Намууд 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө онлайнаар баталж эхэлжээ
УИХ-ын ээлжит сонгууль гурван сарын дараа буюу гуравдугаар сарын 24-ны өдөр болно.Түүнээс өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, намууд нэр дэвшигчээ тодруулж бүртгүүлснээр албан ёсны сурталчилгаа эхлэх учиртай.
Хуулийн дагуу улс төрийн нам, гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даагчид дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад хандах учиртай. Аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай.
Түүнээс өмнө намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, намын дээд шатны хуралдаанаараа баталгаажуулах ёстой юм. Гэвч шинэ коронавирусийн анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэмтэй энэ өдрүүдэд олон хүнийг нэг дор цуглуулахгүй учраас намуудын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрхэн баталгаажуулах вэ гэх асуудал үүсч байгаа гэнэ. Тиймээс намууд мөрийн хөтөлбөрөө баталгаажуулах хурлаа онлайнаар хийж эхлээд байна.
Улс төрийн намуудаас Ардчилсан нам анх удаа 400 гаруй ҮБХ-ны гишүүдийг хамруулсан цахим хуралдааныг зохион байгуулаад байна. Ингэхдээ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд тухайн байгаа газраасаа техологийн дэвшилд суурилсан тусгай апп ашиглан цахим хуралдаандаа оролцов. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний аяныг цахим хэлбэрээр зохион байгуулж, 21 аймаг; нийслэлийн есөн дүүргийн иргэдийн саналыг хүлээн авч ажилласан юм. Үүний зэрэгцээ намын дэргэдэх байгууллагууд мөрийн хөтөлбөрт тусгах саналаа нэгтгэн боловсруулж; мөрийн хөтөлбөрийн ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд байна.
Харин МАН-ын хувьд мөрийн хөтөлбөрийн эцсийн хувилбарыг Намын дүрмийнхээ 20.3.2.-т зааснаар Бага хурал нь хэлэлцэж баталдаг. Тэгэхээр гуравдугаар сарын 25-наас өмнө Бага хурал хуулийн дагуу хуралдаж таарна. Зарим эх сурвалжийн мэдээллээр, МАН-ын Удирдах зөвлөлийн өмнөх хуралдаанаар мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсч, гуравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд аймаг, дүүрэг, сумдын Бага хурлын гишүүдтэй онлайн хурал хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ.
Time.mn
URL: