Үүл баатар гэр хороололд өөрөө амьдрахгүй яасан юм бол
Монголд ирээгүй ардчиллыг толгойлогч, энхийн цагийн Монгол улсын баатар энэ эрхэм орчин цагийн Монгол улсын нийслэлийг засаг төрийн толгойд байсан хорь гаран жилд хэдэн зуун мянган гэр хорооллоор дүүргэхэд ханцуй шамлан оролцчихоод тэд шинэ цагийн хотжилтыг хамгаалсан, хадгалсанд талархал дэвшүүлье хэмээн маанагтав.
Төр түшилцсэн гэх он жилүүдэд улс оронд ямарч бүтээн байгуулалт байгуулах нь битгий хэл өмнөх бүтээн байгуулалтыг устгахад гар бие оролцсон энэ нөхөр ам ангайх бүрийдээ коммунист гэж чалчина. Хуучнаа л муулж байвал өөрсдийнх нь байгуулсан дампуу, хоосон урианаас цаашгүй ардчилал, түүний хор хохирол түүнд төдийлөн хамаатай биш бололтой.
Тэр муулаад байдаг коммунистуудынхаа хийж бүтээсний дайтай юмыг хийж чадаагүйдээ шаралхав уу яав зөвлөлтийн болоод коммунистуудын хүчин чармайлтаар Улаанбаатар хот маань нийтийн орон сууцны нүсэр, нүсэр хорооллоос бүрдэж аюул тээсэн хот болж хувирсан гэж Монголын үе үеийн хөдөлмөрчдыг доромжилов.
Энэ нөхөр төрөхөөс аваад өдий хүртэл хаана амьдарч байсан болоод Монгол орны бүтээн байгуулалтын дундуур явахдаа нуруу руу нь хүйт оргиж дагжиж явдаг юм бол. Тэгж л их гэр хорооллоор бахархаад байгаа юм бол өөрөө тэнд амьдрахгүй хаусруу юунд тэмүүлнэ вэ.
Ардчилсан нийгэм байгуулж байна гэж ажил амьдралтай, соёл боловсролтой ард түмнийг шалбаагт унагачихаад, өндийхөд нь туслахгүй улам дэвсэлсэн ардчилагчид өнгөрсөнд юу ч хийгээгүй байж одоо л нэг гэр хорооллыг хувийн байшингаар дүүргэх санааг гаргав уу.
Социализмын далан жилд бүтээн босгосон орон сууцны хорооллууд, одоо та бүхний барьж босгоод буй үлээхэд нурчихмаар цаасан хорооллуудын хажууд олон Монгол хүн таны ч бас өсөж өндийсөн одоо ч олон Монгол хүний орох орон нь болж оршсоор байгааг та бодсон уу.
Та бүхэн тийм л чанартай орон сууцыг барьж, ард түмнийг аюулгүй орчинд амьдруулахыг хүссэн бол тэдний төлөө ажиллах ёстой байсан биш билүү. Төр ард түмний амьдралын баталгааг нь хангах тэр үүргийг та бүхэн жонхууруулсанаа мэдсэн үү.
Ажил, амьдралтай хүмүүсийг гудманд гаргаж траншейнд амьдруулж тэндээ хорвоог орхих нөхцлийг бүрдүүлчихээд та бүхэн одоо гэгээрсэн будда болж сайн сайхан орон байр орчин яагаад ярих болов.
Өмнө нь яагаад 20 гаран жил хоргон дахь загас шиг дүмбийж явав. Монголд нүднээс далд өлбөрсөн, осгосон, дайруулсан, золиослогдсон, хордож хорвоог орхисон тэр чимээгүй дайны ялагч нь та байсан болоод Монгол улсын баатарыг найзаасаа авах болсон юм уу.
Ард түмнийг хуурч, мэхэлж, мэхэлчихээд дахиад тархийг нь угаачихна гэж яаж санаваа. Таны цодойтлоо баяжсан Монголын ард түмний туйлдтлаа ядуурсан хоёрын хооронд ямархан зай байгааг харчихаад Америк мөрөөдлөөр хол нисэхгүйгээ ойлго. Хийдэггүй хүн хийнэ гэж ярих нь хээрийн чоно хоточ нохой болохтой ялгаагүй л сонсогдож байна. Болилдоо одоо ичмээр байна ш дээ.
Ү.Гэрэлт-Од
URL: