Энэ үнэн үү, Дагва аа

Өнгөрөгч долоо хоногт Японы сумогийн их аварга Д.Дагвадорж таагүй явдлаас болж дуулиан тарилаа.Угийн цөс ихт аваргыг хүн зоджээ гэвэл үнэмшихгүй эргэлзэх хүн тийм ч олон биш. Тэр тэгнэ ээ, гэхдээ… гэж өмөөрөх хүн ч бас олон. Өнгөрөгч лхагва гарагийн дугаартаа нэгэн өдөр тутмын сонинд түүнийг хүнд мэс хүргэж, Хан-Уулын цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа талаар мэдээлсэн байсан. Манай сонин ч Д.Дагвадоржтой өөртэй нь холбогдож утсаар лавлахад “Тийм бэлгэ дэмбэрэлгүй юм яримааргүй байна, зодуулсан хүнээс өөрөөс нь асуу” гээд нэг их тоогоогүй. Бас үгүй ч гэж хэлээгүй. Зодуулсан гэх хүн нь улсын арслан Х.Мөнхбаатар гэсэн. Монгол эр хүмүүс нударга зөрүүлээ л биз, сүртэй гэдэг нь гэх хүн ч олон байсан. Мөнгөтэй, жудагтай эр хүний зангаар их аварга улсын арслангаас уучлалт гуйж, хохирлыг нь төлж барагдуулахаар болж, хоороңдоо тохиролцсоноор хэргийг нь хааж байгаа гэж дээрх сонинд бичсэн байсан. Өөр нэгэн сонины сэтгүүлч өөрөөс нь бас асууж л дээ. Тэр Сингапурт явна, очоод учрыг хужрыг нь тунгааж, худал мэдээлэл цацсан хүмүүсээс ңь магадлая гэсэн байсан. Харин түүний энэ залруулгад мэдээллийг анх цацсан сонины сэтгүүлч нь “сюрприз” барьж хохирогчийг нь хүртэл зарлав. Сонин хэвлэлийнхнээс төдийлөн нуугдаад, өөрийгөө нууцлаад байдаггүй их аварга Д.Дагвадоржийг гүтгэсэн гэх сэтгүүлч нь олны өмнө “шараа болгож” орхив. Бөхчүүдтэй муудалцаж, чи бидээ тулан зодолдох үед тэднийг салгах гэж байсан улсын арслан Х.Мөнхбаатарын толгойн тус газарт нь мэс хүргэсэн бөгөөд санамсаргүй юм болсон хэмээн цагдаагийнханд тайлбарласныг илчилжээ. Бүр хохирогчийн эхнэр нь цагдаад гомдол гаргасан, цагдаагийнхан ч энэ талаар мэдээлэл өгөхгүй байгааг бас дурьдсан байв.

Үнэн ч бай, худал ч бай, их аваргын ааг омог сумод ид гялалзаж явсан үеийнхийгээ бодвол бага зэрэг дарагдсан болов уу гэмээр харагддаг. Өнгөрөгч зун нутгийнхаа 80 жилийн ойд инээд алдан, морио айрагдуулж, их хөөр хөгжөөнтэй явсан. Тэр үед бас л агсам тавьсан сураг дуулдсан. Нийслэлийн томоохон дэлгүүрийг түйвээсэн, Хөвсгөлийн наадам дээр тавьтаргүйтсэн, УИХ-ын гишүүний хүүг зодсон, Өвөрхангай аймгийнхаа төвд нээгдсэн музейн нээлт дээр хөлчүүрхсэн гээд түүний талаар таагүй мэдээллүүдийг манайхан өлгөн авч, дөвийлгөх нь их. Эр алдаж, эрэг нурдаг гэж үг бий. Монгол эрчүүд ийм л аагтай, омогтой байдаг даа. Гэлээ гээд тэр буруугаа хүлээж, уучлал гуйж, өөрийгөө дардагт нь ард түмэн хайртай байдаг юм билээ. Ямар ч байсан тэр дэлхийн телевизийн номер нэг суваг CNN-д ярилцлага өгч, Владимир Путинтай уулзаж, холливудын ододтой нөхөрлөж, Монгол Улсынхаа нэр хүндийг сумод байснаасаа ч илүүгээр гаргаж чадсан л юм даа. Зодог тайлснаасаа хойш бөхчүүдийнх нь хувцас солих өрөө рүү Японы эзэн хаан ч орж зүрхэлдэггүй байхад манай аварга л тийш орж бөхчүүдтэй нь гар бариад явж байсан омог бардам монгол. Япончуудын үндэсний бөхөд 68 дахь их аварга хэмээн хүндлүүлж, сумод нь 25 түрүүг нь авч чадсан монгол эрийн шийр. Ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж чаддаггүй, тавьтаргүй, сагсуу гэж түүнийг муулах хүн төдийлөн олон байдаггүй юм билээ. Энэ нь түүнийг хүндэлж байгаагийн илрэл биш гэж үү. Ингэж өмөөрснөөрөө түүнийг хүн зодсон, хутгалсныг нь өмөөрч    хамгаалах гээгүйг минь ойлгох биз ээ. Дагваа аварга хаана ч явсан, хэнийг ч дорд үзэж, хүнийг ялгаж харилцдаггүй юм билээ. Түүний зүрхэнд Монголоо гэсэн сэтгэл, монголчуудаа гэсэн хайр үргэлж хадаастай явдаг нь анзаарагддаг. Циркийг “будаа болгосон”, Архангайд алтны ордтой болох нь, улс төрд орж сонгуульд нэр дэвших нь гэх мэтийн “хар”-уудыг нь үл тоон түүнийг өмөөрмөөр санагдсаныг минь уншигчид уучлах буй заа.

С.ХЭРЛЭН


URL:

Сэтгэгдэл бичих