Үйлдвэрлэлийн түүхий эдийг БНХАУ-аас өөр улсаас импортлох боломжийг судлахыг хүслээ
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг нуруун дээрээ үүрч яваа аж ахуйн нэгжүүдийн дийлэнх буюу 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Коронавирусийн халдвартай холбоотойгоор аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн импортоор авдаг түүхий эд, материалын нөөц хомсдож үйлдвэрлэл доголдож байгаа аж. Ингэснээр экспортлогчид, ялангуяа уул уурхайн экспортлогчид, тэдний туслан гүйцэтгэгч ЖДҮ эрхлэгчид, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа, орлого хумигдаж эхэлж байна гэдгийг Улаанбаатар хотын худалдааны танимаас мэдээлэв. Энэ нь цаашлаад эдгээр аж ахуйн нэгжүүд, тэдний ажиллагсдын авсан төрөл бүрийн зээлийн эргэн төлөлтөд ч мөн сөргөөр нөлөөлөхөө байгааг мөн дурдав. Тиймээс тус газраас уриалга гаргасан байна. Ингэхдээ эдийн засаг, нийгмийн бусад хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улс, орон нутгийн төсөвт яаралтай тодотгол хийхийг уриалсан байна. Мөн эдийн засаг, бизнесийн өмнө тулгарч байгаа дээрх бэрхшээлүүдийг гүнзгийрүүлэхгүйн тулд бизнесийг хаах, хориглох аливаа захиргааны үйлдлийг хэрэгжүүлэхгүй байхад анхаарах, бараа бүтээгдэхүүний гадаад худалдаа, тээвэрлэлтийг халдвар, хамгааллын аюулгүй байдлын тусгай нөхцөлтэйгээр чөлөөтэй хэвээр үлдээхийг хүсчээ.
Үүнээс гадна бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон, орлого нь хумигдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын улсын төсөвт төлөх ёстой татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг багасгах, хөнгөлөх, эсвэл эдгээрийг төлөх хугацааг хойшлуулах шийдвэрийг яаралтай гаргаж хэрэгжүүлэх, улсын болон орон нутгийн тусгай сангуудаас эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтворжуулах, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан зээл, түрээсийн төлөлтөд хөнгөлөлт үзүүлсэн банк, санхүүгийн байгууллага, ААН-үүдэд шаардлагатай хөнгөлөлттэй зээл, санхүүжилтүүдийг олгох уриалгыг дэвшүүлжээ.
Мөн гадаадад суугаа Элчин сайдын яам, Худалдааны төлөөлөгчийн газруудаар дамжуулан БНХАУ-аас импортлодог байсан үйлдвэрлэлийн түүхий эд, материалыг өөр улсуудаас импортлох боломжийг яаралтай судлан хувийн хэвшлийнхэнд мэдээлэх, үүн дээр үндэслэн шинэ худалдах, худалдан авах гэрээ хийх гэж байгаа хувийн хэвшлийн байгууллагуудад мэргэжил, логистик, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.
EAGLENEWS.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Судлаж зовох хэрэгүй биздээ. ерөнхийлөгч,ерөнхий сайд нар маань АНУ-д айлчлаад эдийн засгаа дэмжүүлэх бүхийг үүд хаалгыг нээчихсэн биздээ. АНУ-д байхгүй юм гэж ер байхгүй дээ. эрхэмүүд одоо ганц утасдаад л болно доо