Харийнхны нутагшуулсан хар тамхи
Харийн хар тамхи борлуулагч сүлжээнийхэн Монголыг онилсон тусгай ажиллагааны “биелэлт”-ийг хуулийнхны илрүүлсэн мэдээллээс төвөггүй харж болно. Гадны иргэд Монгол хүнтэй гэр бүл болох, боловсролын байгууллага, сургалтын төвд багшлах, их, дээд сургуульд суралцах мэтээр халхавчилж хар тамхи борлуулж байсан тохиолдол олон. Мөн сүүлийн үед шуудангаар хар тамхи оруулах нь идэвхжиж байна. Монголчууд ч харийнхны гар хөл болж ирсэн явдал эртнийх. Энэ мэт олон аргаар хар тамхи мансууруулах бодисыг Монголд “тарааж”, нутагшуулж байна.
Хар тамхи мансууруулах бодистой холбоотойгоор бүс нутгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тал хувийг шуудан илгээмжээр тээвэрлэж байгаа судалгаа бий. Зөвхөн өнгөрсөн онд гадны найман иргэн хар тамхины хэрэгт холбогдож, Америк, Герман, Нидерланд, Ирланд, Англи, Тайланд улсаас шуудан илгээмжээр хар тамхи нэвтрүүлэхийг завджээ. Мөн биедээ авч явсан, өсвөр үеийнхэнд борлуулж байсан магадлал бүхий тохиолдлуудыг хууль хяналтынхан илрүүлсэн байдаг.
Сүүлийн 2-3 жилийн дотор Монгол Улсад хар тамхины хэрэглээ, гэмт хэргийн гаралт улам нэмэгдэж, хэдэн зуун саяар тоологдох хэмжээний үнийн дүнтэй дүйцэхүйц бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдлууд ч бүртгэгдэж байна. Гадны иргэд манай залуусыг хар тамхины хэрэгт уруу татсан жишээ олон бий. Тухайлбал, Нидерландын иргэн Вандер Харст Фридтжоф нь манай улсын иргэнтэй гэр бүл болсон. Тэд олон улсын шуудангаар ЛСД (LSD) марк хэлбэртэй мансууруулах төрлийн бодис оруулж ирдэг байжээ. Вандер Харст Фридтжоф нарын худалдаж байсан “марк” нь 100 ширхэг зурагтай цаас шиг зүйл хэмээн шинжээчид дүгнэсэн байдаг. Ширхгийг нь 120 000 төгрөгөөр худалддаг байсныг хуулийнхан тогтоосон. Мөн мансууруулах бодис бэлтгэж, хэрэглэх аргыг монгол залууст заадаг байж болзошгүй, Дима гэх иргэнийг шүүхээр ял шийтгэж байв.
Түүнчлэн хууль сахиулагчдын олж тогтоосноор Өмнөд Азийн улсуудад хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэж, худалддаг Африкийн мафийн гишүүд манай улсад суурьшсаныг мэдээлсэн. Тэдний төлөөлөл болсон дөрвөн хүн хар тамхи мансууруулах бодис Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон. Африкийн хар тамхины мафийн гишүүд болох Нигерийн иргэдээс эд мөрийн баримт 500-гаад сая төгрөгөөр үнэлэгдэх бодисыг нь хураан авсан билээ. Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо болон Изичукву Чиома Фавор гэх эмэгтэй гадаад хэлний сургалтын төвийн багш, Монголын үндэсний их сургуулий оюутан халхавчаар манай улсад орж ирсэн байдаг. Тэд Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй Монголыг чиглэсэн хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон. Гол холбогдогч 31 настай Адекола Олавасен Азийз нь манайд 2016 оны арваннэгдүгээр сараас хойш амьдарч олон хүнд мансууруулах бодис худалдсан байх магадлалтай. “Ап лайн” гадаад хэлний сургалтын төвд цагийн багшаар ажиллахаас гадна Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” бүрэн дунд сургуульд багшилдаг байсан тэрбээр Принц Шон Азелотти гэдэг хуурамч нэрээр өөр нэг сургалтын төвийн багш байжээ. Мөн “Рояал” академид багшлахаар ирсэн байж.
Харин оюутан халхавчаар суурьшсан Изичукву Чиома Фавор нь 2016 онд МҮИС-ийн уламжлалт анагаах ухааны ангид элссэн бол Адиоди Елижах Оладапо нь манай улсад 2018 оны хоёрдугаар сард жуулчны 90 хоногийн хугацаатай виз авч орж ирээд хугацаа хэтрүүлэн амьдарч байжээ. Тэднээс хураасан 260 орчим грамм мансууруулах бодис нь манай цагдаагийнхны нэг жилд хураадаг энэ төрлийн бодисын 60-70 хувьтай тэнцэх хэмжээнийх гэж тооцохоор залуусын дунд хэр өргөн хүрээтэй тархсан аюулыг төсөөлөмгүй. Орж ирснээсээ хойш хэчнээн хэмжээнийхийг монголд нутагшуулсан бол.
Гадны иргэдтэй холбоотой хар тамхины хэргийн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж “Монголчууд гадаад хүн гэхээр л боловсролтой, англи хэлний багш мэт ойлгодог. Гэтэл манай оронд ямар зорилгоор орж ирж байна вэ. Визний ангилал нь ямар чиглэлтэй байна гэдгийг шалгах хэрэгтэй.
Тухайн улсын хил гаалийн орчин, хяналт шалгалттай холбоотой хар тамхиар ашиг олох санаа сэдэлтэй хүмүүс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Гадаадын иргэдтэй холбоотой хууль бус хэргийг тодорхой хэмжээнд сайн илрүүлсэн гэж бодож байна” гэлээ.
Түүнчлэн хар тамхи хэрэглэсэн үед нь баривчилсан DJ Steve гэгчийг нэгжихэд мансууруулах бодис, бэлгийн чадавх сайжруулах эм бэлдмэл авч явсан байжээ. Тэрээр олон жилийн өмнөөс Монголтой холбоотой байсан ба баривчлагдахын өмнөхөн аяллын визээр дахин орж ирээд удаагүй байсан ба “Рояал” академийн нэг салбарт багшлахаар гэрээ байгуулах гэж байжээ. Мөн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С биедээ хар тамхины төрлийн бодис хадгалж явсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Энэ мэтээр Монголд аюултын харанга дэлдээд байгаа хар тамхи мансууруулах бодисыг Монголд нутагшуулсан гадны иргэдийг хянах цаг болжээ. Гадны иргэдийн янз бүрийн гоё халхавчийг илчилж, дахиад Монголын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах нь зүйтэй. Ер нь хар тамхи зөөж нийгэмд нэвчүүлж байгаа харийнхныг хилийн дээс алхуулахаа больё. Ингэсэн цагт л хар тамхины хэрэг болоод ирээдүйгээ энэ тахалаас бага ч гэсэн хамгаалж чадах бус уу.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: