Венесуэл: Он гарснаас хойш бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсчээ

1_bВенесуэлд энэ оны эхний хоёр сарын хугацаанд инфляцийн түвшин 100 хувиар нэмэгджээ. Энэ талаар тус улсын Үндэсний ассамблейн санхүүгийн хороо мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сард инфляцийн хэмжээ 22.4 хувь болсон бол он гарснаас хойш нийтдээ 102.4 хувь болж, бараа бүтээгдэхүүний үнэ 3276 хувиар өссөн байна.

Энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 13-нд Венесуэлийн Үндэсний ассамблейн санхүүгийн хороо мэдэгдэл хийхдээ 2019 оны дүнгээр инфляци 7374.4 хувь болсон гэж мэдэгдэж байв.

Эргэн сануулахад, Венесуэл тус улсын эсрэг тавигдсан санхүү болон эдийн засгийн хориг арга хэмжээний дүнд гүнзгийрсэн эдийн засгийн хямралыг олон жилийн туршид туулж байгаа юм. Өнгөрсөн 2019 онд эдийн засгийн хямрал дээр улс төрийн хямрал нэмэгдэн, тус улсын нөхцөл байдал хүндэрч, зайлшгүй шаардлагатай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, эрчим хүч, ундны усны хомсдолд орсны дээр үндэсний валют нь “цаас болон хувирч”, 2018 онд инфляци 130 000 %-д хүрч байв.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих