Худал мэдээлэл тарааж барааны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэвэл торгууль ногдуулна

23

Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гаднын улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн.  Иймээс Улсын онцгой комисс хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Онцгой комиссоос өгч байгаа мэдээллээр өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай гэдэг нь тогтоогдсон франц иргэнтэй хамт Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн иргэдээс сэжигтэй буюу халуурсан ханиалгасан гэх шинж тэмдэг илрээгүй байна.

Гэвч нийгмийн сүлжээгээр коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой ард иргэдийн амгалан, тайван байдлыг алдагдуулах эх сурвалжгүй, худал мэдээллүүд тархаж байна. Тухайлбал, имарт худалдааны төвийн нягтлан халуурч, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл гараад байсан. Энэ талаарх мэдээллийг холбогдох албаныхан үгүйсгэж байгаа юм.

Ийнхүү эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, зохиомлоор үнийн хөөрөгдөл бий болгох тохиолдлууд гарсаар байна.

Иймээс коронавирусийн халдварын талаар худал, үндэслэлгүй мэдээлэл тараасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар  иргэн аж ахуй нэгжид  2-20 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

О.ОНОН


URL:

Сэтгэгдэл бичих