 | ||
Сэлэнгэ хүнс ХХК | Л.Чинбат | MNT | 300,000,000.00 | 299,886,322.01 | ||
Гацуурт ХХК | Л.Чинбат | MNT | 700,000,000.00 | 698,312,927.74 |
Үргэлжлэл бий
Н.Бүжин
шуудмн
URL: