Сайдын ямбаа хэтрүүлсэн сайд асан ял сонсох уу
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг байгаль орчин хариуцсан сайд байхдаа мөнгө болж болох бүхэнд гар дүрж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан тухай яриа тус яамныхнаас өнөөг хүртэл гарсаар байдаг. Тэгвэл АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгон улсын төсөвт хоёр тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр ….. дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татах хүсэлтээ Прокурорт дахин өгөөд байна. Энэ мэдээллийг Д.Оюунхорол гишүүн эрс үгүйсгэдэг ч холбогдох хууль, хяналтын байгууллагын … тоот бүхий тушаал, шийдвэр, хүсэлтүүд баталсаар байгаа юм.
Г.Нямдаваа “Энэ компанитай холбоотой бүх зүйлийг богино хугацаанд гүйцэтгэж, гэрээ байгуулах тушаалын төсөл яаралтай боловсруулж, бэлэн болго. Ийм даалгавар ирсэн” хэмээн холбогдох албан тушаалтнуудыг шавдуулж, бүх зүйлийг богино хугацаанд шийдвэрлэсэн.
Сайд асныг яллагдагч “болгоод” буй хэргийн талаар тодруулбал, тэрбээр “Гранд повер” компанийг Нүүрсний хийн халаалтын зуухаар хангаж, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох хэд хэдэн заалтыг зөрчин, эдийн засгийн тооцоолол, судалгаа хийлгүйгээр, нээлттэй тендер шалгаруулалт ын аргаар хийсэн аж. Мөн тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргыг орлон гүйцэтгэгч Г.Нямдаваад 2015 оны долдугаар сарын 31-ний өдрийн А/308 дугаартай тушаалын төсөл боловсруулах, 2015 оны зургадугаар сарын 6-ны өдрийн “Нүүрсний хийгээр халаалтын зуухын хангаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын гэрээ” байгуулах үүрэг өгсөн байна. Улмаар тус оны есдүгээр сарын 4-ний өдөр 500 сая, мөн сарын 9-нд 572 сая, аравдугаар сарын 1-нд 500 сая, арванхоёрдугаар сарын 26-ний өдөр 393 сая төгрөг буюу нийт 1.965.000.000 төгрөгийг Цэвэр агаар сангийн төрийн сангийн данснаас ногоон гэрлээр шилжүүлсэн аж. Нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй “Гранд повер” ХХК-тай дээрх гэрээг байгуулж, “Гранд байшин” ХХК-ийн эзэмшлийн нүүрсний хийн үйлдвэрээс ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуух хүртэлх 315 мм-ийн диаметртэй, 3050 метр хий дамжуулах шугам хоолойн угсралтыг хийхэд зориулан дээрх санхүүжилтыг олгосон байдаг. Тус гэрээний гүйцэтгэлийг “Есөн талт Оргил констракшн” компани хариуцан ажиллаж, хүлээлгэж өгсөн байна. Гол нь уг хоолойг улсын комисс хүлээж авснаас хойш зориулалтын дагуу халаалтыг нэг ч удаа дамжуулаагүй аж. Учир нь, нэг тонн тутам нүүрст 45 мянган төгрөгийн татаас шаардлагатай байснаас үүдэн уг төсөл огт хэрэгжээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, БОНХАЖ-ын сайдын “зүтгүүлсэн” гэрээ огт хэрэгжээгүй бөгөөд 1.9 тэрбум төгрөг салхинд хийссэн гэсэн үг. Үүнийг эх сурвалжууд “Энэ хоолойг хийх ямар ч шаардлага байгаагүй. Судалгаа, тооцоололгүйгээр, танил талдаа албан тушаал эрх мэдлээ ашиглан улсын мөнгө гаргаж өгсөн явдал л байсан. Оюунхорол сайд түүний найзын компанийн хамтарч хийсэн хоолой өдгөө ямар ч хэрэггүй хог болсон” хэмээж буй юм.
Түүнчлэн өөр нэгэн эх сурвалж “Энэхүү гэрээг 2014 онд “Гранд байшин” ХХК-ийн комбинат үйлдвэрийг халаах зорилгоор уг нүүрсний хийн дулааны үйлдвэрийг барих болсон. Уг станцын барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус хоёр компани хоорондоо байгуулсан. Тухайн үед “Гранд байшин” ХХК -ийн таван хувийг “Гранд повер” ХХК эзэмшдэг байсан. Угсралтын ажил дууссан дараа уг үйлдвэрийг “Гранд повер” ХХК худалдаж авахаар ярилцаж байсан” гэсэн юм.
“ГРАНД ПОВЕР” ХХК ХЭНИЙ МЭДЛИЙНХ ВЭ
Баргийн аавын хүүд ийм амархан олдчихгүй 1.9 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүнтэй санхүүжилтыг ямар ч тооцоолол, тендер шалгаруулалтгүйгээр авч чадсан уул уурхайн зураг төсөл, барилга байгууламж угсралтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн эзнийг Ж.Очир гэдэг аж. Түүний талаар эх сурвалж ““Гранд повер” ХХК-ийн захирал Оюунхорол сайдыг яаманд ирснээс хойш яамаар байнга шахуу үзэгдэх болсон. Тэд найзууд гэдэг нь харилцаанаас нь илэрхий мэдрэгддэг байсан. Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа “Энэ компанитай холбоотой бүх зүйлийг богино хугацаанд гүйцэтгэж, гэрээ байгуулах тушаалын төсөл яаралтай боловсруулж, бэлэн болго. Ийм даалгавар ирсэн” хэмээн холбогдох албан тушаалтнуудыг шавдуулж, бүх зүйлийг богино хугацаанд шийдвэрлэсэн. “Гранд повер” ХХК-ийнхан Нүүрсний хийн шугам барих төслийг 1.965.000.000 төгрөгөөр гүйцэтгэх санал ирүүлсэн. Уг санал, төслийг мэргэжлийн байгууллагад өгч, хянуулж, шалгуулалгүй шууд баталсан” гэсэн юм. Гэвч Г.Нямдаваа нь дээрх хэргийн талаар хууль хяналтын байгууллагынханд “Энэ компанитай шууд гэрээ байгуулах чиглэлийг Д.Оюунхорол сайд надад өгсөн. Миний хувьд тус компанийн талаар ямар ч мэдээлэл, судалгаа байхгүй” хэмээн мэдүүлсэн байдаг.
Ташрамд дурдахад, 2015 онд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт осол гарч, 39 настай Ө, 24 настай Б, 23 настай Л нар амиа алдаж, найман хүн хордсон ноцтой хэрэг гарч байсан билээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ЯЛ СОНСОЖ МАГАДГҮЙ
Д.Оюунхорол гишүүн нь БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа “Гранд повер” ХХК-д давуу эрх олгон 1.965.000.000 төгрөгийн санхүүжилт олгохдоо Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 15/01 дугаартай тогтоолын холбогдох заалтыг санаатайгаар зөрчсөн нь баримтаар нотлогдоод буй юм. Иймд түүнийг Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэсэн, гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан, үйл ажиллагааг чиглүүлж удирдсан хэмээн АТГ-аас үзэж байгаа аж.
Улмаар АТГ-аас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурорт гаргасан ч өмнө нь нэг удаа хэрэгсэхгүй болгож байсан мэдээлэл бий. Гэхдээ АТГ-аас дээрх хэргийг сэргээн шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, дээрх зүйл заалтаар яллагдагчаар татах хүсэлтээ дахин өгөөд байгаа аж. Прокурорт “гацаагаад” буй энэхүү хавтаст хэрэг холбогдох прокурорын ширээний нүднээсгарч, үнэн зөвөөр хянагдаж чадвал түүнийг яллагдагчаар татах бүрэн үндэслэл, баримт, нотолгоо байгааг АТГ-ын эх сурвалж онцолж буй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.
Үндэсний шуудан
URL: