Сайн дураараа орцны шал, хөршүүдийнхээ хаалгыг угааж, ариутгажээ
Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 77 оронд тархаад байгаа аюултай энэ цаг үед иргэд амны хаалт зүүх, гараа ариутгах зэргээр дор бүрнээ урьдчилан сэргийлж байна. Тэгвэл “Вива сити” хорооллын оршин суугч Б.Оюун-Эрдэнэ коронавирусийн дэгдэлттэй энэ үед сайн дураараа орцныхоо шал, хөршүүдийнхээ хаалга, цахилгааны шийдийн хайрцаг зэргийг хлораминтай халуун усаар угааж, ариутгасан талаараа хорооллынхоо оршин суугчдын цахим хуудсанд байршуулснаар, олон хүний талархлыг хүлээгээд байгаа юм.
Тэрээр энэ тухайгаа ”Би хүүхдээ харахынхаа хажуугаар, захиалгаар бялуу хийдэг ээж юм. Коронавирусээс сэргийлэхээр хүн бүр л дор бүрнээ хичээж байна. Нус, шүлс гээд агаар дуслын замаар халдварладаг вирус учир хүүхдүүдээ бас хөршүүдээ вирусээс хамгаалахын тулд багахан сэтгэл гаргасан төдий. Гэтэл хүмүүс маш эерэгээр хүлээн авч, урам хайрлаж, талархсан сэтгэлээ бичсэн байсан. Түүнээс маш их урамшиж дахиж цэвэрлэе гэсэн сэдэл төрсөн. Зарим нь бие биенээ уриалж байна лээ. Хөрш бүр нэгэндээ санаа тавьдаг, бие биенээ таньдаг бол хуучин цаг шиг хөршийн сайхан харилцаа үүсгэх боломжтой байх. СӨХ, болон үйлчлэгч нарыг хүлээхгүйгээр өөрсдийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө багахан сэтгэл гаргаж энэ хөнөөлт вирусээс сэрэмжилье гэж уриалмаар байна” гэсэн юм.
URL: