Прокурорын хахуулийн хэрэг шийдэгдэхгүй ДӨРВӨН дэх жилийнхээ нүүрийг үзэж байна

cc138a35043c690a8571e99df28760ffХуулийн байгууллагынхан хуулийн цоорхойг сайн мэддэг тул хариуцлагаас мултрах вий гэсэн болгоомжлол байдаг нь нууц биш. Тэгвэл яг болгоомжлолыг ажил хэрэг болгож байгаа хүн бол Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Ж.О болох магадлалтай байна.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа өөрийн хяналт тавьж байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний төлөө тухайн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдсан П.А-с 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Яаралтай түргэн тусламжийн орчим түүний эзэмшлийн Соната маркийн 58.. УНЕ улсын дугаартай автомашинд 1.000.000 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийн, нийт 1.800.000 төгрөгийн хахууль авсан хэргээр шалгагдаж байгаа юм.

Эрүүгийн 201601000232 дугаартай хэрэг 2018 онд шүүхэд шилжиж  анхан болон давж заалдах, хяналтын шүүхээр хэлэлцэгддэг ч эргэж буцсаар байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд  2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр  Улсын дээд шүүхээр хэргийг хэлэлцээд анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь хэлэлцэх бөгөөд энэ нь хугацаа хожих арга юм. Хугацаа их хожих тусам хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хаах боломжтой болох бөгөөд шүүхээс гэм буруутай гэж үзэх ч ял оноох боломжгүй болно. Прокуророор ажиллаж байсан хүн энэ зэргийн хуулийн цоорхойг анзаарагүй биш анзаарсан нь баараггүй юм.

Ингэж хардахын учир нь Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн дөрвөн жилд ГУРВАН удаа өөрчлөгдсөн. Шүүхээр хэргийг хэлэлцэхдээ Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Ж.О-т ашигтайгаар хэлэлцэх болно. Өөрөөр хэлбэл хахуулийн   хэрэг үйлдэгдэх үед 2002 оны эрүүгийн хууль мөрдөгдөж байсан. Улмаар 2017 онд эрүүгийн хууль өөрчлөгдсөн бөгөөд энэ жил Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд мөн өөрчлөлт орсон. Тэгэхээр гурван өөрчлөлтөөс харж байгаад  аль ашигтай байдлаар нь түүний хэргийг хэлэлцэнэ. Тэгэхээр хэргийг хэлэлцэхэд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Ж.О ГАНЦХАН жил үлдээд байна гэсэн үг. Хэрвээ нэг жилдээ багтааж шийдэхгүй бол хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хаах болно.

Хэрэгт хяналт тавьдаг байсан хууль сахиулагч нь ингэж хуулийн цоорхойг ашиглаж, хариуцлагаас мултрах нь ёс зүйтэй үйлдэл мөн эсэхийг дүгнэх эрхийг уншигч танд үлдээж байна.

http://dorgio.mn/p/115394


URL:

Сэтгэгдэл бичих