Ээж минь гэртээ заавал ирээрэй

9847

Ердөө хоёр сарын өмнө ээж минь өдөр болгон оройн 18цагаас 19цагийн хооронд гэртээ заавал ирдэг байлаа. Ээжийн ирэх чимээ энэ дэлхийн хамгийн сайхан чимээ. Хаалга дуугарахтай зэрэгцэн “Би ирлээ. Ээж нь ирлээ.” гэж чанга дуугаар хөгжилтэй хэлэхэд нь би хийж байсан зүйлээ орхин углаашаараа шал пад пад цохин гүйсээр очдог байлаа. Ээж минь эмч ба ажил, амьдрал хоёроо маш сайн салгаж сурсан хүн тул гэрт хэзээ ч өвчтөний тухай, эмнэлэг дээр болсон үйл явдлын талаар ярьдаггүй. Орой болгоны арван найман цагаас хойш миний ээж, гэрийн дулаахан элч, инээд хөөр болох гэж яаран орж ирдэг байсан ээж минь ирэлгүй их удлаа. Миний ээж бол Ухань хотын төв эмнэлгийн хаалгаар ороход танилцуулга нь хамгийн дээр нь байдаг нэр хүндтэй эмч хүн. Аав, эмээ, өвөө бид нар хэзээ онгойх нь мэдэгдэхгүй хаалга руу харан тус бүрдээ ээжийгээ, эхнэрээ, охиноо орж ирэхийг хүлээцгээх болов. Үүдний өрөөнд гутлаа тайлангаа:

-Ямар амттай хоолны үнэр вэ. Маргааш би өнжиж ажиллах юм шиг байна гэж хоёр сарын өмнө хэлж байхад нь хэн нь ч ийм айхавтар өвчин гарч ээжийг минь биднээс тусгаарлана гэж төсөөлөөгүй. Магадгүй тэр үеэс эхлэн ээж маань гэртээ өвчтөн болон эмнэлэгт болсон үйл явдлын тухай санаа зовнин ярьсан ч хэн нь ч ийм дээрээ тулна гэж бодоогүй. Ширээ тойрон сууж хоолоо идэцгээх эмээ, өвөө, аавын минь царай нухацтай нь аргагүй ээжийн ярихыг сонсож бас маргааш ажил дээрээ ачаалал ихтэй ядарна гэсэн байдлаар шууд орондоо орж амрахыг зөвлөж байлаа. Ээж өмнө нь ажлаасаа ирээд хоолны ширээгээ цэвэрлэж, гэр орны аар саархан ажлыг амжуулдаг байсан бол сүүлийн үед тэнхэл муутайхан орж ирээд бушуухан орондоо шургадаг болсон.

-Ээжийгээ амраах хэрэгтэй. Тэр одоо бидний ээж биш Ухань хотын ханиад хүрсэн хүн болгоны ээж болсон гэж аав надад тайлбарлав. Хамгийн сүүлд ядарч ирээд орондоо хэвтэх ээждээ халуун цай оруулж өгөхөд дулаахнаар инээмсэглэж:

-Өнөөдөр ээж нь ажил дээрээ чиний хийж өгдөг энэ гоё цайг ямар их уумаар байсан гэж санана. Цай ууж суух зав битгий хэл балга ус ч уух зав гарсангүй. Маргааш ээждээ жижиг халуун саванд хийж өгөөрэй гэсээр намайг тэвэрсэн. Харин маргааш өглөө нь өмнөх шигээ л өглөө ажилдаа явахаар гарахдаа:

-Ээж нь эрт ирнээ гэсээр хаалга зөөлөн хаасаар явж билээ. Тэр өдөр нэг л ёозгүй санагдсан. Сургууль дээрээ очиход тэр дор нь тарааж тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоосон гэв. Ээж минь хамгийн түрүүнд бодогдож утас руу нь залгахад утсаа авсангүй, орой нь ирсэнгүй.

Одоо би цонхоор хараад зогсож байна. Манай гэрийн цонхоор тоглоомын талбай, түүний цаана зам харагддаг. Өмнө нь тоглоомын талбай дээр хүүхдүүд бужигнаж, замаар машин холхидог байсан. Харин одоо би ямар ч хүнгүй хотын нэгэн орон сууцанд цор ганцаар үлдсэн нэгэн мэт мэдрэгдэж байна. Нэг хар арьст эр нохойтойгоо хамт хоёулхнаа Нью-йорк хотод үлддэг тухай кино үзэж байсан юм байна. Тэр киноны зураг авалт энд болоод ч байгаа юм шиг гэнэт сонирхолтой санагдлаа. Гэхдээ энд сонирхолтой, хөгжилтэй гэх юу ч алга. Аав минь гурав хоногт нэг удаа хүнс авахаар гарахаас бусдаар хаалга онгойхоо больж дээ. Ээж өдөр яаж ийгээд нэг удаа залгана. Сандарсан, ядарсан хоолойгоор:

-Гэрээсээ гарч болохгүй. Аавыгаа орж ирэхэд бүх гадуур хувцсаа тайлж усанд орсны дараа нь ойртоорой. Бас бүх хүнсээ бээлий өмсөж байгаад заавал угаана шүү гэж байн байн сануулахаас бус санаж байна, удахгүй очно гэж огт хэлэхгүй байх нь маш их айлгадаг. Өвөө, эмээ хоёр зурагтаар гарах мэдээ бүрийг зүрхээ даран байж зовнин сонсовч нөхцөл байдал бүр дордсоор. Одоо бүр эмнэлгийн ажилчин өвчтөнүүдээсээ халдвар авч эхэллээ гэх энэ ертөнцийн хамгийн муухай мэдээг сонслоо. Өвөөд энэ мэдээ таалагдсангүй тул таягаараа шал товшиж:

-Ийм муухай юм энэ яваа насандаа үзсэнгүй хэмээн бухимдав. Тэгснээ гэнэт ихээр бөгшүүлэн ханиахад эмээ надруу огцом айдастайгаар харлаа. Энэ үед аав хүнсээ авахаар гарсан тул би хурдан ирээсэй гэж туйлаас их хүсэв. Гэвч аав хаалганы цаана маш их тортой хүнсээ тавиад өөрөө гэртээ орж ирсэнгүй. Хаалганы цаанаас аав:

-Аав нь халдвар авсан юм шиг байна. Ээж дээр нь очиж эмчлүүлээд ирье гэхэд нь надад зүйрлэшгүй хүнд санагдаж хаалга балбаж гарна гэж зүтгэв.

-Чи үгэнд орох хүүхэд үү үгүй юу. Ингээд байвал ээж чинь ирэхгүй шүү гэж сүрдүүлэв. Дараа нь аавын хөлийн чимээ алсран холдлоо. Би цонх руу гүйж очин харахад аав ганцаархнаа мөрөө унжуулчихсан алхах аж. Эргэж ч харсангүй. Хоосон хот нэгэн хүнийг залгих мэт тэр дор нь алга болгов. Гэнэт эмээ өвөө хоёр тортой бүх хүнсийг ариутгаж тавиад өөрсдөө гарахаар хувцаслахад би гайхаж бас айлаа.

-Аав чинь халдвар авсан бол бид хоёр ч бас авсан байгаа.

-Тэгвэл би ч бас авсан тийм үү гэж намайг тулган асуухад:

-Хөгшин хүмүүс илүү их халдвар тээгч болж байна гэсэн. Бид хоёр та чамтай удаан байж болохгүй гэж өвөө зандрах мэт эрсхэн хэлсээр хувцаслав. Эмээ ч бас үүд рүү очиж хувцаслахдаа хүнс хаана хаана байгааг хэлж, дахин угааж хэрэглэхийг сануулангаа хувцаслах нь ердийнх шигээ хийн дасгалаа хийхээр гарч байгаа мэт хөнгөн сэтгэгдэл төрүүлэх нь тэр. Би тэссэнгүй хамт явахаар гүйж очтол өвөө таягаараа цээж рүү хатгах мэт зогсоож өндөр дуугаар:

-Цаашаа цаашаа үхэхийг хүсээ юу гэж загнахад огт өвдөөгүй цээжээ дарсаар би уйлав. Эмээгийн сэтгэл нь хорогдох харцнаас нь илт эргэн эргэн харсаар хаалгаар гарлаа. Хаалга зөөлхөн хаагдав. Би хормын дотор ар араасаа гарч одох тэдний энэ огцом үйлдэлд цочирдож гүйцлээ. Эмээ намайг цонхоор харна гэдгийг мэдсэн шиг эргэж харан харан хоосон хотод залгиулахаар алгуурхан алхахдаа уйлж байгаа бололтой нулимсаа арчих аж. Харин өвөө таягаа хол хол тавин яаран алхахдаа эмээг хурдлаач гэж байгаа бололтой гараараа дохино. Би гэгээ тасартал аав, ээж, эмээ, өвөөг минь залгисан хоосон хотыг цонхоор харж зогсохдоо ямар буруу зүйл хийснээ нэхэн санаж энэ бол тэр бүхний алдаа гэж өөрийгөө зүхэв. Айлуудын гэрлүүд нэг нэгээрээ аслаа. Өдөр нь хов хоосон харагдах орон сууц болгоны цонхны цаана хүмүүс чимээгүйхэн амьдарч байгаагаа надад харуулах шиг бас тайвшруулах шиг санагдав.

Би айж байна. Арагш хэд алхаад гэрлээ асаахаас айж байна. Хаалга дахин хэзээ ч онгойхгүй байх вий гэхээс айж байна. Гэнэт хөршийн найрсаг зантай эгч санаанд орж гэрээс гарлаа. Хаалгыг нь удтал тогшсон ч нүдсэн ч хаалгаа тайлсангүй. Зэргэлдээ хаалганы эзэгтэй чимээгээр гарч ирэхэд нь би уйлан байж:

-Аав, эмээ, өвөө халдвар авсан гээд эмнэлэг явсан. Би гэртээ ганцаараа байхаас айгаад байна гэхэд тэр эмэгтэй тэр дариу хаалгаа тас хийтэл хааж орхив. Хаалганы цаанаас:

-Хаалганы бариулд битгий хүрээрэй. Хаана ч битгий хүр. Гэртээ эргэж ор эсвэл эмнэлэг яв. Гуйж байна. Манай хаалганаас холдож үз хэмээв.

Би гэртээ орж аав ээжийнхээ өрөөнд хонолоо. Шөнөжингөө хаалга, утас дуугарахыг хүлээсэн ч хоёр өдрийн турш хэн нь залгасангүй. Ээжийн утас руу, аавын утас руу, эмээгийн утас руу залгасан нь холбогдох боломжгүй болжээ. Гэгээ ормогц гэр бүлийнхээ явсан зүгрүү цонхоор харж горьдлого тээн зогсовч хэн нь эргэж ирсэнгүй хэвээр л байлаа. Хоёр хоногийн дараа утас хангинав.

-Ээж нь байнаа. Аав, эмээ, өвөө нь зүгээр үү. Тэд хаана байна гэж цуцсан хоолой сулхан дуугарав.

-Тэд халдвар авсан гээд явсан. Тань дээр очиж эмчлүүлнэ гэсэн. Та хэзээ ирэх юм бэ гэхэд ээж хэсэг чимээгүй байснаа:

-Чи яаж байна. Халуурч байна уу духан дээрээ гараа тавиад үз дээ гэв. Ээжийгээ ирүүлэх ганцхан боломж мэт санагдсан тул би халуун байна, би халуурч байна, өвдөж байна гэж эрхлэн уйлахад ээж мөн адил харилцуурын цаана уйлж байгаа бололтой сонсогдов.

-Ээж нь эмчилж байсан өвчтөнөөсөө халдвар авсан. Гэхдээ ээж нь эцсийн мөч хүртэл ажлаа хийх ёстой. Хэрвээ чи халдвар авсан бол ээж нь чам дээр одоо очно. Тэгээд эмчлэх гэж оролдсон ч бараг л боломжгүй. Хэрвээ чи ээжтэйгээ уулзахын тулд халуурч байна гэж худлаа хэлсэн бол би хууртаж чам дээр очно. Чи надаас халдвар авч өвдөнө. Тэгвэл би өөрийгөө хэзээ ч уучлахгүй. Аав, эмээ, өвөө нь нас барсан байх гэж би таамаглаж байна. Ээж нь ч бас нас барж магадгүй. Хэрэв чи халдвар аваагүй бол энэ удмыг үргэлжлүүлэх цорын ганц хүн болно. Энэ чиний ээжийгээ санах сэтгэлээс ч илүү үнэ цэнтэй зүйл гэдгийг бүү март. Би чамаас нэр төртэйгээр, тэсвэр тэвчээртэйгээр энэ хэцүүг даван гарч удмаа үргэлжлүүлэн авч үлдээсэй гэж хичээнгүйлэн гуйж байна. Одоо ээждээ үнэнээ хэл. Чи халуурч байна уу хэмээн эхэндээ зандрах мэт ярьсаар эцэст нь аргаа барсан мэт аргадан өгүүлэв.

-Ээжээ, би халуураагүй. Миний бие маш сайн байна. Би ганцаараа байхаас айж байна. Хоолоо хийж идсэн. Та хэзээ ирэх вэ хэмээн уйлахгүйг хичээн цоглогоор хэлэхэд:

-Маш сайн байна. Үнэхээр их баярлалаа хүү минь. Миний хүү одоо найман настай том эр болсон. Хоолоо зохицуулж өдөрт бага багаар идээрэй. Зөвхөн өлсвөл хоол хийж идээрэй. Хаалга онгойтол хэн нэгэн орж иртэл хаалгаар бүү гараарай. Чи зоригтой хүү юм хэмээн ээж минь чанга дуугаар хэлж урам өглөө. Удалгүй харилцуур тасрав.

Би хаалга онгойхыг хүлээж байна. Ээж дахиж залгасангүй. Хот хоосон эзгүй хэвээр бүүдийвч үдэш нь айлууд гэрлээ асааж чиний эргэн тойрон амьд хүмүүс байна тиймээс бүү ай хүү минь гэх шиг гэрэлтэнэ. Гурав хоноход гэрэл нь асах цонхнууд нэг дахин цөөрөв. Удахгүй түнэр харанхуй болох вий гэхээс би айж байна. Оройн 18 цаг болоход би ээжийгээ ирж байна хэмээн төсөөлж хаалга налан суудаг.

\Өчүүхэн миний сэтгэл оюун бодолд ийм дүр зураг буулаа. Тэнд олон олон хүүхдүүд ээжийгээ, аавыгаа хүлээж байгаа байх гэх төсөөлөн сэтгэл хөндүүрлэн явсаар уран зохиолын хэлбэрт оруулан бичлээ.

Зохиолч. Пүрэвмаа


URL:

Сэтгэгдэл бичих