О.Боргилд 5 жил 3 сарын ял оноолоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргилыг холбогдуулан шалгасан. Энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдэж О.Боргилд таван жил гурван сарын хугацаагаар хоригдох ял оноолоо.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.03.11-ны өдөр хэлэлцлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт О.Боргилыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч О.Боргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн юм.
URL: