“Алга урвуулах” төдийн “амь”-тай горилогчид

5e4b37f341c5cЦуврал-3

МАН улстөрийн ууган хүчин гэдгээрээ гишүүнчлэл олонтойн дээр нэр дэвшигчдийн хувьд ч өрсөлдөөн ширүүн болдог. Тэр ч утгаараа намын дарга болон Удирдах зөвлөл, Бага хурлын шийдвэрээр хувь заяа нь хаашаа ч эргэж мэдэхээр хэдэн бүсгүй бий. Тухайлбал, Ц.Гарамжав, Б.Ундармаа, Н.Оюундарь, Г.Мөнхцэцэг, А.Ундраа, М.Оюунчимэг нарын татаасаараа явдаггүй л юм бол нэр дэвших эрх нь ёстой л “дээсэн дөрөөн дээр дэнжигнэж” байгаа. Тэдний хувьд хувийн бизнес, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ ихээхэн анхаарал хандуулж, албан тушаалаа “ашиглаад” ЖДҮ, ХЭДС зэргээс аль хэдийн хүртчихсэн. Энэ нь тэднийг нэр дэвших “улаан шугам”-ны урдуур орох боломжгүй болгосон. Угаасаа МАН-ын эмзэг сэдэв нь учраас тэднийг тойрогт илгээвэл эрсдэл үүрч мэднэ. Тиймээс л эргэлзээтэй хүмүүсийн тоонд дээрх гишүүдийн нэр цохиж яваа.

Өнөөгийн эрх барьж буй МАН гэх их айлаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогч эмэгтэй олон байгаа нь ойлгомжтой. Тэдний тэргүүн эгнээнд НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаагийн нэр бий. Түүнийг МАН-ын боловсролтой гишүүдийн нэг гэдэг. Тэр өнгөрөгч сонгуулиар ХУД-ээс НТХ-д сонгогдсон. Японд суралцагч Монгол оюутнуудын анхны эмэгтэй, Харвардын их сургуулийн профессор. Нэгэнт НИТХ-д хүч үзэж, ялалт байгуулсан учраас барьцаа ахиулахыг бодож байгаа ч МАН өрсөлдөгчдийг нь тооцоолж байж гаргахгүй бол шинэ хүн бүдрэх “аюултай” тул сэрэмжилж байгаа.

Дараагийн шинэ горилогч нь МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор Ч.Ундрам. Түүнийг МУИС-ийн багшаас, дэд захирал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх болтлоо дэвшсэн гэдэг. Харин нөхөр нь АН-ын гишүүн, бизнесмен. Өнгөрсөн сонгуулиар НИТХ-д нэр дэвшиж байсан. Үндсэндээ эхнэр нөхөр хоёрын санаа нь аль ч намын үед алзахгүйгээр өсөн дэвших бололтой. НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч болсон Ч.Ундрамыг Сэлэнгэ аймгийн угшилтай учраас нутагтаа өрсөлдөх магадлалтай гэдэг. Гэвч тэнд Н.Оюундарь, “Сөүл”-ийн гэгддэг Д.Өнөрболорын нэр яригдаж байгаа.

Д.Өнөрболорын хувьд Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн холбоог толгойлж, тойргоо гайгүй сайн усалсан гэж хэлж болно. Гэхдээ түүний хувьд М.Энхболдын хүн гэгддэг учраас намын даргын аяыг харахаас өөр аргагүй. Ядахад 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Ард түмэн бол цагаан цаас” гэж хэлээд олны дургүйцлийг хүргэчихсэн. Сайдаар зүтгүүлээд ч бүтэлгүйтэж, бүдэрч явсан түүхтэй.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа ч мөн нэр дэвшихээр горилогчдын тоог нэмж яваа. Тэр БГД-ийн МАН-ын дэд дарга, дүүргийнхээ НАМЭХ-ны дарга зэрэг сонгуульт ажлыг хашиж байсан. 2016 онд НИТХ-ын сонгуульд үзэх гээд квот авч чадалгүй дүүргийн ИТХ-д үзээд өвдөг шороодсон. БСШУС-ын дэд сайдад зүтгэсэн ч намынхаа Удирдах зөвлөл дээр бүдэрсэн. Парламентын сонгуульд БГД-ээс нэр дэвших хүсэлтэй яваа.

МАН эрх барьж буй байдлаа ашиглан тойргийн хуваарилалтыг хүссэнээрээ хийсэн. Тэдгээрийн нэгийг сэтгэл судлалын доктор Ц.Нацагдолгор “эзэгнэж” магадгүй  хэмээн эх сурвалжууд хэлж байгаа. Тодруулбал, Өвөрхангай аймаг 4 мандаттай болсон. Тиймээс нутгийн эмэгтэй Ц.Нацагдолгорыг илгээж магадгүй гэх тооцоолол бий. Гэвч өвөрхангайчуудын сонголт эмэгтэйчүүдэд тийм таатай байдаггүйг МАН тооцоолж үзэх л байх.

МАН-д хурдтай өсч яваа эмэгтэйчүүдийн нэг нь тус намын стратеги академийн захирал, НАМЭХ-ны Гадаад хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг.  Түүнийг энэ эрчээрээ явахад УИХ-д нэр дэвших квот авна гэдэг. Гэхдээ сонгогчдын хувьд танил биш бол жагсаалтад орох нь тийм ч амар “хоол” биш.

Энэ удаагийн сонгуульд НАМЭХ-ны шинэ удирдлагууд бүгд нэр дэвших сонирхолтой байгаа. Тэдний нэг нь Ерөнхий аудиторын орлогч асан С.Оюунбилэг. Бусдыгаа бодвол УИХ-ын сонгуульд өрсөлдөж, унаж үзсэн. МАН-ын Удирдах зөвлөлд “хөл тавьсан”нь түүнийг “цахилгаан шат”-тай гэгдэх яриаг үүсгэсэн. Юутай ч “даагаа нэхнэ” гэсэн тооцооллоор 2019 онд ажлаа өгсөн.

http://erennews.mn/article/30372


URL:

Сэтгэгдэл бичих