Буудуулж амиа алдсан цагдаагийн хэргийг АТГ шалгаж байгаа
Сүхбаатар аймгийн цагдаагийн ажилтан бууны сумны шархтай Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга цагдаагийн хурандаа О.Зоригт мэдээлэл өглөө. Тэрбээр, “Сүхбаатар аймагт сум алдсаны улмаас цагдаагийн алба хаагч амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Үүнд ямар нэгэн санаатай үйлдэл байхгүй. 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өглөө Сүхбаатар аймгийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажил хүлээлгэж өгөх явцад сум алдаж, нэг алба хаагч шархадсан. Энэ бол цэвэр санамсар болгоомжгүйгээс болсон хэрэг.
Цагдаагийн байгууллага нисдэг тэргээр шархадсан алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт авч ирэн эмчлүүлсэн боловч уржигдар буюу гуравдугаар сарын 2-ны өдөр нас барсан.
Цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийж тогтооно. Бүх үйл явдал камерын бичлэгт хадгалагдаж үлдсэн байгаа. Хариуцлагын тухайд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох нь тодорхой. Уг хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа” гэлээ.
URL: