Германы “Чингис хаан” хамтлагийн дуу 40 жилийн дараа сүрлэг клиптэйгээр эргэн ирсэн нь…
Дөчин жилийн өмнө социалист нийгмийн үед Монголчууд өөрсдөө ч Чингис хааныг судалж, түүний тухай ярьж болдоггүй байсан цаг үед баруун Европд “Чингис хаан” нэртэй хамтлаг байгуулагдан, дэлхийг байлдан дагуулсан уран бүтээл туурвижээ. Тэр бол Германы Dschinghis Khan хамлагийн “Чингис хаан” дуу юм.
Тухайн үеийнхээ алдартай хамтлагуудаас ялгарах шинэ хэмнэлийн эрэлд гарсан тэдэнд өргөн уудам тал нутагтаа эрх чөлөөг эрхэмлэн амьдардаг нүүдэлчдийн хэмнэл ихээхэн таалагджээ.
Тиймээс “Чингис хаан” хэмээх хамтлаг байгуулж, хамтлагийнхаа нэрээр гаргасан эхний уран бүтээлээрээ алдарт ЕuroVision уралдаанд оролцон дөрөвдүгээр байр эзэлсэн байна.
Тухайн үедээ Герман хамтлаг Монголын хааны нэрээр байгуулагдаж, тэмцээнд орсон нь Германчуудын гайхшрал хийгээд уур бухимдлыг зэрэг төрүүлжээ. Гэсэн ч дэлхийн 20 гаруй орны хөгжмийн чартыг тэргүүлж, дэлхий даяар касет нь 15 сая хувь борлогдсон гэдэг.
Монголын сонсогчид ч хүүхэд, залуу насандаа шимтэн сонсдог байсан Чингис хаан дуугаа мартаагүй биз ээ. Тухайн үедээ ихэвчлэн хэлийг нь ойлгохгүй ч дууны хэмнэлд автан, хөгжмийн “хэлээр” ойлголцож, огшиж байсан гэдэг. Тэгвэл уг дууны үгийг МУ-ын төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар аудио номондоо утгачилж орчуулсан байдаг аж.
Мянган морьтон хээрийн салхитай
Уралдан давхинам хү ха хү ха
Манлайд нь цойлох Чингис хааныг
Бүгд л даганам хү ха хү ха
Элс шороон дундуур морьдынх нь төвөргөөн тачигнаж
Энэ дэлхийн улс бүхэнд айдас түгшүүр төрүүлсэн
Эрэлхэг тэднийг зогсоох хүч
Аянга цахилгаан, аадар бороонд ч үгүй гэнэм
Чин Чин Чингис хаан… гэх утгатай аж.
Тэгвэл Чингис хаан хамтлаг 40 жилийн ойгоо тохиолдуулан Монголд ирж, Hero entertainment-тэй хамтран Монгол ахуйг харуулсан сүрлэг дүрсжүүлэлттэйгээр дуугаа дахин төрүүлжээ. Тус дууны клипийг үзсэн олон хүмүүс зураг авалт, сүрлэг дүрслэлүүдийг нь бахдан, Hero entertainment болон Б.Баатар найруулагчийг шагшин магтаад байна.
Клипний зураг авалтын үеийн ярилцлагад дурьдсанаар уг дууг “Өөрсдийн хэн гэдгээ мартах шахсан монголчуудад хэн гэдгийг нь сануулсан хонхны дуу байсан юм” хэмээн онцолжээ. Тэгвэл тэд Монголчуудын хэн гэдгийг дахин сануулахаар эргэн ирсэн байна.
Ийнхүү 40 жилийн өмнө Монголчууд өөрсдөө ч эмээгээд ярьж чаддаггүй “хаалттай” сэдэв байсан Чингис хааны тухай дуулж, дэлхий нийтэд эерэг, эрэмгий байдлаар нь таниулсан Чингис хаан хамтлагийн ахлагч Волфганг Хайхэлийг МУ-ын Ерөнхийлөгч саяхан “Найрамдал” медалиар шагнажээ.
URL: