Хоншооргүй шонхор

Сонгуулийн өмнө шоу хийдэг сурсан зангаараа ардчилсан намынхан одоо ид бужигнаж, нам дотроо нам байгуулан тоглоцгоож ёстой нэг хөл толгой нь мэдэгдэхгүй хөөрцөглөж байна.Ирэх сонгуульднэр дэвших, цаашид горилох эрх мэдэл, албан тушаалын төлөө тус намынхан дотроо ёстой л “алалцаж” эхэллээ.

АН-д шонхор хэмээх хүчит шувууны нэртэй шинэхэн фракц мэндэллээ. Тэд өөрсдийгөө зөвхөн шонхорууд л тулаанд нисдэг юм, шонхор бол хамгийн үнэнч амьтан гэсэн тодотголуудаар нилээд магтлаа. Ардчилсан намынхныг хэр ханилгаатай вэ гэдгийг хаягдсан МАН-ын найзууд нь сайн мэдэж байгаа. Хамтарч байгуулсан засгийн газрынх нь амласан амлалтууд бүтэхгүй, биелэхгүй болонгуут ёстой л С.Батболдын хэлсэнээр ханилж яваад нөхрөө гэдэг шиг хаяад одсон доо. Хэрвээ тэд үнэхээр Монголын төлөө байсан бол олигархижсан намаасаа салж, Монголын ард түмний төлөө улс төрийн эрүүл, цэвэр хүчнүүдтэй нийлэн шударга ёсны төлөө, хөгжил дэвшлийн төлөө тэмцэх л байсан. Харин тэд фракц байгуулан албан тушаалын шантааж хийж байгаа нь дэндүү арчаагүй арга юм. Монголын ард түмний амьдрал өдрөөс доройтож байхад сонгуульд бэлдсэн ард түмний нүдийг хуурсан хоосон улс төр хийхээ зогсоох хэрэгтэй. Үнэхээр эх орныхоо төлөө юм бол АН-д байгаад байх хэрэг Шонхруудад алга, АН-ыг олигархуудаар дүүрсэн, үнэт зүйлгүй, үзэл баримтлалгүй гэдгийг нь мэдэж л байгаа. АН болохгүй байгаа бол шинэ нам байгуулаад ч явсан болно шүү дээ. Даанч манай Шонхоруудад тийм эх оронч сэтгэл, зориг байхгүйлдээ.

Монголын төлөө байсан бол Монголын гамшиг болсон авилгачидтай тэмцэж, ард түмнээ ядуурал, ажилгүйдлээс аврах л байсан. Эх орныхоо төлөө байсан бол НҮБ-ээс тунхагласан байгалийн баялаг халдашгүй дархан, зөвхөн тухайн ард түмний өмч байна гэсэн заалтыг хэрэгжүүлэх л байсан. Даанч тэд оюутолгойн алдаатай гэрээг баталсан хүмүүс шүү дээ. Оюуны согоггүй байсан бол улс орондоо мэдлэгийн эдийн  засгийг, мэдлэгийн нийгмийг хөгжүүлэх л байсан харин тэд чадаагүй. Хүн төрөлхтөн мэдлэгт суурилсан хөгжлийн тухай ярьж байхад тэд уул уурхай гэдгээс өөр зүйлийг ярихгүй, мэдэхгүй байна. Мэдлэг боловсролгүй, чадваргүй хүмүүс хий хоосон дуулиан хийж, өнгөрсөн алдаагаа нуун дардаг. Өмнө нь З.Энхболдод боломж байж л байсан, Монголын ард түмэн ч түүнд хангалттай итгэсэн. Хамаг булхай, луйвар нь илрээд ирхээр хуучин багаа хуулж хаяаад шинийг зүүдэг моод Монголд дэлгэрээд байна. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг харин ч нэг сайн ойлгодог болсон шүү гэдгийг ухаараарай даа Шонхруудаа. “Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ” гэдэг Монгол ардын зүйр үгийг нэг уншчихад та нарт илүүдэхгүй байх. Тиймээс иргэд Шонхоруудаас нэг их зүйлийг хүлээгээд, найдаад хэрэггүй байх. Ардчилалын гэх тодотголтой 22 жилд Монголчууд бид энэ мэт Шонхоруудад хангалттай хулхидуулж, залилуулж, доромжлуулсанаа тийм амархан мартахгүй шүү.

Улс төрийн эрх мэдлээ ашиглаж улс орноо дээрэмдчихээд энхийн цагаан тагтаа шиг царайлан суугаа улс төрчдийг хараад ард түмэн ямар их жигшиж байгаа бол. Ард түмэнд та нарт хууртахаа больсон шүү Шонхоруудаа.

Д.Сүхбаатар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих