“Монгол эм импекс” компани хугацаа нь дууссан эмүүдээ иргэдэд шахсаар байна

Манай эрүүл мэндийн салбарт яах аргагүй салхи оруулж, шинэчлэх ёстой хэд хэдэн асуудал байдаг. Үүний нэг нь эм, эмийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг эмийн сан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хуурамч бүтээгдэхүүн оруулж ирж, ард түмнийг хулхидана, хортой хоргүй нь мэдэгдэхгүй, янз бүрийн эм шахна. Бас болоогүй тураана, таргалуулна, гоё сайхан болгоно хэмээн иргэдийг төөрөгдүүлнэ. Ядаж байхад манай иргэдэд эмийн зохистой хэрэглээ гэж байдаггүй. Тааралдсан эмээ ам руугаа хийдэг ард түмэнд энэ нь бүр ч нэрмээс болж байх шиг. Харин энэ тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь даанч харамсалтай.

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа сайдынхаа суудлыг өгөх гэж байхдаа эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт гарсан энэ тэр гээд л үнэн худал нь мэдэгдэхгүй баахан тайландсан. Хэрвээ энэ салбарын аль нэг  асуудлыг нь шийдчихсэн бол за бүр байг гэхэд шийдэх гарцыг нь олсон бол сайн ажиллаа гэж жаахан ч гэсэн урам хайрлахсан. Гэвч гурван жилийн өмнө ямар байсан тэр хэвээрээ байгаа салбарын юуг нь харчихаад сайжирсан гээд байгаа юм бол. Ядаж дотооддоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ганцхан компаниа харчихсан.

Манай улсад эмийн салбарт дархан эрхтэй ганц компани байдаг нь “Монгол эм импекс”. 21 аймагт салбартай энэ байгууллага манай эмийн салбарын хамгийн том байгууллагын нэг. Тиймдээ ч хил гаалиар оруулж ирэх хориотой морфен гэх мэт эмийн бүтээгдэхүүнийг ямар ч тендергүйгээр оруулж ирдэг. Гэвч хэдэн жилийн өмнө хувьчлагдсанаасаа хойш монголын ард иргэдэд хугацаанд дуусах дөхсөн эмүүдээ бараг л шахдаг болсон гэхэд хилсдэхгүй болсон гэнэ.

Тодруулж хэлбэл “Бишрэлт” компанийн мэдэлд байдаг энэ байгууллагын эмийн санчид хугацаа нь дуусах шахсан эмүүдээ иргэдэд ухуулга сурталчилгаа хийж зардаг аж. Яагаад ингэдэг талаар нь эмийн санчдаас нь асуухад “Хэрвээ хугацаа нь дууссан эм үлдвэл тооцоог нь цалин дээрээс суутгачихдаг юм” хэмээн учирлав. Энэ байгууллага эмийн санчиддаа хугацаа нь дуусах гэж байгаа эмээ “далд оруулсангүй” гээд нэг ёсондоо шийтгэж байгаа энэ аж. Тиймдээ ч аргаа барсан эмийн санчид хугацаа нь дуусах шахсан эмээ амьтан хүний толгойг нь угааж байгаад ч хамаагүй зарахын түүс болдог байна. Толгойн эргэсэн иргэд ч түүнийг нь амархан “цааш харуулчихдаг” гэнэ.

Эм бол хүний биеийг илааршуулдаг ч нөгөө талаараа хордуулдаг бүтээгдэхүүн. Хортой гэдгийг нь хэнээс ч илүү мэдэх энэ байгууллага эмийн санчидаараа дамжуулан ийнхүү монголын ард түмнийг хордуулж байна. “Би үхэхээр чи үх” гэдгийн үлгэрээр таарч тохирохгүй эм иргэдэд шахаж байгаа энэ байгууллага эл үйлдлээ хэдэн жилийн өмнөөс хийсэн гээд бодохоор хэчнээн хүний эрүүл мэндийг хохироосон бол. Эмийн зохистой хэрэглээг тааруухан мэддэг ард иргэдийнхээ энэ зангаар хэдэн жил бизнес хийх бол. Ингэж ард иргэдээ дорд үзэж байгаа байгууллага хуурамч эм зардаг байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Бүр цаашилбал “Но”-той бүтээгдэхүүн оруулж ирчихээд л бушуухан зарахын тулд ийм арга хэрэглэдэг байж болох. Ер нь тэгээд ямар ч тендергүйгээр, хяналтгүйгээр эмээ оруулж ирдэг юм чинь хуурамч эм бол энүүхэнд биз. Хэрэвзээ үнэхээр баталгаатай, чанартай бол ингэтлээ “шахаж”, зайлуулахыг бодохгүй биздээ.
Саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн эмийн сангуудад шалгалт хийхэд 64 эмийн санд манайд бүртгэгдээгүй 11 нэр төрлийн эм худалдаж байсан зөрчил илэрсэн байсан. Хэдийгээр нүдэнд харагдаж чихэнд дуулдаагүй ч “Монгол эм импекс”-ийхэн эдгээр зөрчил гаргасан байгууллагын дунд тууж яваа гэдэг итгэлтэй байна. Учир тэд чинь хугацаа нь дуусах шахсан эмүүдээ хор хөнөөлийн ч бодолгүй шахдаг, “хорлогч” байгууллага шүү дээ.

chuhalmn


URL:

Сэтгэгдэл бичих