ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧ ГОВЬД УУЛЗАВ (хошин шог)

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө хүсэлтээр Тэмээний ерөнхийлөгч Бууртай их говийн элсэн манханд уулзжээ. Уулзалтанд говийн талаас ат, ингэ, тором, ботго тэргүүтэй тэмээн сүрэг бүрэн бүрэлдэхүүнээрээ, нөгөө талаас УИХ, ЗГ-ын гишүүд, аймаг сумын удирдлагууд оролцов. Уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Буур нар ганцаарчлан уулзсан байна. Ингээд хоёр ерөнхийлөгчийн нүүр тулсан ярилцлагыг хүргэе:

Буур:

-Танд баяр хүргэе. Та нутгаа хамгийн их зарсан орныг удирдаж байгаа тул геннисийн номд орно.

Ц.Элбэгдорж:

-Танд ч бас баяр хүргэе. Та хамгийн ховордсон сүрэг удирдаж байгаа тул улаан номд орно.

Буур:

-Хотоор юу байна?

Ц.Элбэгдорж:

-Бөөн утаа, хөдөөгүүр юу байна?

Буур:

-Бөөн тоос.

Ц.Элбэгдорж:

-Одоо тэгээд яая даа.

Буур:

-Усгүй гурван сар болдог байлаа. Одоо гурван жил гүрийхээс. Идэшгүй арав хонодог байлаа. Одоо арван жил болохоос. Өлдөөд хүзүү улам сунасан шүү дээ.

Ц.Элбэгдорж:

-Картын бараанд оочерлоод килограм мах авдаг байлаа. Одоо гулуузаар нь авдаг болсон. Нормоор ганц литр сүү авдаг байлаа. Одоо торхоор нь авдаг болсон. Цатгалдаад хүзүү улам агшсан шүү дээ.

Буур:

-Ардчилсан нийгэм гэхэд шударга бус байна. Та бид хоёр адилхан ерөнхийлөгч шүү дээ. Адилхан баймаар байна.

Ц.Элбэгдорж:

-Харин тийм. Та зуугаас хоёр зуун ингэ гишгэдэг. Би ганц хатантай. Шударга байцгаая

Шог зохиолч Д.Жаргалсайхан


URL:

Сэтгэгдэл бичих