Хавтгайрсан хандив ба хандиваар бүхнийг шийдэх гэнэн итгэл

89251318_215323999668132_633544101777637376_nХэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд хэрхэн нөлөөлдгийг харуулах нэг жишээ нь хандив. Хэдэн жилийн өмнө хэвлэл мэдээллээр “Бусад улс орны улстөрчид, урлаг соёлынхон ингэж хандив өргөдөг, олон нийт нь хандив өгсөөр улс орноо босгоод ирдэг” хэмээн олонтаа жишээ авдаг байв. Харин өдгөө манайхан хандивын үйл ажиллагаанд өргөнөөр оролцдог болжээ. Бүр хандивгүй юм ч байхаа болив. Өөрт байгаагаа бусдын сайн сайхны төлөө хуваалцаж, хэн нэгэнд тусалсныхаа төлөө сэтгэл ханамж эдлэхэд буруу юу билээ. Гэхдээ аливаа зүйл хэт нэг тал руугаа хэлбийж, тун нь хэтрэхээр туйлшрал болдог зүй тогтол энд бас давтагдаж байна.

ХҮНИЙ ӨӨРИЙГӨӨ ХҮНДЛЭХ ҮНЭЛЭМЖИЙГ АЯГА ААРЦНААС ДООГУУР АВААЧИХ НЬ САЙН ҮЙЛС БИШ

Хандив мэдээж сайн зүйл. Ардаа ямар нэг зорилго агуулаагүй сэтгэлийн дэмжлэг бол буян. Эрүүл мэндийн тогтолцоо нь хүчгүй дорой, эмнэлгийн үйлчилгээ нь хүрэлцээ, чанар муутай манай улсын хэчнээн иргэн түмэн олныхоо сайхан сэтгэлийн хандиваар гадаадад эмчлүүлж, амьдрах хоногоо уртасгаж, эрүүл саруул болж буйг тоолбол овоо дүн гарна. Бас ядарч зүдэрсэн улсад орон гэр, идэх хоол, өмсөх хувцсаар тусалж байгаа буянтан ч олон л харагддаг. Аргагүй хоолойд нь тулсан асуудалтай, амь наана, там цаана яваа хүмүүст, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой бэрхшээл тулгарсан нэгэндээ олуулаа нийлээд туслах нь гарцаагүй буянт үйлс. Цаад хүндээ үнэхээр хэрэгтэй байгаад, олон түмнээс тусламж дэмжлэг хүссэн үед нүдээ олсон тус хүргэж, олны хүчээр асуудлыг нь шийдээд өгч чадвал хаа хаанаа баярлахаас яах билээ. Ийм буянтай сайн үйлсийн аян, хандив тусламжийн арга хэмжээ олон өрнөдөг нь сайхан хэрэг.
Гэтэл сайны хажуугаар саар гэдэг шиг эдний дунд нүдээ олоогүй, зорилго нь тодорхойгүй хандив, тусламжийн арга хэмжээ цөөн биш харагдах боллоо. Сэтгэлийн өглөг, буянт үйл гэхээсээ илүү нэр алдарт дуртай хүмүүсийн зохисгүй үйлдэл гэвэл зохилтой эдгээр арга ядсан арга хэмжээ сайн үйлс, хандив тусламжийн үнэ цэнийг унагаж мэдэхээр хэмжээнд ирэв.
Төрийн албан хаагчид өндөржүүлсэн байдалд ажиллаж буй энэ өдрүүдэд нойр хоолоо умартан яваа тэдэнд аяга аарц, бургер аваад очиж буй нь нэг төрлийн хандив, сайн үйлс мөн л дөө. Гэхдээ өөрийгөө сурталчлахын тулд бусдын өөрийгөө үнэлэх үнэлэмжийг аяга аарцнаас доор аваачиж, бургер бариулж байгаад зургийг нь авч, олон нийтийн сүлжээнд цацахаараа л буян биш, нүгэл шахам юм болоод явчихаж байгаа юм. Одоо төрийн албан хаагчид хэн нэг нь аарц, бургер бариад ирэх вий гэж эмээж суугаа ч байж мэдэх юм.
Зохимжгүй, зорилго нь тодорхой биш хандив аарц, бургерээр тогтохгүй. Дархан-Уул аймагт байр түрээслэн амьдарч байсан айлын бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан хэрэг гарахад энд тэндгүй хандивын аян өрнөсөн. Тухайн үед, зарим нэг харласан дотортон нь хар нялхаараа, гурвын гурвуулаа бурхан болсон хөөрхий охидыг өрөвдсөн олон нийтийн эмзэглэл дээр дөрөөлж, өөртөө ашиг хонжоо олохоор хуурамч аян өрнүүлж, хувийн данс руугаа мөнгө шилжүүлүүлсэн гэх мэтийн увайгүй явдал гарч, хэн ч гуйгаагүй байхад хандивын аян эхлүүлсэн олны танил хүмүүс нийгмийн сүлжээнд шууд бичлэг хийн, бурхан тэнгэр дуудаж сүржигнэсэн. Үнэн хэрэгтээ бурханд буцсан охидын аав, ээж, ер нь хэн нь ч бусдаас мөнгө, хандив гуйгаагүй. Ер яах ч гэж гуйх билээ. Охидод яаралтай эмчилгээ хэрэгтэй, босгоод ирэх горьдлоготой байсан бол өөр хэрэг. Гэтэл тийм зүйл байгаагүй шүү дээ. Тэгэхээр уг хандивын аяныг яах гэж эхлүүлсэн нь тун ч тодорхойгүй байсан юм.
Сайн дураараа хандив цуглуулсан хүмүүс аав, ээжийнх нь данс руу хэдэн төгрөг хийсэн сураг дуулдсан, түүгээр нь охидын ээж, аав аппарат хэрэгсэл авч аймгийн эмнэлэгт хандивласан харагдсан. Эцэг, эхэд нь энэ мөнгө байсан, байгаагүй адилхан нь эндээс харагдаж буй юм. Тэд энэ мөнгө байлаа гээд охидоо босгоод ирэхгүйгээс хойш гээд л хандивлахаар шийдсэн хэрэг биз. Эцсийн дүндээ энэ хандив юуны төлөө, ямар утга учиртай байсан нь тодорхойгүй, хандивыг санаачлан эхлүүлсэн хүмүүс олон нийтийн сүлжээгээр олны анхааралд өртсөн үр дүнтэйгээр өнгөрсөн.
Зорилго нь тодорхойгүй, утга учиргүй хандив үүгээр тогтохгүй. Орон нутагт иргэдийн хандиваар монгол ёс заншлын өргөө гэх мэтийг байгуулчихаад, түүнийг нь арчилж тордоод явах төсөв, ажиллах хүнгүйн улмаас яахаа мэдэхгүй байгаа жишээ ч нэг бус бий. Хандиваар юуг ч бүтээж болно, олны хүч оломгүй далай гэдгийг харуулсан ч, зорилго зорилтоо оновчтой тодорхойлж, алс хэтийг ч нь тооцолгүй сэтгэлийн хөдөлгөөнөөр хандсаны жишээ энэ.
Сая Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлахдаа 30 мянган хонь бэлэглэхэд юу болов. Товчхондоо, мянгат малчид, аймгийн дарга нарын Төрийн тэргүүний нүдэнд өртөх гэсэн уралдаан явсан гэхэд хилсдэхгүй. Хэрэгт дуртай нэгний тоолсоноор хандивын хонины тоо лав 20 мянга дөхөж явна билээ. Энэ нь эргээд хандивын хонийг яах вэ, ер нь Ерөнхийлөгч бэлгээ хандиваар цуглуулна гэсэн юм уу, өмнөд хөршид очиж амлахаасаа өмнө эх үүсвэрээ шийдээгүй, хоосон тоо яриад очсон уу гэсэн шүүмжлэлийн эх үүсвэр болох жишээтэй.

Сайн дураараа хандив цуглуулсан хүмүүс аав, ээжийнх нь данс руу хэдэн төгрөг хийсэн сураг дуулдсан, түүгээр нь охидын ээж, аав аппарат хэрэгсэл авч аймгийн эмнэлэгт хандивласан харагдсан. Эцэг, эхэд нь энэ мөнгө байсан, байгаагүй адилхан нь эндээс харагдаж буй юм. Тэд энэ мөнгө байлаа гээд охидоо босгоод ирэхгүйгээс хойш гээд л хандивлахаар шийдсэн хэрэг биз.

Утга учиргүй хандив хавтгайрсны хамгийн ойрын жишээ нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд нэмэр тус болох хандивын аян. Асрамжийн газарт амьдардаг хөгшид тэтгэврийн мөнгөө, арван настай охин хадгаламжийн мөнгөө хандивласан л гэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр Улсын онцгой комиссын хандивын санд нэг тэрбум төгрөг цуглараад буй гэлээ. Иргэд нэгдэж, хэрэгтэй цагт улс орныхоо төлөө байгаагаа өргөж, нэгдэж, нийлж чадахыг харуулсан сайхан үйл явдал. Гэвч үүнийг хэн хянаж, юунд зарцуулах вэ, үнэхээр хөгшдөөс тэтгэврийн мөнгийг нь, хүүхдүүдээс хадгаламжийн мөнгийг нь хандив болгон авахаас аргагүй хэмжээнд байдал хүндэрсэн үү гэдэг асуухаас аргагүй асуулт бий. Юм л болбол хандив гэж гүйхээсээ өмнө наад цаадахыг нь харж, хөлсөө дуслуулж олсон хэдийгээ илүүчлэхдээ гарцаагүй хэрэгтэй нэгэнд нь өгөхгүй бол хандив хэмээх буянт үйлсийн утга алдагдаж, яваандаа үнэхээр хэрэгтэй хүн нь гуйхад өгөх хүнгүй болтлоо үнэ цэнгүй болох вий.

ХАНДИВ ЦУГЛУУЛАХ НЬ НЭГ ТӨРЛИЙН БИЗНЕС, ХӨЛЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛСОН

Хандив хэмээх буяны үйлс сүүлдээ улстөрчдийн пиарын сонгодог хэрэгсэл, зарим зальхай нэгний бизнес, хөлжих хэрэгсэл, бүр залилан мэхлэх гэмт хэргийн нэг төрөл болтлоо хавтгайрчээ. Хандив, бэлэг, сайн үйлсийн аян эхний үед пиарын цэвэрхэн арга байсан бол хавтгайрахын хэрээр утга учраа алдаж, бүр бохир харагдах боллоо.
Хандивын аян нэрээр залилан хийсэн тохиолдол бишгүй. Японд цунами болж, олон мянган хүн амиа алдаж, орон гэргүй болоход Наран улсын ард түмэнд туслах хандивын аян өрнөсөн. Тэр үед зальт этгээдүүд хандивын хайрцаг барин үүгээр түүгээр явж, хуурамч данс нээн мөнгө цуглуулж, иргэдийн мөнгийг залилсан тохиолдол гарсан. Мөн хүнд өвдсөн, амьдрал тааруу иргэдийн нэрийг барьж, өөрсдөө ч мэдээгүй байхад хуурамч хаягаар хандив цуглуулсан тохиолдол нэг бус.
Улаан цагаан залилан луйвар хийхгүй ч хандивын аян өрнүүлж, амар аргаар мөнгө олдог бизнестэй хүн олон болсон. Өвчин зовлонтой хүмүүст хандивын аян өрнүүлж өгөөд, орж ирсэн мөнгөний талыг нь авах гэрээ байгуулдгийг нь харин олон хүн мэддэггүй болов уу. Хэд гурваараа нийлэн буяны ажил хийдэг хэмээж, сайхан сайхан зүйл ярьж байсан ашгийн төлөө бус төрийн бус байгууллагынхан удалгүй цуглуулсан хандиваасаа болж тангараг тасрахыг харж л байв. Хандив ингэтлээ гажуудаад байхад юм бүхнийг хандиваар шийднэ гэж итгэх нь дэндүү гэнэн хэрэг билээ.

Үндэсний шуудан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих