Урлагийнхан ба хар тамхи
-Хар тамхины эсрэг хуулийг чангатгая-
Урлагийнхныг харж хүмүүждэг байсан үе бидэнд бий. Тэгвэл өнөөдөр эцэг эхчүүд, хөгшчүүл “Урлагийнхнаас аль болох үр хүүхдээ хол байлгасан нь дээр” гэх аястай зүйл ярих болж. Энэ нь нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гээч болж буй хэрэг л дээ. Түүнээс урлагийнхныг бүгдийг нь муучилж байгаа зүйл огт биш юм. Залуусын хүндэтгэн биширдэг нөхөд хар тамхитай орооцолдоод байхаар ийн хэлэхээс ч яахав.
Урлагийнхны хар тамхитай орооцолдсон түүх нэлээд эртнээс эхлэлтэй. Тодруулбал, “Харанга” хамтлагийн дуучин МУГЖ Х.Лхагвасүрэнг урлагийнхан хар тамхины “загалмайлсан эцэг” гэх нь ч бий. Тэрбээр хар тамхи татсан хэргээр 10 жилийн ял сонссон ч Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан азтай нэгэн. Мөн “Монголын Хип, хопчдын холбоо”-ны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баабар, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, “Ice top” хамтлагийн Д.Манлайбаатар, дуучин Б.Амархүү, “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр буюу Жижгээ, жүжигчин Т.Билэгжаргал гэх зэрэг уран бүтээлчид урлаг хэмээх их айлын өргөөнд морилоод дөнгөж үүдэн хоймрын зайд алхах хэмжээний явж, жаахан гаргасандаа амжилтдаа сагсуурч Монголын ард түмнийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргацгаав.
Урлагийнхан ийнхүү хар тамхитай холбогдоод байгаа нь нэг талаараа урлагийнхны ухамсар, мэдлэг, боловсролыг,нөгөөтэйгүүр хууль сул байгааг харуулж буй юм.
Хамгийн анхны үйлдэл буюу МУГЖ Х.Лхагвасүрэнд 10 жилийн хорих ял онооход Монголын ард түмэн хайртай дуучнаа өрөвдсөн ч “Болж, зохих шийтгэлээ хүлээж байгаа нь тэр. Хэрэв хөнгөн шийтгэвэл араас нь хар тамхи хэрэглэх хөнгөн явдалтнууд олширно” гэж өрөвдөх, хайрлахыг зэрэгцүүлж байв.
Гэтэл Ерөнхийлөгчийн өршөөлөөр тэрбээр суллагдаж тэр ч бүү хэл улсын баяр наадмын урлагийн тоглолтыг нээн дуулсан нь олны дургүйцлийг хүргэж, “Яана даа, урлагийнхан одоо амташсан хэрээ 13 дахина гэгч болох нь” гэж хэлж байв. Үнэхээр тэдний хэлснээр болж урлагийнхан ар араасаа хар тамхи гэх цагаан тахалд шунан өвчилж байна.
Энэ нь хүүхэд залууст буруу хүмүүжил олгож, өнөөдрийн байдлаар хар тамхины хэрэгт холбогдсон 910 хүний 88.9 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлж буй гэх харамсалтай мэдээ байна. Тэдгээрийн 58 буюу 5.6 хувь нь насанд хүрээгүй 13-18 насны хүүхэд байгаагийн 34 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байгаа эмгэнэл юм.
Иймд хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдэгчдийг хатуу цээрлүүлье. Ингэж гэмээнэ бидний цөөхөн Монголчууд монголоороо үлдэж чадна.
С.ТУУЛ
Эх сурвалж: Erennews.mn
URL: