”21”-ийн гай
Манай улсын өнөөгийн байдлыг товчхондоо “Халамжийн улс” гэж тодорхойлдог болоод удаж байна.
Үүний жишээ нь, манай улсад 62 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, халамж байдаг гэж байгаа. Уг нь үүнийг 10-20 төрөл болгох зорилт тавьж байсан удаатай ч харамсалтай нь эсрэгээрээ болсон. Байдал энэ янзаар үргэлжилбэл 70, 80 төрлийн халамжтай ч болж магадгүй. Үүний нэг нэрмээс нь cap бүр олгож байгаа 21 мянган төгрөг.
2008 оны сонгуулиар хоёр том нам бие биенээ давах гэж 1-1.5 сая төгрөг ард иргэддээ тарааж өгөхөөр амласан. Одоо түүнийхээ ядаж гуравны нэгийг нь өгөх гэж cap бүр 21 мянган төгрөг тарааж байгаа. Энэ мөнгийг тараалаа гээд хүмүүсийн амьдрал дээшилж, гийгүүлсэн юм алга. Харин ч алхам тутамдаа гай тарьж байна.
21 мянган төгрөг буусан өдрүүдэд архидалт нэмэгдэж, янз бүрийн гэмт хэрэг гарч байгааг энд дурьдаад яах вэ. Харин 21 мянган төгрөг захын хорооллын иргэдэд гай тарьж, үгийг нь хэлүүлж эхлээд байна. Учир нь 21 мянган төгрөг буух үеэр захын хорооллын дэлгүүрүүд барааныхаа үнийг тодорхой хэмжээгээр нэмдэг гэнэ. Бүр 1000 хүртэлх төгрөгөөр нэмж байгаа ч сураг дуулдсан.
Бараг талх 1000 төгрөгөөр зарагдах шахдаг бололтой юм. Энэ байдал 21 мянган төгрөг өгч эхэлсний дунд үеэс газар авсан сурагтай. Иргэд дэлгүүрийн худалдагчид гомдоллохоос өөр газарт хэлж чаддаггүй. Хэнд ч хандах юм билээ дээ, хөөрхий.
Манайд зах зээлийн хууль гэж ямар ч хуулиас илүү хэрэгждэг “хадны мангаа” байхад. Хэрэглэгчийн төлөө газар ч бил үү, шударга бус өрсөлдөөнийг хянах ч бил үү нэг газар байдаг даа. Тэнд ажилладаг нөхдүүд хоосон нэрнээс цаашгүй. Хаана очиж, ямар шударга бус нөхдүүдтэй тэмцээд байгаа нь мэдэгддэггүй. Зүгээр л нэр зүүсэн “гарууд” цалин аваад, иргэдийн татварын мөнгөнөөс цалин нэрээр “хумслаад” сууж байгаа юм чинь.
Тэр зуур засаг захиргаа гэж мэдэхээ больсон дэлгүүрийн боссууд дуртай цагтаа үнээ нэмж, сайн ааш нь хөдлөхөөр хэдэн төгрөг хасаад сууж байдаг. ТҮЦ-тэй байсан нь дэлгүүртэй, дэлгүүртэй нь хаустай болох шахаж байна. Гэтэл иргэд нь 21-ын гайгаар улам ядуурсаар л. Хөөрхийс минь, 21 мянган төгрөгийг хэр их мөнгө гэж бодохоороо хамаг юмныхаа үнийг нэмсэн дэлгүүрээс талх, махаа худалдаж авдаг юм бол доо.
Хоноцын бодлоготой төр засгийн гайгаас болж иргэд нь хүртэл дагавар хүүхэд шиг дарлуулах юм даа. Хэрвээ 21 мянган төгрөг өгөөгүй байсан бол, 50,70 мянган төгрөг гэж тараагаагүй бол бид 300 төгрөгөөр автобусанд суугаад, 500 төгрөгөөр талхаа худалдаж аваад сууж байх ч байсан юм бил үү, хэн мэдлээ.
Төр нь иргэдээ сайхан амьдрах боломжоор хангаж чадахгүй юм бол, элдэв мөнгө тараааж гай болохоо болимоор юм. Тэгээд иргэдийн төлөө ажилладаг хууль хяналтын болон шударга бусын эсрэг хатуурхдаг байгууллага байгаа бол 21 мянган төгрөг буух цагаар захын хорооллын дэлгүүрүүдэд нэг “айлчлаад” үзнэ биз. Гэхдээ нүдээ сайн боогоорой. Учир нь нүд чинь бүлтрэх аюултай.
Н.Пунцаг
URL: