ОХУ-д хүүхэд хүчиндэгчдийг “хөнгөлдөг” болно
ОХУ-д хүүхэд бузарлаж байдаг хүмүүст бүх насаар нь хорих ял ногдуулах ялыг хуульчиллаа. Төрийн дум эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийг гурав дахь удаагаа хэлэлцэж байгаад ийнхүү баталсан юм. Энэ хуулинд анх удаа “хүүхдийн хүчин” гэдэг нэр томъёог оруулж ирснээрээ онцлогтой. Түүнээс гадна Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөлд 14-өөс доош насны хүүхдүүдийг хүчиндсэн тохиолдолд тэнсэн харгалзах ял ногдуулахыг хориглосон байгаа юм.
Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн саналыг 450 гишүүнээс 354 нь дэмжсэн байна. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст үүнээс хойш химийн аргаар засах арга хэрэглэж эхлэх гэнэ. Мэс заслын аргаар засахаас ялгагдах зүйл нь тодорхой хугацааны дараа эргээд бэлгийн харьцаанд орох боломжтой болдгоороо онцлогтой. Тусгай бодисыг гурван сар тутамд биед нь суулгаж өгөх юм байна. Үүний улмаас ясны эд эс нь сийрэгжих, таргалах зэрэг гаж нөлөө бий болж болох гэнэ.
Урьдчилан хэлэлцсэний дагуу хүчиндэх хэрэг үйлдсэн бүлэг хүмүүс бүх насаараа хоригдох ялтай болох нь. Ийм төрлийн гэмт хэрэгтнүүдэд ял хөнгөрүүллээ гэхэд 20 хүртэлх жилээр хоригдоно. Өмнө нь гэмтэтгээдүүд хуулиар 10 жилийн дотор ял аваад шоронд хоригдоод гардаг байжээ.
Хэрэв балчир хүүхдүүдийг харгалзагч болон багш нар хүчиндсэн бол энэ нь хүндрүүлэх нөхцөл гэж тооцогдоно. Хүүхдийн дунд садар самуун зүйлс тараасан тохиолдолд 10 хүртэлх жилээр шоронд хоригдохоор хуульчиллаа. Харин хүүхдүүдийг оролцуулсан садар самууны талаарх дүрс бичлэгийг интернетэд тараасан тохиолдолд 15 хүртэлх жилээр шийтгүүлнэ.
Зарим нэгэн парламентчийн үзэж буйгаар энэ хууль гэмт хэрэгтнүүдийн хувьд дэндүү хүмүүнлэг болжээ. Учир нь энэ хуулийн төслөөр бол хамгийн муухай хэрэг үйлдэгсдийг тэнсэн харгалзаж хугацаанаас нь өмнө суллах боломж нээгдлээ гэж тэд үзэж байгаа юм. Түүнээс гадна ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээг хуулинд тусгаагүй хэмээн Төрийн думын гишүүд шүүмжилж байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР
URL: