Байнгын хорооны дарга нарыг сонгов
УИХ-ын өчигдрийн чуулганаар зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Батбаяр, Ж.Батсуурь, Г.Баярсайхан, Д.Дондог, Э.Мөнх-Очир, Д.Очирбат, Д.Энхбат, З.Энхболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар болжээ. Өргөдөл, гомдлын дэд хороог Ц.Батбаяр, С.Батболд, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Г.Баярсайхан, Д.Дондог, Э.Мөнх-Очир, Д.Одхүү, Х.Тэмүүжин нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг чуулганаар дэмжив. Дараа нь байнгын хорооны шинэ дарга нарыг сонгож батлав. Бүлгээрээ хэлэлцээд Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарыг улируулан сонгохоор шийдсэн юм. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Буд, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн А.Тлейхан, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарыг дэвшүүлснийг нь өчигдөр баталгаажуулав. Байнгын хорооны даргаар томилогдож буй нэр дэвшигчдээс гишүүд олон зүйл шалгаасангүй, дэмжээд явуулсан юм. Гэхдээ С.Эрдэнэ гишүүн “УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдлээ. Гэтэл Их хурал хийж гүйцэтгэх ажлынхаа 20 хувийг ч хийж амжсангүй. Ядуурал 40 хувьд хүрчихлээ. Иймд байнгын хороодын шинэ дарга нар өөрсдийн чиглэлээр юу хийх гэж байна” хэмээн асуусан. Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигч О.Чулуунбат “Үлдсэн богино хугацаанд бүх зүйлийг хийж амжуулна гэж хэлэхгүй ч чадлаараа зүтгэнэ” гэв. Тэгтэл Л.Гүндалай гишүүн “Байнгын хорооны шинэ дарга нарт ердөө нэг сар арав хоног ажиллах хугацаа байгаа. Ийм бага хугацаанд байнгын хороодын дарга нарыг томилж цаг хугацаа алдах шаардлага байсан юм уу. Засгийн газрын агентлагт ажилласан АН-ын хүмүүсийг бас халах уу. Төрийн ажлыг улстөржүүлж болохгүй” гэж анхааруулж байлаа.
Байнгын хорооны дарга нарыг сонгосны дараа төсвийн тодотголоо ярьж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг шинэ дарга нь танилцуулав. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх зорилгоор энэхүү тодотголыг хийх гэж байгаа юм. Ингээд хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдөр цалин, тэтгэврийг нэмлээ гэхэд энэ оны улсын төсөв 161,5 тэрбум төгрөг нэмж шаардагдах юм байна. Энэ асуудлаар гишүүд асуулт, хариулт явуулсангүй. Асуудлыг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төсвийн байнгын хороо руу шилжүүлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Су.Батболд нар зэрэгцэн сууж хэсэг ярилцаад эцэст нь хэрэлдээд салсан нь хэлэлцэж буй асуудлаас илүүтэй сэтгүүлчдийн анхаарлыг татсан юм. Д.Оюунхорол гишүүн өөрийнхөө суудал дээр очсон ч тайвшрахгүй байгаа бололтой Су.Батболд гишүүн рүү харж үглэсээр байв. Удалгүй тэрээр босч А.Тлейхан гишүүнд маргааныхаа тухай тайлбарлав бололтой. Ширээ рүүгээ буцахдаа Су.Батболд гишүүний араар дуугүй өнгөрсөнгүй. Тэр үед нь С.Эрдэнэ гишүүнтэй аминчлан ярьж суусан Су.Батболд гишүүн дүрсхийтэл уурлаж, “Дэмбэрэл дарга аа энэ авгайгаа болиулаач. Солиотой авгай вэ. Нэг хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргасны төлөө ажил хийлгэхгүй элдэв юм яриад байх юм” хэмээн өндөлзөн хашгичихад наанаас нь бүлгийн гишүүд нь “Хөөе боль боль” хэмээн тал талаас нь хэлэв. Су.Батболд гишүүн ч ширээн дээрх зүйлсээ хумиад гарч одлоо. Харин Д.Оюунхорол гишүүн түүний араас харж, ёжтой гэгч нь инээсээр хоцров. Хэлэлцэж буй асуудалтай хамааралгүй хоёр гишүүний хоорондын хэрүүлийн дараа хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. С.Бямбацогт, Я.Батсуурь нарын гишүүд жил болгон хэлэлцэж байдаг асуудлуудаа жагсаалтад оруулсан байна. Шүүхийн багц хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, бүсийн нэмэгдлийн тухай, олон хүүхэдтэй болон одонтой эхчүүдийг урамшуулах асуудлыг хэзээ хэлэлцэх юм. Хэлэлцэх асуудлыг сайн төлөвлөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх асуудал зайлшгүй шаардлагатай байгааг хэлж байлаа. Гэвч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг гишүүд дэмжлээ. Хамгийн сүүлд нь Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр багийг сум болгох тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуултгүйгээр дэмжив.
Я.МӨНГӨН
URL: