Задарсан засаг ноёдын хэрэг эхнээсээ шүүхэд шилжлээ
Төрийн сэнтийд заларсан л бол гэдэс нь бүдүүрч, өндөр дуутай, удаан алхаатай болдог байдал манайхны төрийн албаныхны имиж болсон гэхэд нэг их хэтийдэхгүй л болов уу. Цэвэрлэгчээс эхлээд Засаг дарга, түүнээс дээш албан тушаалд хүртэл дэвшдэг сүйхээтэй эрхэм олон. Тэднийг ямар нэг байдлаар буруутгах гэсэнгүй. Муу ч хэлэх ч гэсэн юм биш. Харин төрийн мөнгөнөөс хумсалж, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа засаг ноён цөөнгүй байна. Тэднийг эхнээс нь шалгаж эхэлжээ. Он дамнан шалгагдаж байгаа нийслэл, аймгийн засаг дарга, зарим ИХТ-ын дарга нарыг АТГ-аас шалгаж байгаа юм. Мөн зарим агентлагийн дарга нарыг ч шалгаж эхлээд байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар албан тушаалтай холбоотой эрүүгийн хэрэгт Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Болд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.
СХД-ийн Засаг дарга Ц.Болд цас хайлуулах бодис нийлүүлэх нэрийдлээр мөнгө завшсан уу
Хуульч мэргэжилтэй тэрбээр Ажилчны районы /одоогийн ХУД/ хороо хариуцсан хогийн байцаагчаас ажлын гараагаа эхэлж ТҮК-д хог хариуцсан мэргэжилтэн улмаар ТҮК-ийн дарга болтлоо дэвшсэн сүйхээтэй эр. ТҮК-ийн даргаас Засаг дарга хүртэл дэвшиж чадсан Ц.Болдыг төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэмээн Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран илрүүлсэн юм. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн олон удаа төсвөөс мөнгө завшсан. Ингэхдээ нийслэлийн Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг татан оролцуулсан байж болзошгүй хэмээн УМБГ-т шалгаж байгаа. БНХАУ-аас цас хайлуулах бодис хэмээн оруулж ирж төсвийн хөрөнгөөс нэг авахдаа 20-30 сая төгрөгийг гаргуулдаг байсан нь баримтаар тогтоогдсон хэмээн эх сурвалж мэдээлсэн. Түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон талаар Нийслэлийн прокурор Ё.Сагсай хэллээ. Түүний хэрэг удахгүй нийслэлийн прокурорын газарт шилжинэ.
Налайх дүүргийн Засаг даргын газартай холбоотой хэрэг
Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр болон ИТХ-ын дарга С.Батдорж нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна. Тус дүүргийн удирдлагуудыг газартай холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн. Засаг дарга Б.Баяндэлгэр нь 320 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж болзошгүй аж. Түүний хэргийг ИТХ-ын 25 гишүүнээс найман гишүүн нь шалгуулах хүсэлт гаргасан байдаг. Тэрбээр “Жэхуан групп”-т Налайх дүүрэгт орших газрыг өгөхийн тулд “Сеогёонг” компанийн эзэмшлийн 289 га газрыг 2009 оны наймдугаар сард 314 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон тухай ч мэдээлэл бий. Б.Баяндэлгэр “Сеогёонг” компаниас “булаасан” газраа “Жэхуан групп”-ийнхэнд 300 мянган ам.доллараар “зарах” санал тавьсан. Мөн газрын гэрчилгээ өгөхөөс өмнө урьдчилгаа төлбөр хэрэгтэй гэдгийг ч хэлсэн зэрэг түүний талаарх таагүй мэдээллүүд байдаг.
Д.Оюунбат хууль бус тендер зарласан уу
Орхон аймгийн ИТХ-ын гишүүд таван өдөр хуралдсаны эцэст Засаг дарга Д.Оюунбатыг суудлаас нь буулгах шийдвэрийг оны өмнө гаргасан. Хэдийгээр Д.Оюунбат өнгөрсөн жилийнхээ ажлын биелэлт 96 хувьтай байна хэмээн сайшаан ярьж байсан ч түүнийг огцруулсан. Засаг дарга Д.Оюунбат тамга тэмдгээ хүлээлгэн өгч, орлогч П.Пүрэвлхагва шинэ даргатай болох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болсон юм. Д.Оюунбат мөн л албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаад байна. Тэрбээр таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендерийг авсан байдаг. Гэтэл мэргэжлийн экспертүүд уг төв цэнгэлдэхийг хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэжээ. Түүнчлэн Орхон аймагт зарласан таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан байж болзошгүй аж. Мөн Орхон аймагт “Бурхан багшийн сэрэг дүр” нэртэй хөшөө босгосон “Тод-жаргал” ХХК Засаг дарга Д.Оюунбаттай холбоотой байж болзошгүй байгаа. Түүний хэргийг нийслэлийн прокурор хянаж дуусаад Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.
Ж.Баянмөнх цагдан хорихын эмнэлэгт эмчлүүлж байна
Тус аймгийн засаг дарга Ж.Баянмөнхийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байна. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж байсан юм. Гэвч эрүүл мэндийн байдлаас болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай Нийслэлийн прокурор мэдээлсэн.
Засаг дарга Э.Цасчихэрийн хэргийг энэ сард прокурорт шилжүүлнэ
Э.Цасчихэр нь аймагтаа үйл ажиллагаа явуулдаг “Мөнхжим” компанийн 40 хувийг эзэмшдэг. Тус компани 2007 онд Нарийны голын 325 метр урт гүүрний барилгын ажлыг гүйцэтгэхээр 514,2 сая төгрөг урьдчилан авсан ч хэдэн шон татсан болоод өнгөрсөн аж. Гэтэл 2011 онд тус гүүрийг барина хэмээн дахин 5,6 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулсан байна. Мөн Увс аймгийн Засаг даргаас гадна ИТХ-ын дарга Д.Батсайханыг ХОМ-ээ буруу мэдүүлсэн. Мөн “Атрын III” аянд зориулсан санхүүжилтээс төсвийн байгууллагын ажилчдын цалинг барьцаалан 200 сая төгрөгийн зээл авсан гэх үндэслэлээр АТГ-т шалгаж байна. Гэхдээ ИТХ-ын дарга Д.Батсайхан “Төсвийн хөрөнгөөс аваад идчих сул мөнгө байхгүй, шударга хөдөлмөрөөр ажиллаж байгаа намайг хэлмэгдүүлж байна” хэмээн хэд хэдэн удаа ярьсан байдаг.
Өнөөдрийн байдлаар Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийн хэргийг АТГ шалгаад дуусах шатандаа оржээ. Энэ сардаа багтаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн прокурорын газарт шилжүүлэх тухай нийслэлийн прокурор ярив.
URL: