Далдалж орхисон хэргийн нууц буюу Б.Дангаасүрэн агсны үхэл

10143

АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Дангаасүрэн Австралийн Сидней хотод амь насаа алдаж байв. Энэ хэрэг 2007 оны 10 дугаар сарын 25-нд гарч байжээ. Хэдий арван оныг үдсэн ч хэрэг хуучирдаггүй гэдэг. Тиймээс учир битүүлгээр хорвоогоос “явсан” АТГ-ын анхны даргын үхлийн нууцтай холбогдох мэдээллийг нийтэлж байна. Б.Дангаасүрэн агсны үхлийн шалтгаан тун сэжигтэй. Үүнийг нь ар гэрийнхэн, бас учир мэдэх хүмүүс ухаж ярьдаг. Тухайлбал, түүний төрсөн дүү болох Б. Дансал ахынхаа учир битүүлэг үхлийн шалтгааныг олж мэдэхийн тулд хөлөө хүрэх газраар явсан гэдэг.  Тэрээр ахынхаа үхлийг улс төрийн шалтгаантай гэж үздэг бөгөөд олон асуудал дээр эргэлзэж явдаг байна.

“Эргэлзээ 1” буюу задлангийн хариу

Б.Дангаасүрэн агсны биед хийсэн задлангийн шинжилгээний хариуд эргэлзэх шалтгаан их бий. Гадаад, Монгол эмч нарын задлан шинжилгээний хариу тэнгэр газар шиг зөрдөг, хууль хяналтын байгууллага нь бие биерүүгээ бичиг цаас чулууддаг зэрэг нь ар гэрийнхэнд нь хар төрүүлдэг. Энэ талаар түүний төрсөн дүү Б.Дансал

“Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярт би миний ах Б.Дангаасүрэнг нас барсны дараа “Австралийн Сидней хотын Висентийн эмнэлэгт цогцост нь задлан шинжилгээ хийхдээ хоёр нүдийг нь ухаж авч хоцорсон, хавирга нь хугарсан шалтгааныг олон улсын харилцааны шугамаар тодруулж өгөх хүсэлт хүргүүлсэн юм. Харин Ерөнхийлөгч тухайн үеийн улсын ерөнхий прокурор М.Алтанхуягт хандан дотоодын болон Олон улсын хууль тогтоомжийн дагуу уг асуудлыг судлан шийдвэрлэх хүсэлт хүргүүлсэн байдаг. Гэтэл прокурорын газраас гаргасан мэдэгдэх хуудаст “Цогцосны нүдийг хаана хэн ямар зорилготой хэзээ авсан болох нь нотлогдож тогтоогдоогүй гэсэн хариу ирүүлсэн. Өөрөөр хэлбэл ахын хоёр нүдийг Австралийн Сидней хотод авсан эсэх нь мэдэгдэхгүй байна гэсэн байгаа юм. Ахыг нас барсан тэр орой юу болсныг хэн ч таашгүй. Ахын нүдний алимыг ухархайнаас буюу тархинаас салгаж авсан байсан. Энэ бол эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын л хийсэн ажил байх, тэрнээс биш жирийн хүн салгах боломжгүй гэж би бодож байгаа. Яагаад гэвэл ахын нүүр нүд биед ямар нэг сорви үүсээгүй байсан. Австралийн талын дүгнэлтэд тархинд нь 100 хувийн зүсэлт хийсэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл гавлын ясыг 80,90 хувь нээсэн. Тархийг нь гаргасан гэсэн үг. Тархи гаргана гэдэг нүдийг нь авсан байж таарч байгаа юм.

Австралиас ирсэн задлан шижилгээний хариу , манайханы хийсэн задлан шижилгээний хариу хоёр эрс тэс байгаа юм. Австралид бол ахын цогцост задлан шинжилгээ хийхдээ бөөр, тархи,  зүрх, элбэг, дэлүү гээд бүгдээс дээж авсан байдаг. Тэр бүү хэл бөөрнөөс төчнөөн граммыг, зүрх, элэгнээс ийм граммыг авлаа гэж нарийн бичээд шинжилгээ хийсэн байдаг бөгөөд ахын цогцос дотор гялгар уутанд хийгээд оёж явуулсан байдаг. 2007 оны 11 сарын 28 нд задлан шинжилгээ хийсэн байгаа юм.  Энэ шинжилгээгээр элэг, зүрх, бөөр, уушиг гээд бүх эрхтэн нь хэвийн гэж гарсан байдаг.   Гэтэл манай эмч нарын хийсэн задлан шинжилгээний хариугаар бол ах маань бараг л амьд яваад байсан нь гайхал төрүүлж байгаа юм. Цусан хангамжийн дутагдал, сүрьеэ, архаг үрэвсэл, энэ тэрээр нас барсан байх боломжтой гэсэн байгаа болохоос нас барсан гээгүй. Шууд хэлэхэд Австралийн талын дүгнэлтээр уургын дутагдлаар нас барсан гэж гарсан. Харин Монголын  шинжээчдийн дүгнэлт зүрхний цусан хангамжийн дутагдлаас болж нас барсан байж болзошгүй гэж гарч байгаа юм. Ийм байж болох уу? Тэгээд ч цогцос ирэхээс өмнө манай эмч нар дүгнэлтээ гаргачихсан байсан.

Би 2007 оны 11 сарын 03-ны өдөр ахынхаа цогцосыг эх орондоо авч ирсэн. Гэтэл задлан шинжилгээний хариу 2007 оны 11 сарын 01-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл ахын цогцос ирэхээс өмнө манай эмч нар задлан шинжилгээний хариу гаргачихсан байдаг юм. Та энэ бичиг баримтуудыг хар л даа. Ийм юм байж болох уу?” хэмээн ярьсан удаатай.

“Эргэлзээ 2″ буюу хамт явагсдын худал мэдүүлэг

Б.Дангаасүрэн агсныг Сиднейгийн зочид буудалд нас барсан гэж анх ярьсан байдаг. Харин ар гэрийнхэн нь газар дээр нь яваад  очиход зочид буудал огт байгаагүй. Айлд  нас барсан байдаг аж. Тухайн үед Б.Дангаасүрэнтэй хамт явсан хүмүүс энэ хэрэгт их сэжигтэй санагддаг тухай талийгаачийн төрсөн дүү ярьсан байдаг. Тэрбээр энэ талаар “Алтангэрэл, Доржпалам, Гунгаа, Энхтуяа нар худлаа ярьсан. Тухайн үед Гунгаа, Энхтуяа нар АТГ-ын дэд дарга Сундуйсүрэн рүү утсаар ярихдаа манай ахыг зочид буудалд нас барсан гэж  хэлсэн байдаг. Гэтэл энэ бүхэн нь худлаа байсан.

Яг үнэндээ Австралийн Сиднейд хоёр Монгол айл байдаг. Түвшинжаргалынх бас нэг эмэгтэйгийнх. Энэ хоёр айлд АТГ-ын зургаан хүн очоод гурав гурваараа хоёр айлд салж байрласан байдаг. Алтангэрэл, Доржпалам нар тухайн айлын хүмүүст заавар зөвлөгөө өгсөн нь илт байдаг. Тэд дарга зочид буудалд нэг хоночихоод маргааш нь манайд ирж хоносон гэж ярьсан. Тэндээ хоол хийж идсэн байгаа юм. Тэгээд оройтоод хоносон боловч тэр шөнөдөө нас барсан гэдэг. Тэгэхээр нь би ахын буусан зочид буудал руу явмаар байна, хүргээд өг гэж Алтангэрэлд хэлсэн.  Гэтэл Алтангэрэл “Уучлаарай Дансал гуай , бид зочид буудалд байрлаагүй” гэсэн юм. Тэгээд  “Та онгоцны буудал дээр буухдаа хүн аймаар стресстэй буусан, тэгээд айгаад хэлээгүй” гэж хэлсэн. Би “Та нарын ярьсан хэлсэн худлаа юм байна” гэж хэлэхэд дуугараагүй. Тэр орой нь  би Түвшинжаргалын эхнэр Эрдэнэцэцэгтэй уулзахаар гэрт нь очсон. Тэгээд “Юу болоод байгааг би ойлгохгүй байна, Алтангэрэл болоод ахтай явсан хүмүүс та нарт заавар зөвлөгөө өгсөн, юу гэсэн, та  нар яагаад худлаа ярьсан, ах буудалд буугаагүй, танайд ирээд хоёр дахь хоног дээрээ нас барсан байна”  гэж хэлсэн. Яагаад ингэж худлаа хэлж байгаа юм гэхэд тэр эмэгтэй уйлаад юу ч хэлээгүй. Гунгаа, Алтангэрэл, Доржпалам нар тохиролцоод бүхнийг нуусан” хэмээн ярьсан байдаг нь энэ хэргийн ээдрээг улам нэмэгдүүлдэг юм.

“Эргэлзээ 3″ буюу Б.Дангаасүрэн агсны өчил

Ардын багш, Хөдөлмөрийн баатар Чимэд агсанд Б.Дангаасүрэн агсан ийн ярьж байжээ. Чимэд агсан 2007 оны 6 сард Б.Дангаасүрэнтэй уулзсан байдаг аж.   Ажил төрлөөр явж байгаад Төрийн ордонд уулзаад ярилцсан энэ яриа их сэжигтэй.

Чимэд гуай “Ажил төрөл ямар байна” гэж асуухад Б.Дангаасүрэн “Их хүнд ажил юм, ер нь АТГ-ын дарга гэдэг чинь жирийн хүн хийдэг ажил биш байна, Улсынхаа дээд шүүхэд очиж ажилламаар байна” гэж хэлсэн байдаг. Эндээс харахад Б.Дангаасүрэн агсан АТГ-д ажиллаж байхдаа асар их дарамттай байсан нь илт.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих