БНСУ: Утасны дуудлагын ажилтантай холбоотой 73 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ

25

БНСУ-ын Сөүл хотын Гүру дүүргийн Шиндурим гэх газар нэг зэрэг олон хүн коронавирусийн халдвар авчээ. Энэ тухай БНСУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээг Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяагийн орчуулсанаар хүргэж байна.

“Сөүл хотын Гүру дүүргийн Шиндурим хороонд байрлах Кориа билдингийн 11 давхарт байрлах Эйс хэмээх нэгэн даатгалын компанийн утасны дуудлагын төвийн ажилтан болох А (56 настай, эмэгтэй) нь энэ сарын 8-ны өдрийн шинжилгээгээр вирустэй нь оношлогдож гарсан байна. Тэрбээр Шинчонжи сүмийн итгэгч ч биш, Хятад болон бусад гадаад улсад зорчоогүй. Мөн Тэгү хотод ч очоогүй юм байна.

Гэтэл хоёр хоногийн дотор буюу өчигдрийн байдлаар түүнтэй холбоотой 73 хүн шинжилгээгээр вирустэй болох нь батлагдан гарч ирлээ. Эдгээр хүмүүсийн 40 нь Сөүл хот, 14 нь Инчон хот, 19 нь Гёнгги мужийн оршин суугчид байна. Тэдгээр нь Сөүл хотын 10 дүүрэг, Гёнгги мужийн 7 хот, Инчон хотын 6 дүүрэгт тарж оршин суудаг болохыг мөн тогтоов.

Тус байшин нь 29 давхар бөгөөд үүний 4 ширхэг давхарт нь даатгал, автомашины гэх мэт утасны дуудлагын төвүүд байрладаг байна. Вирус тээгчид олноор гарсан даатгалын утасны дуудлагын төвийн байрлах 11-р давхарын 207 хүнийг шинжилгээнд оруулсан ба үлдсэн 3 давхарт ажилладаг 550 хүн ч удахгүй шинжилгээнд орно. Тэгэхээр 73-аас ч олон хүн нэмж гарах боломжтой гэсэн үг юм.

Вирустай нь батлагдсан утасны дуудлагын төвийн дээрхи ажилтнуудын ихэнх нь ажилдаа ирж очихдоо нийтийн тээврийн хэрэгсэл болох метро, автобус зэргээр зорчдог байсан нь түгшүүр төрүүлнэ. Тэд ажилдаа ирж очихдоо амны хаалт зүүдэг боловч ажлын цагаар зүүдэггүй байцгаасан байна. Нэг зааланд хүн болгоныг тусгаарласан жижиг хаалт байх боловч энэ нь яг үнэндээ хаалт биш зэрэгцээд сууж байгаатай адил хэрэг юм.

Сөүл хотын захиргаанаас тус байрны өмнө коронавирусын явуулын шинжилгээний хэсгийг байрлуулсан ба холбогдох хүмүүсийн шинжилгээг авч байгаа юм байна.

Мөн энэ бөөн хүний халдвар нь Шинчонжи сүм болон Чонду Тэнам эмнэлэгтэй холбоотой эсэхийг шалгаж байна” гэжээ. 

 


URL:

Сэтгэгдэл бичих