“Алтан Тариа”-гийн гурилаар ард түмнийг хэн айлгаад байна вэ…
Сар шинийн баяр дөхөж монголчууд маань уламжлалт баяртаа хүн бүр, өрх айл бүр эрвийх дэрвийхээрээ бэлдэж байна.
Энэ цаг үетэй давхцан сүүлийн үед цахим орон зайд хүнсний аюулгүй байдал алдагдаж буй тухай сэтгэл эмзэглэмээр мэдээллүүд цацагдах болжээ.
Үүний дунд “Алтан Тариа” компанийн гурил урд хөршөөс орж ирдэг, тэрчлэн үүнтэй холбоотой элдэв янзын итгэмээргүй зүйл байдаг тухай монгол нутгийнхаа хөрснөө ургасан буудайгаар хоолоо хийж иддэг хэмээн сэтгэл амар явдаг монголчуудын хэн ч уншсан сэрдхийм мэдээллүүд багтах аж.
Манай улсын гурилын хэрэгцээний ихэнх хувийг дангаараа хангадаг “Алтан Тариа” компани бол яах аргагүй үндэсний үйлдвэрлэлийн маань томоохон бахархал.
Монголчуудын хүнсний хэрэглээ Хятадаас хамааралтай гэх эвгүй мэдээг зөөллөдөг нь яах аргагүй “Алтан Тариа”-гийн гурил мөнөөсөө мөн. Гэтэл иймэрхүү мэдээллүүд цацагдаж буй нь хэрэглэгчдийн сэтгэлд сэв суулгаж байна.
Асар их итгэл үнэмшлээр сонголтгүй шахам худалдан авч хоол хүнсэндээ хэрэглэдэг монголчуудын хувьд энэ асуудал тун чухал.
Үндэсний аюулгүй байдлын тухай цуврал нийтлэлээрээ цахим орон зайд хэдийнэ танил болоод амжсан Golomt.org хэмээх сайтад энэ тухай барин тавин, олон баримт сэлт дурдан нийтэлжээ. Тэрхүү нийтлэлүүд нь ч хүнсний аюулгүй байдалд санаа зовних ёстой олон мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад амжсан.
“Алтан Тариа” компани хятадаас их хэмжээгээр гурил оруулж ирдэг тухай “Сэрэмжлүүлэг № 4: Монгол хүн мал шиг үхэхэд ойрхон байна” хэмээх материалд олонтаа дурджээ.
Тодруулбал “… Хятадад хоол хүнс хэрхэн бэлтгэдэг тухай дотор эвгүйрэм баримтуудтай танилцсан хүмүүсээc “гадны зүйл авахаа больё, мах, гурилаа л идэж байя” гэж уриалж байсан нь цөөнгүй.
Харамсалтай нь, үндэсний үйлдвэрлэгчид маань хүртэл хэрэглэгчдийн итгэлийг сэвтүүлсэн баримтууд чамгүй их аж…, …Лавшруулан судалж үзвэл “Алтан тариа”-гийн гурилын чанарын асуудал шинэ зүйл огт биш бөгөөд сүүлийн хэдэн жилд яригдсаар ирсэн.
“Алтан тариа”-гаас ноцтой зөрчлүүд илэрсээр байх атал авсан арга хэмжээ нь тодорхойгүйхэн, асуудал тэгсхийгээд унтардаг нь жинхэнэ ид шид гэлтэй…, …Дээрх явдлаас 4 сарын дараа буюу 2010 оны наймдугаар сарын 18-нд нэр бүхий сонин болон бусад хэвлэлээр “Алтан тариа”-гийн гурилаар бууз хийж идсэн гэр бүл мөнгөн усанд хордсон тухай мэдээлэл цацагджээ.
Буузных нь жигнүүр дээр мөнгөн ус бөнжигнөж байсан тухай Онцгой Байдлынхан ч баталcaн аж. Харин цаашид энэ талаар дахиад мэдээ гарсангүй, бас л сураг тасарчээ…” зэрэг баримтууд дурдагдсан байх бөгөөд уншигчдын сэтгэгдэл дундаас түүж авсан бололтой “…Зочин 2012-01-18 16:30:13 Энэ үнэн. Манай найз “Алтан тариа”-гийн менежер дандаа Хятад явдаг. Мөн “Өгөөж”-ийн ууттай гурилан боовнууд хужаагаас ирээд бууж байхыг хоёр нүдээрээ харсан байвал яах уу…, Үнэн 2012-01-18 13:02:56 “Алтан тариа” хужаагаас гурил оруулдаг нь үнэн байх, яагаад гэвэл тэдний төлөөлөгч гэж хүүхэн xужаад байдаг юм. Нэр нь Цацрал. Тэр нэг удаа ам нь халаад энэ тухай ам алдаж байсныг санаж байна…” гэх мэтчилэн олныг өгүүлжээ.
Олон ч монголчуудын сонорт хүрч тэднийг эмзэглэсэн энэхүү материалд хариу болгосон уншигчдын үгс мэдээллийн сайтуудын сэтгэгдэл бичих талбарыг хэсэгтээ л дүүргэсэн.
Гэвч асуудлыг ингээд замхруулж болохгүй. Үүнтэй хүн бүр санал нийлэх буй за. Бид энэ тухай бичихдээ “Алтан Тариа” компанийн эсрэг хандсангүй, тус компанийн талд ч орох гэсэнгүй.
Зөвхөн сэтгэл эмзэглэх мэдээллүүд үнэний ортой юу, бид үнэхээр хятадаас ирсэн гурил хэрэглэж байна уу, аль эсхүл үндэсний үйлдвэрлэгч “Алтан Тариа” компанийн нэр хүндийг унагах гэсэн хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн дайралт уу гэдгийг уншигч, хэрэглэгчдэд зөв талаас нь тодруулах гэсэндээ энэхүү нийтлэлийг бичлээ.
Энэхүү материал хаа сайгүй тархаад буй энэ цагт “Алтан Тариа” компани ард түмэндээ хандан мэдээлэл гаргаж олон түмнийхээ санааг амирлуулах цаг хэдийнэ болсон гэж бид үзлээ. Үүний учир бид тодруулга авахаар “Алтан Тариа” компанийн маркетингийн албатай холбогдсон юм.
Сүүлийн үед интернэтээр цацагдаад буй материалын тухайд, мөн ямар нэгэн тайлбар хийх тухай асуухад “Бид мэдэж байгаа. Манай гурил Мэргэжлийн хяналтын газар зэрэг бүх хяналт шалгалтын албан ёсны баталгаатай. Мэргэжлийн байгууллага нь хянаад шинжлээд, батлаад өгч байхад бид юу хэлэх вэ дээ. Үүнийг бид өрсөлдөгч байгууллагын дайралт, хар пиар гэж л үзэж байгаа. Хэн ямар гурилаа сонгох нь өөрсдийнх нь сонголт” хэмээн тодруулга өгсөн юм.
Үнэхээр хяналт, шалгалтын шат давааг давж хэрэглэгчдийн гарт “Алтан Тариа”-гийн гурил маань ирж буй бол бидний санаа амрах болно. Монгол нутгийн маань хөрс шороонд ургасан амуу буудай элдэв бузраас холуур түмэн олонд минь үр шимээ өгөөсэй.
О.Нар
URL: