Дуу шуугианы тахалд өртөгсөд
Улаанбаатарчууд арав гаруйхан жилийн өмнө өнөөдрийнх шигээ голын ус урсах, навчис сэрчигнэх, салхи исгэрэхийг үгүйлдэггүй, эрэн хайдаггүй байсан нь дуу шуугианы бохирдол тухайн үед бага байсны нотолгоо юм. Тэр хэрээр бидний бухимдал, тархины ядаргаа ч бага байсан биз. Харин өдгөө машины дуут дохионоос эхлээд тээврийн хэрэгсэл, гудамж талбайн хаа нэгтээгээс цуурайтах сурталчилгааны элдэв хөгжим, чанга яригчаар бараа бүтээгдэхүүнээ зарлан рекламдах үгс гэсэн шуугианы хүчирхийлэл, өөрсдийн сонголтоор зүүсэн чихэвчээр явах дуунууд гээд сонгосон, сонгоогүй шуугиан дунд ядруухан алхах болж.
Хот суурин газруудын оршин суугчдын тоо нэмэгдэж, барилга байшин олширч, хүмүүсийн хэрэгцээг даган өсөн нэмэгдсэн нийтийн болон хувийн тээврийн хэрэгслүүд, өдөр тутмын үйл ажиллагааны дуу чимээ нь хөгжилтэйгөө зэрэгцэн өсч байдаг гэхэд буруудахгүй. Хөгжил дэвшлийн сайн талыг даган гарч буй чимээгүй аюулуудыг үл тоомсорлон өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотныхноо хамгаалахгүй бол аюул нь улам томорч гамшгийн хэмжээнд хүрдэг. Тэгвэл өвлийн утаанаас дутуугүй биднийг бухимдуулж буй чимээгүй аюул болон дуу шуугианы гамшиг биднийг нас хүйс, амьдралын боломж бололцооноос үл шалтгаалан нэрвэж эхэлжээ. Харин бид анзааралгүйгээр, бусад стресстүүлж буй зүйлсээсээ ялгаж салгаж чадахгүйгээр түүндээ түүртэж буйгаа ч ойлгохгүйгээр бухимдан амьдарсаар байна. Нобелийн шагналт бактерилогич Роберт Кох 100 жилийн тэртээ “Хүн төрөлхтөн хэзээ мөдгүй аюулт холер өвчинтэй бус, дуу шуугиан гэх гамшигтай тэмцэж эхэлнэ” гэж хэлж байсныг нэхэн санах цаг нэгэнт болжээ.
Европын холбооны гишүүн орнууд ДЭМБ-аас баталсан шинэ дуу шуугианы дүрмийг мөрдөж эхэлсэн нь өнгөрсөн оны аравдугаар сарын 10 байлаа. Дуу шуугиан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгдөг хүчин зүйл мөн. Тиймээс ч үүнд анхаарч зохицуулах ёстой гэдгийг бүр 1971 онд ДЭМБ-аас гаргасан тайланд дурдсан байдаг.
2018 оны байдлаар дэлхий даяар 466 сая хүн сонсголын бэрхшээлтэй хүн байгаагийн 34 сая нь хүүхэд байлаа. Харамсалтай нь энэ тоо 2050 онд 900 сая орчим болж нэмэгдэх хандлагатай гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргажээ.
Олдмол сонсголын бэрхшээл гэхэд хот суурин газрын иргэдэд илүүтэй илэрдэг, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу шуугианы бохирдолд шууд өртөгчдийн өртдөг гамшиг юм. Биднийг чимээгүй гэмтээж, цаашилбал хөнөөж байдаг гамшгуудын нэг болсон дуу шуугианы бохирдлыг бидний өөрсдийн хүсээгүй, хянах боломжгүй дуу чимээгээр бий болгодог.
Дуу чимээ хүний сонсголын эрхтэнд ямар нэгэн таагүй, сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй түвшинд гарч буй чимээ байдаг.
Дуу шуугиан нь аливаа хүсээгүй дуу чимээ бөгөөд агаарын орчинд хүний сонсголын эрхтэнд хүчтэй нөлөөлөхүйц өндөр түвшний, эсвэл нам давтамжийн чимээ байдаг. Дуу шуугианыг физикийн бохирдуулагчдын нэг гэж үзэх хандлага түгээмэл болоод буй.
Дуу чимээний давтамжийг Герцээр, гадаад хүчний түвшин буюу чимээнийх нь чанга, сулын хэмжээг нь Децибеллээр тодорхойлон хэмждэг.
ДЭМБ-ын 1999 онд гаргасан удирдамжинд буй орчны дуу чимээ нь унтлагын өрөөнд 40 децибелээс бага байхыг зөвлөдөг нь хүний сонсголын эрхтэнд таагүй нөлөө үзүүлэхүйц бус, унтаж амрах үед гүн нойрсолт явагдаж улмаар тархи, бие махбодь сайн унтаж амархуйц хэмжээ гэсэн үг аж. Харин ажиллах болон энгийн амралт, амсхийх үе, хотын дуу шуугианы стандарт хэмжээг өдрийн дунджаар 16:00 цагийн үест 60 дБ, шөнийн 23:00–07:00 цаг буюу унтаж амрах үед 40 дБ-ээс хэтрэхгүй байх нь зохистой гэж заажээ.
ДЭМБ-аас дуу шуугианы бохирдлын судалгаа хийхэд дэлхийн хэмжээнд жилд дунджаар 1.5 тэрбум хүн сонсголын бэрхшээлтэй болж, нэг сая иргэн бухимдлаас үүдэлтэй хоол боловсруулах эрхтэн болон зүрх судасны өвчнөөр хорвоог орхиж байна гэсэн дүн гарчээ. Энэ аймшигт тооны ард байгаа уршиг таригч гол зүйл нь дуу шуугианы бохирдол аж. Ихэвчлэн залуу үеийнхэн нэрвэгдэж буй дуу шуугианаас үүдэлтэй өвчлөлд голлон нөлөөлж буй хүчин зүйл нь авто болон төмөр зам, тээврийн хэрэгсэл, томоохон худалдааны төв, баар, цэнгээний газар, үйлдвэрийн дуу шуугиан байгаад хэргийн учир оршиж байгаа юм.
Яагаад бид дуу шуугианы асуудлыг дэлхийн хэмжээнд, түүнээс наашлаад зөвхөн улсынхаа, нэн ялангуяа нийслэл хотынхоо хэмжээнд хөндөх болов? Одоогоос дөрвөн жилийн өмнө Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар нийслэл хотын орчны шуугианы дундаж түвшин 67.3 дБ буюу ДЭМБ-аас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 7.3 нэгжээр илүү байна гэсэн дүн гарчээ. Харамсалтай нь үүнээс хойш хийсэн дорвитой судалгааны дүн алга.
Хүрээлэн буй орчны шуугиан 85 дБээс хэтрэхэд хүний бие махбодь өвчилж эхэлдэг. Ингэхдээ зөвхөн сонсголын эрхтнээр зогсохгүй зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, сэтгэлзүйд нөлөөлж чимээгүйхэн үхүүлж эхэлдэг гэнэ. Дуу шуугиан ихтэй орчинд ажиллаж, амьдрах нь хүний сонсголд нөлөөлнө, цаашилбал хоол боловсруулах эрхтэн хямарна, нойргүйдэж, амархан бухимддаг, өөртөө итгэлгүй, гутранги, аймхай нэгэн болж хувирдаг гэдгийг харуулсан судалгаа ч бий.
Сонирхуулахад Францын эрдэмтэн Этейн Ломбард 1909 онд хүмүүсийн өмнө нь огт анзаарч нэгэн зүйлийг нээжээ. Энэ бол дуу шуугиантай орчинд хүн өөрөө ч мэдэлгүй дуугаа өндөрсгөн хариу үйлдэл үзүүлдэг гэсэн онол юм. Уг нээлт нь хожим олон эрдэмтдийн судалгааны эхлэл болж, хүний зан авир, бухимдал, сэтгэцийн өөрчлөлтийн шалтгаан төдийгүй хэл ярианы гажиг судлалд ч тусгалаа олжээ.
Уг судалгааныхаа талаар бичсэн Этейн Ломбард эрдэмтний нийтлэл 1911 онд хэвлэгджээ. Ломбардын нөлөө хэмээх нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн энэ үзэгдэл зөвхөн хүнд бус, амьтанд ч байдаг төрөлх шинж аж. Ломбардын нөлөөнөөс эхэлсэн судалгааныхаа дүнд Английн нэгэн эрдэмтэн дуу чимээтэй орчинд хүн чанга яриад зогсохгүй авиа зүйн үүднээс үг, хэллэг нь өөрчлөгддөг гэдгийг тогтоосон. Тухайлбал дуу шуугиан ихтэй орчинд удаан амьдарсан хүн ярих үед эгшиг нь уртсаж, гийгүүлэгчээ бусад хүнтэй харьцуулахад илүү хатуу дууддаг болдог гэнэ.
Хамгийн аймшигтай нь орчны шуугианы нөлөө нас, хүйс, нийгмийн байдал үл харгалзан хүн бүрт нөлөөлдөг. Сонсголын ядаргаанаас эхэлсэн дуу шуугианы аюул нь шуугианы гэмтэл, дүлийрэл гэсэн түвшингүүдтэй. Хүнээс гадна тэжээвэр амьтад, хот суурин газрын ойролцоох ойн амьтад ч дуу шуугианы бохирдолд өртөж зовдог. Үүнээсээ болж тоо толгой нь буурах, дайжих зэрэг сөрөг нөлөөг гинжин урвал шиг л үзүүлдэг нь дуу шуугианы гамшгийн нөгөө тал болдог.
Дуу шуугианы бохирдол үүсгэгчид
Холигч, тоос соруулагч, угаалгын машин зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд дунджаар 87 дБ чимээ гаргадаг. Энэ нь зарим оронд зөвшөөрөгдсөн хэмжээнээс ч хэтэрсэн үзүүлэлт гэдгийг сануулах байна. Тэдний дундаас сэтгэцэд хамгийн их нөлөөлдөг гэр ахуйн цахилгаан хэрэгслээр эрдэмтэд телевизорыг нэрлэжээ.
Томоохон үйлдвэрүүд хэдэн арван машин, төхөөрөмжтэй гэхээр үйлдвэр, станцууд хотжилтын дуу чимээг үүсгэгч гол бохирдуулагч болдог. Үйлдвэрийн ердийн суурь машины дундаж чимээ 98 дБ байдаг гэвэл аюулын хэмжээг барагцаалж болох байх
Хот, суурин газрын бүх л дуу чимээнээс хамгийн чанга буюу 150 дБ дуутай нь онгоц байдаг ч олон давхар замууд, байнга шахуу түгжирдэг автозамын чимээ дунджаар 90 дБ байдаг аж. Хүмүүсийг хамгийн их тавгүйтүүлдэг, чимээ анир багатай гэгддэг гоожуурын ус дуслах, цагийн зүү цохилох зэрэг нам гүмийг эвддэг, нэгэн жигд хэрнээ тархи ядраадаг чимээ ч бохирдуулагчийн тоонд орно.
Үүний эсрэг бид юу хийж чадах вэ?
Гунигтай нь бид өөрсдийн бий болгосон, өөрсдийн гараар бүтээсэн хөгжил дэвшлийнхээ үр нөлөөнд хохирч яваагаа төдийлөн ойлгодоггүй. Ойлгосон нэгнийхээ хэлэхийг анзаардаггүй. Дэлхийн олон оронд дуу шуугианы бохирдлоос сэргийлэх зорилгоор элдэв янзын журам гаргаж мөрддөг ч энгийн хүмүүсийн оролцоогүйгээр, хүчин чармайлт, өөрсдийгөө хамгаалах зүйлсгүйгээр дуу шуугианы гамшигт нэрвэгдэж явахаас өөр аргагүй аж. Өөрийгөө болон гэр бүл, дотнын хүмүүсээ дуу шуугианы бохирдлоос хамгаалахын тулд доорх энгийн зөвлөмжүүдийн хагасыг ч болов хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ хэр их дуу гаргадгийг анзаарч, дуу чимээ багатай, дуу намсгагчтай бүтээгдэхүүн сонгох.
- Ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарих. Мод нь өөрийн төрлөөс хамааран харилцан адилгүйгээр дуу чимээг шингээдэг онцлогтой. Мэдээж дуу чимээний бохирдлыг бууруулаад зогсохгүй орчны агаарыг цэвэршүүлж, чийг хураадаг гээд олон ашигтай.
- Зайлшгүй шаардлагатай биш үед машиныхаа дуут дохиог хангинуулахгүй байх.
- Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч юм уу, дуу намсгагч байнга зүүж байх.
ЭХ СУРВАЛЖ: Л.ЭРДЭНЭЖАРГАЛ , EAGLE.MN
URL: