Нийслэлд орж, гарсан 608.7 мянган зорчигчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ

Улаа23нбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд “COVID-19” халдвар тархахаас сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд өнгөрсөн сарын 13-наас ажиллаж буй юм. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн ажлын талаар НЭМГ, НОБГ, НМХГ, НЦУГ-аас өнөөдөр мэдээлэв.

Нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын 200 гаруй албан хаагчаас бүрдсэн Эрүүл мэндийн хяналтын баг өнгөрсөн сарын 7-ноос хойш ажиллаж байгаа аж. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 3-нд нийслэлд орох, гарах хөдөлгөөнийг нээснээс хойш 158 мянга 746 тээврийн хэрэгсэл нийслэлд орж, гарсан бөгөөд 608 мянга 728 зорчигчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан гэдгийг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мэдээлэв. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр НЗДТГ-ын харъяа байгууллагуудын 21 мянга гаруй албан хаагч өнгөрсөн сарын 21-нээс иргэдэд “COVID-19” халдвар тархахаас сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж хүргүүлж байгааг мөн онцлов.

НМХГ-аас сүүлийн14 хоногт 5631 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Улмаар 945 баар, 321 сүм болон спорт клуб, амралтын газар, дэн буудлуудад ажлын цаг богинсгох, түр хаах тухай Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг хүргүүлсэн байна. Мөн уг шийдвэрийг хэрэгжүүлэгүй таван аж ахуйн нэгжид 7.1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн “GRD Reality”,  “Эрмүүн энх”, “Бат Ангараг”, “Lucky”, “Tom Mart” компанийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн гэдгийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэллээ. Түүнчлэн худалдааны 2300, хоол үйлдвэрлэлийн 865, ахуйн үйлчилгээний 2095 газар болон бусад 3177 цэгт ариутгал хийснийг мэдээлэв.

НЦУГ-ын 1100 алба хаагч “COVID-19” тархахаас сэргийлэхээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисын шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж, журмыг зөрчсөн 168 аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Тухайлбал, цахим тоглоомын үйл ажиллагааг зогсоох шийдвэр зөрчсөн “Анун төв”, “Game Arena” зэрэг байгууллагын тусгай зөвшрөөлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Мөн гудамжинд шүлс, нус, цэр, хог хаясан, биес зассан, тамхи татсан 6898 хүнд 78 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих