Элчингээ томилж чадахгүй байж дахиад консулын газартай болох нь

5e4de1a973fb7“Даахгүй нохой булуу хураана” гэгчээр өмнөх Элчин сайд нараа томилж чадахгүй байж, дахин нэг консулын газар нээхээр болж байна. Өчигдөр /2020.02.19/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээх асуудлыг зөвшилцөн, дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр болсон.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа. Гэвч АНУ-ын төвийн бүсэд буюу 8000 орчим монгол иргэн оршин суудаг Чикаго хотод консулын үйлчилгээг ойртуулах зайлшгүй шаардлагатай байна. АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогоор долоон орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа. Тэднээс гурвыг нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөсөн. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийднэ” гэж байна билээ. Гэхдээ консулаар нь хэн очих вэ гэдэг нь улстөрийн хүрээнд “цусгүй дайн” дэгдээдэг нь нууц биш. Тодруулбал өдгөө манай улс 196 оронтой дипломат харилцаатай, тэдгээрийн 32-т нь Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газартай.  Өдгөө тэдгээрийн 10 гаруй нь Элчин сайд, мөн тооны консулын газар албан ёсны төлөөлөгчгүй байгаа.

Холбогдох яамнаас томилуулах хүсэлтэй хүмүүсийнхээ нэрийг өргөн мэдүүлсэн ч Ерөнхийлөгч, МАН-ын бүлгийнхэний аль нэгнийх нь “таалал”-д нийцээгүй л бол Элчин сайд, консул болох “эрх”-ээ өвөртөлж чадахгүй гацсаар байгаа. Үүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар улстөрийн арилжаа наймаа, лоббитой холбоотой гэдгийг ч хэлсэн. Тийм байтал дахиад нэг консулын газар нээж, хэний албан тушаалыг бэлдэж байна гэж ойлгох болж байна вэ. Чикагод консулын газар нээснээр тэнд ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын 8000 орчим иргэнд аливаа үйлчилгээг ойртуулах юм гэнэ.

Гэвч дээр дурдсан Элчин сайдын яамд, Консулын газруудын маш цөөхөн нь тухайн улсад байдаг монголчуудынхаа эрхийг хамгаалах зэрэг үндсэн үүрэгт ажлаа хийдэг хэмээн харьд амьдардаг монголчууд хэлдэг. Товчхондоо ихэнх нь нэр хүнд муутай. Харин эсрэгээрээ хар тамхи, аливаа контрбантын хэрэгт холбогдож, бүр визийн хураамжаар хүртэл хөлжиж улсынхаа нэрийг “өргөдөг”. Ийм байтал шинэ консулын асуудал яригдаж байгаа нь албан тушаалын тохироо нь бүтэхгүй болохоор ахин нэмж байгаад жигдхэн хуваах гээд байна уу гэх хардлагыг төрүүлж байна шүү.

http://erennews.mn/article/30507


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих