О.Саруул: Хэдэн мянган үзэгчдийн дунд төрийн далбаагаа намируулна гэдэг үнэхээр сайхан мөч юм билээ

104

Самбо бөхийн Залуучуудын ангиллын 2019 оны Дэлхийн аварга, ҮБТДС-ийн  III курсийн оюутан О.Саруултай ярилцлаа.

-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Отгонбаярын Саруул гэдэг. 2000 онд Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Айлын ууган охин.
-Өнгөрсөн онд Самбо бөхийн Залуучуудын ангиллын 2019 оны Дэлхийн аварга гэх эрхэм алдрын эзэн болсон. Энэхүү тэмцээнийхээ талаар яриагаа эхлүүлье?
- Самбо бөхийн Залуучуудын ангиллын 2019 оны ДАШТ өнгөрсөн оны аравдугаар сарын 11-13-нд хооронд Үзбекстан улсын нийслэл Ташкент хотноо болсон.  Манай улсаас өсвөр, залуучууд нийлээд 28 тамирчин тэмцээнд оролцсон.  Үүнээс хоёр алт, гурав мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирсэн дээ. Миний хувьд Самбо бөхийн -68 кг жинд барилдаж, ОХУ, Киргиз, Украйны тамирчдыг  ялснаар  Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга болсон.
-Дэлхийн аварга болж, Төрийн дууллаа эгшиглуулэх тэр агшинд төрсөн сэтгэгдэлээ хуваалцана уу?
-Сайхан байсан. Өөрийн эрхгүй баярын нулимс асгарч “Саруулаа чи чадчихлаа, ирээдүйн зорилго руугаа нэг алхам ойртож чадлаа” гээд өөртөө хэлсэн. Дэлхийн дэвжээн дээр эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, хэдэн мянган үзэгчдийн дунд төрийн далбаагаа намируулна гэдэг үнэхээр сайхан мөч юм билээ.
- Амжилтад хүрэхэд, дасгалжуулагчийн ур чадвар чухал. Таны  дасгалжуулагч  ямар хүн байдаг вэ?
- Тэгэлгүй яах вэ. Энэ тэмцээнд МУГД Г.Энхбаяр, Ж.Баярсайхан гэсэн дасгалжуулагчтай бэлтгэлээ хийсэн. Үнэтэй зөвөлгөөнүүдийг өгч, сэтгэл санаагаар дэмжиж байдаг багш нартаа баярлалаа.
- Тэмцээний бэлтгэлээ хэр хугацаанд хийсэн вэ?
- Намраас хойш тэмцээнд оролцох хүртэл бэлтгэлээ хийсэн. Ажлын таван өдрүүдэд бүтэн, хагассайн өдөр хагас хийгээд, бүтэнсайн өдөр бүтэн амардаг. Жин хасна гэдэг хэцүү. Байнга хөдөлж хөлсөө гаргахгүй л бол өдөрт таван килограмм хасах боломжгүй. Зөвхөн хар шөл, халуун хар цай л уух ёстой болохоор ядрах, стрессдэх нь их байдаг. Жин хасаж байгаа үед хэн нэгэн юм асуухаар тэрийг нь ойлгохгүй “Аа тэгсэн үү, ингэсэн үү” гээд л нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргах тохиолдол олон. Заримдаа “Ёо ёо хүн жингээ хасаж байхад юугаа асуугаад ядаргаа болоод байгаа юм бэ?” гэж уурлах тохиолдол ч бас гарч байсан.
- Олон улсын тэмцээнд оролцоход төсөв санхүүг нь хаанаас гаргадаг юм бэ?
- Зардлыг өөрөөсөө гаргадаг. Тэгэхээр ээж, ааваасаа гуйх болдог. “Боломжтой бол энэ тэмцээнд оролцох мөнгө өгөөч, бүр болохгүй бол зээл аваад өгчихөөч” гээд л. Сүүлийн тэмцээний зардлыг маань Ховд аймгийн ЗДТГ-ынхан гаргаж өгсөн.
- Хэзээнээс эхэлж самбо, жудо бөхөөр хичээллэх болсон бэ?
-2014 оноос Ховд аймгийн БТСГ-ын жудо бөхийн дасгалжуулагч С.Ганхуяг багшийн улирддлагаа дор хичээллэж эхэлсэн.
- Мэдээж тамирчин хүн болгон их бага гэлтгүйгээр бэртэл, гэмтэл авдаг байх.  Магадгүй бэртэл авсан байх үед хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?
- Байлгүй л яахав. Хамаг бие хөх няц болох, хуруугаа тулахаас эхлээд зөндөө бэртэнэ. Гэхдээ яваандаа энэ бүхэн юу ч биш болоод ирдэг юм билээ. Хамгийн хүнд бэртэл гэвэл 2018 оны Жудогийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бие халаалт хийж байгаад өөрөө ч мэдэлгүй өвдгөндөө бэртэл авч байсан. Үүнээсээ болоод өнгөрсөн зун нэг ч бэлтгэл хийгээгүй. Бусад өрсөлдөгч, тамирчид бэлтгэл хийж байхад би зүгээр сууж байсан. Энэ үед л хамгийн хэцүү байсан даа.
 - Дурсамж үлдээсэн тэмцээнээсээ эргэн дурсахгүй юу?
 - 2017 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн. Энэхүү тэмцээн гуравдугаар сарын 20-нд  миний төрсөн өдрөөр болж таарсан юм.  Өглөө нь ээжрүүгээ залгаж “Намайг төрүүлж өсгөсөнд баярлалаа, охин нь тандаа хязгааргүй их хайртай шүү” гэж хэлсэн. Удалгүй тэмцээн эхлэхэд яагаад ч юм би их тайван байлаа. Бараг унтаагаараа. Барилдаж бууж ирээл унтаал тэмцээн эхэлснээс төгсгөл хүртэл ийм байдал үргэлжилсэн санагдана. Ингээд тус тэмцээнээс анх удаа залуучуудын аварга , шилдэг тамирчин болж байсан. Энэ тэмцээн надад хамгийн нандин дурсамжийг үлдээж чадсан юм.
- Эсэргээрээ энэ алдааг дахиж л давтахгүй юм шүү гэсэн бодолд автаж, харамсаж байсан тэмцээн бий юу?
- Нэг удаа байнга ялдаг байсан нэг өрсөлдөгчтэйгөө дэвжээн дээр дахин таарсан юм. Тэр үед дотроо “Аа үхсэн энэ юугаа чаддын бэ, би энийг байнга ялдаг, одоо ч гэсэн ялна” хэмээн бардаж байгаад ялагдсан юм. Тэр мөчид “би яг юу хийчих вэ, яах гэж өрсөлдөгчөө басав даа” гэсэн бодол толгойд эргэлдэж билээ. Үнэхээр харамсалтай байсан. Мэдээж тэр хүн намайг ялахын тулд урт хугацааны бэлтгэл хийж, миний чаддаггүй мэхийг сурсан нь ойлгомжтой. Энэ бүхний төгсгөлд дахин хэнийг ч басаж болохгүй юм байна гэдгийг ойлгосон.
-Энэхүү спортоор хичээллээд аль хэдийнээ таван жил болсон байна. Саруулийн хувьд ямар өөрчлөлт гарав?
 -Асар их өөрчлөлт гарсан гэж боддог. Таван жилийн өмнөх Саруул зөвхөн барилдах хүсэлтэй, түүнийхээ төлөө зоригтой алхам хийж чаддаггүй байсан. Урсгалаараа л явдаг байсан байх. Харин одоо бол тэс өөр. Мөрөөдлийнхөө төлөө алхам алхамаар урагшилж, илүү тэсвэр тэвчээртэй болсон гэж бодож байна.
- Өнгөрсөн хугацаанд няцах, шантрах үе гарч байсан уу?
 -2014 онд анх удаа улсын аваргад барилдаад эхний наймд ороод боолгуулж ухаан алдаж үзсэн. Үүнээс хойш “за барилдаад ч яахав дээ. Угаасаа бэлтгэл нь хүнд. Гар, хөл байнгын хөх няц, суниан мэх давтан гээд хэцүү байна” гээд л шантарч байж билээ. Харин одоо бол үгүй. Цаашид улам чармайх болно.
- Үлгэр дууриалал авдаг тамирчин бий юу?
 -Байгаа. Хилчин спорт хорооны тамирчин Д.Сумъяа эгч. Бид хэд хамт бэлтгэл хийдэг. “Эгчийн дүү ингэдэг шүү, тэгдэг шүү” гэж байнга зааж зөвлөж байдаг. Би Хилчин спорт хороонд 2018 оны нэгдүгээр сарын 17-нд бүртгүүлсэн. Удахгүй үндсэн тамирчин нь болох гээд хичээж явна. Аливаа шалгуур бий. Тиймээс шалгуурыг нь давах гээд тэмцээн уралдаанд байнга оролцож байна.
-Өөрийн тань дотоод мөн чанарын илэрхийлэл юу вэ?
 -Зөв хүн байхыг хичээдэг. Аль болох олон хүнд тусалж, өөрт байгаа зүйлийг хармын сэтгэлгүйгээр өгч чадах хүн болохыг эрмэлзэж байдаг. Эхлээд өөрийгөө, дараа нь өрөөлийг ял гэдэг үгийг хэлэх дуртай.
- Амжилтуудаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?
 - 2014 онд Ховд аймагт зохиогдсон “Дэвжээ” тэмцээнээс хүрэл медаль, 2015 онд Баруун бүсийн “Самбо бөхийн АШТ”-57 кг-ын жинд алтан медаль, “Жудо бөхийн улсын аварга”-Хүрэл медаль, 2016 онд “Азийн хүүхдийн их наадам”-Алтан медал, 2017 онд Жудо бөхийн “Өсвөрийн, Азийн АШТ”-63 кг-ын жинд V байр, “Самбо бөхийн залуучуудын улсын АШТ”-60 кг-ын жинд Алтан медаль авсан. Мөн 2018онд “Самбо бөхийн Азийн АШТ”-65 кг-ын жинд Алтан медаль, “Өсвөр, залуучуудын ДАШТ”-65 кг-ын жинд Мөнгөн медаль авч байсан. Энэ онд “Самбо бөхийн өсвөр, залуучуудын ДАШТ”-68 кг Залуучуудын дэлхийн аварга зэрэг амжилт гаргасан.
Б.СУВДАА

 


URL:

Сэтгэгдэл бичих