ЭМЯ: Халдвар илэрсэн хүн халуураагүй, зовиургүй байгаа
ЭМЯ-аас өдөр бүр өгдөг ээлжит мэдээллээ өгч, хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “24 цагийн өмнө та бүхэн мэдээлэл хийснээс дэлхийн 109 оронд ковид-19 вирусийн халдвар бүртгэгдлээ. Албани, Кипр, Буркино Пасо, Бруней гэсэн 4 оронд өвчлөл нэмэгдсэн байна. МАН АНУ, Япон, Солонгос, Иран, Итали зэрэг орнуудад халдвар нэмэгдсээр байгаа. Бид өмнө нь мэдээлж байсан, Дорноговь аймагт Францын иргэнийг сэжигтэйд тооцон, тусгаарласан гэж.
Энэ хүний шинжилгээний сорьц өчигдөр өглөө ХӨСҮТ-д ирсэн. Ингээд шөнийн 02:00 цагт энэ хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илэрсэн. Энэ хүн гадны иргэн. Бид анхнаасаа л халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй. Орж ирвэл тархах эрсдэл өндөр гэдэг мэдээллийг иргэдэд өгч байсан. Тэр хүн гадаад орноос коронвирусийн халдварыг зөөвөрлөж авч ирсэн. Энэ хүний ойрын бүх хавьтлыг судалгаа, шинжилгээнд авсан. Энэ хүнийг анх ирэхэд нь л бид нарийн хянаж байсан. Өнөөдөр оройноос эхлээд 114 гэсэн утас ажиллана. Энэ утсаар холбогдож, зөвлөгөө авч болно. ” хэмээлээ.
Тэгвэл ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа ”ДЭМБ-ын гуравдугаар сарын 9-ий мэдээгээр дэлхийн 109 оронд ковид-19 вирусийн нийт 100577 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3484 болсон. Хятад улсад нас баралт 23-аар нэмэгдэж, 45 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Хятад улсад нийтдээ 80 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 70 хувь нь эдгэж, эмнэлгээс гарсан. Иранд 743 тохиолдол шинээр нэмэгдсэн.
Италид тохиолдлын тоо 1492 болж, нас барсан хүний тоо 463 хүрлээ. Хөл хориог өчигдрөөс орон даяар тогтоох шийдвэр гарчээ. Олон улсад тархаж, цар тахлын хэмжээнд хүрэхээр байна” хэмээлээ.
Харин ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ”Өнөөдөр өглөө 06:00 цагт УОК хуралдсан. Хурлаар коронавирусийн халдвар илэрсэн талаарх мэдээллийг сонсож, холбогдох арга хэмжээг авсан. Моксва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 59 зорчигч ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д сэжигтэй нэг тохиолдлыг, ажиглалтад 5 хүнийг авч, тусгаарласан. Мөн “Асралт мед” эмнэлэгт 26 тохиолдлыг тусгаарлаад байна. Турк-Улаанбаатарын онгоцоор 175 зорчигч ирсэн. Тэдгээр зорчигчдоос асуумж авах, тандалт судалгаа хийх ажил үргэлжилж байна.
Дархан-Уул аймагт Сэлэнгийн Сүхбаатар орж ирсэн 25 хүнийг тусгаарлаж байгаа. 5 тохиолдлыг сэжигтэй гэж Дархан-Уул аймгийн халдвартад, 20 тохиолдлыг “Оюут” эмнэлэгт тусгаарласан. Нийтдээ 62 хүнийг Дархан-Уул аймагт тусгаарлан, ажиглалтад аваад явж байна. Нэгдүгээр сарын 9-өөс 934 тохиолдлыг ажиглалтад авсан. Сэжигтэй тохиолдол гэдгээр 264 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Нэг тохиолдлоос вирус илэрлээ.
Өнөөдөр өглөө 06:00 цагт ХӨСҮТ-өөс эмч нарын баг Дорноговь аймаг руу зөвлөгөө өгөх, тандалт судалгаа хийхээр явсан. Замдаа явж байгаа. Саяхан авсан мэдээллээр онош батлагдсан иргэн халуунгүй, зовиургүй байна гэсэн. Тухайн кэмпдээ эмнэлгийн хэсэгт тусгаарлагдсан, шаардлагатай зарим тоног төхөөрөмж байгаа юм байна. Мэргэжлийн эмч ажиллаж, хянаж байгаа. Өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийж байгаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ”2020 оны гуравдугаар сарын 7-ны өдөр ХӨСҮТ-д нэг хүн тусгаарлаж, шинжилгээ авсан. Коронавирус илрээгүй. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь “Бадрах энержи” компанийн ажилтан тусгаарлагдаад байсанаас коронавирус илэрсэн. Ингээд Монгол Улсад коронавирусийн тохиолдол илэрч байна. Батлагдсан тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Бид хавьтлын судалгааг яаралтай хийсэн. Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80, нийт 123 хавьтлыг илрүүлж, тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.
Өчигдөр ХӨСҮТ-д 7 хүнийг тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байгаа. Ажиглалтад ХӨСҮТ-д 8, “Жаргалант”-д 10, нийт 18 хүнийг авсан. Хэдийгээр бид өнөөдөр таагүй мэдээ дуулгаж байгаа ч монголчууд сандрах хэрэггүй. Коронавирустэй дэлхийн 100 гаруй орон тулсан. Өнөөдөр манай улс ч тулгарлаа. Гэхдээ бид ямар арга хэмжээ авч, яаж ажиллахаа сайтар мэдэж байгаа. Бид тодорхой хавьтлуудаа яаралтай тодруулж, ангилан, ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Тиймээс иргэд яарч сандрахгүй байхыг хэлье” хэмээв.
URL: