Covid-19 бүртгэгдвэл Монгол Улс бэлэн үү?

9701

Шинэ коронавирус буюу Covid-19-ийн халдвар тархах маш өндөр эрсдэлтэй улсын тоонд Монгол Улс багтаж буй. Ялангуяа, БНХАУ-аас гадна Япон, БНСУ зэрэг манай улсын иргэд хамгийн ихээр зорчдог Азийн орнуудад халдвар өдөрт 100, 100-гаараа бүртгэгдсээр байна.

Тэгвэл энэ вирусийн халдвар бүртгэгдлээ гэхэд Монгол Улс бэлэн үү?

Бэлтгэл ажил ямар байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын танилцуулснаар хүргэж байна.

Тэрбээр:

  • Эрүүл мэндийн яаман дээр Эмнэл зүйн зөвлөх баг гарган ажиллуулж байгаа. Үүнд  уушги, дотор, эрчимт эмчилгээ, халдварт өвчний чиглэлээр Монголдоо тэргүүлэх зэрэгтэй ажилладаг гавьяат, доктор, профессоруудыг татан ажиллуулж байна.
  • Бид ДЭМБ-аас баталсан зөвлөмж заавар дээр үндэслээд өөрсдийнхөө зөвлөмж зааврыг MERS, SARS-ийн үед гаргаж байсан удирдамж, заавруудтайгаа уялдуулан боловсруулаад, шинэчлэн гаргасан байгаа.
  • Өөрөөр хэлбэл, ЭМЯ зөвхөн ДЭМБ-ын заавар зөвлөмжийг хараад суугаагүй, өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан ажиллаж байгаа. Тухайлбал, БНХАУ болон БНСУ-д суралцсан эмч нар маань өдөр бүр тухайн голомтод ажиллаж байгаа дотрын болон эрчимт эмчилгээний мэргэжил нэгтнүүдтэйгээ холбогдож, эмчилгээнд ямар дэвшил гарч байгаа, эдгэрч байгаа тохиолдолд ямар эм, эмчилгээ ашиглаж байгаа болон эмчилгээ, оношилгооны ямар заавар ашиглаж байгаа талаар мэдээлэл авч, түүнтэй уялдуулан бэлэн байдлаа хангаж, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцөө хангаад бэлдэж ажиллаж байгаа.
  • Зөвлөх баг утсаар болон онлайнаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөөд ажиллаж байна.
  • Шаардлага гарвал хэрхэн ажиллах бүх тооцооллыг хийсэн. Оношлуур одоо хангалттай, хүрэлцээтэй байгаа. Цаашдаа оношилгоогоо Ховд, Орхон, Дархан-Уул, Дорнод аймгийн лабораториудад хийлгэхээр бэлтгэл хангаад, эмч, сувилагч мэргэжилтнүүдээ сургаж байна.

Эмнэлгийн бэлэн байдлын хүрээнд:

  • Эмнэлгийн бэлэн байдлыг хангаж манайд оруудыг бэлдсэн. ХӨСҮТ дээр 50 ортой тусгай тасаг дээрээ нэмээд 150 орыг бэлдэж, тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдээ бэлдээд байгаа.
  • Цэргийн төв эмнэлэг дээр 570 ор бэлдээд байгаа. Шаардлага гарсан тохиолдолд тус эмнэлгийг дөрвөн цагийн дотор бүрэн чөлөөлөх боломжтой гэдгийг тус эмнэлгийнхэн мэдээлсэн.
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийг 200 ортойгоор бэлэн байдлыг хангасан. Хэрэв шаардлага гарвал ашиглахаар санхүүжилт, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүнүүдээ бэлдсэн.
  • Тусгаарлан сэргийлэх зорилгын хүрээнд Төв аймгийн Жаргалантын аман дахь ОБЕГ-ын Сургалтын төвд 120 ор бэлдсэн бөгөөд ХӨСҮТ-өөс эмч нарт сургалт хийж, зөвлөмж өгсөн.
  • Хувийн хэвшлийн “Асралт мед” эмнэлэгт 100 ор бэлдсэн

Эмч, мэргэжилтнүүдийг тэнхимийн сургалтад хамруулахаас гадна онлайн сургалт,  дадлагажуулах сургалтад байнга сургаж байна.

Хүний нөөцийн бүх тооцооллыг гаргасан. Одоогоор 1,824 дадлагажигч эмч, анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх ангийн 1,340 оюутан болон гавьяаны амралтанд байгаа эмч сувилагчдын тооцоог бүгдийг гаргаж, нэр, утасны жагсаалтыг бэлдсэн.

Шаардлага гарвал лавлагаа төвүүдийн эмч нар сэлгэж ажиллах болно.

Хэрэв халдварын тохиолдол бүртгэгдвэл бид голомтын халдвагүйжүүлэлттийг хийх ажлыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон аймгуудын ЗӨСҮТ-үүд, Эрүүл мэндийн газруудтай хамтран хийнэ.

Уушгины хатгалгаа, хүнд хэлбэрийн хатгалгаа, ужиг өвчнөөр хүндрэх хэлбэр байгаа тул амьсгалын замын аппаратаар хангах, бусад эм, эмчилгээний бэлтгэлийг хангаж байна.

Вакцины хувьд генийн дарааллыг тогтоосны дараа үйлдвэрлэх боломжтой гэдгийг АНУ, БНХАУ, Израиль зэрэг орнууд мэдэгдсэн бөгөөд туршилт хийж эхэлсэн. Хятадад эдгэрсэн хүний цуснаас сийвэнг ялгаж аваад өвчтэй хүнд хийснээр эмчилгээ үр дүнд хүрч байна гэж байгаа ч туршилтын шатанд явж байгаа гэлээ.

Эх сурвалж: Б.ЖАРГАЛМАА, IKON.MN

https://ikon.mn/n/1sxt


URL:

Сэтгэгдэл бичих