Туркийн арми Сирийн цэргүүдэд цохилт өгч эхэлжээ

712-15828498165e585fe1e9b80АНКАРА. /RIA Novosti/. Идлиб мужид Туркийн цэргүүд амиа алдсаны дараа тус улс Сирийн армид газраар болон агаарын цохилт өгч эхэлжээ. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын харилцааны газрын дарга Фахреттин Алтун мэдэгдлээ.

“Манай арми Сирийн армид цохилт өгөхийн тулд агаарын болон хуурай замын цэргийн хүчийг ашиглаж байна” гэж тэрбээр мэдэгдээд хариу цохилт “олон” байх болно гэж нэмж хэлжээ.
Туркийн эрх баригчид мөн дэлхийн хамтын нийгэмлэгт болон Астанагийн үйл явцад оролцогчдод хандан “Сирийн дэглэмийн хүн төрөлхтний эсрэг үйлдэж буй гэмт хэргийг” зогсоохын тулд хариуцлагыг өөртөө авахыг уриалсан байна. “Манай улсын далбаанд хүрэхийг оролдож буй хүмүүсийн гарыг хугалах хүртэл Сири дэх бидний ажиллагаа үргэлжлэх болно” гэж Алтун мэдэгдэв.
Сирийн агаарын цохилтын улмаас 29 цэрэг амиа алдсан гэж Туркийн Хатай мужийн захирагч урьд нь мэдээлсэн байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гаргийн оройн тус улсын аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулжээ. Уг хуралд хүчний байгууллагуудын дарга нар болон Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу оролцсон байна.
Туркийн арми босогчдын дэмжлэгтэйгээр Идлиб мужийн Саракиб хот руу давшиж эхэлсэн тухай Сирийн төрийн мэдээллийн САНА агентлаг пүрэв гарагт мэдээлжээ. Тус хотыг Сирийн цэргүүд хоёрдугаар сарын эхээр чөлөөлсөн байна.
Оросын телевизийн “Россия 24″ сувгаар мэдээлснээр, Туркийн цэргүүд Идлиб муж дахь Сирийн Засгийн газрын цэргүүдийн байрлалууд болон ОХУ-ын нисэх онгоцууд руу гал нээжээ. Идлибийн асуудлаар ОХУ-тай хийж буй хэлэлцээнд одоогоор сэтгэлд хүрсэн үр дүн гараагүй байгаа бөгөөд Анкара энэхүү бүс нутагт цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байна гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган урьд нь мэдэгджээ. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгдэхдээ, Туркийн хариу үйлдлийг үл харгалзан Алеппо, Идлиб мужуудыг чөлөөлөх ажллагаагаа үргэлжлүүлнэ гэж цохон тэмдэглэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих