Ерөнхийлөгчийн “сугалж” томилсон Элчин сайд нар
Манай улс одоогоор 196 оронтой дипломат харилцаатай ажиллаж байна. Түүнээс 32 улсад Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар нээсэн. Гэвч 10 гаруй орны Элчин сайд, мөн тооны консулын газар одоогоор албан ёсны төлөөлөгчгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Элчин сайд нарын томилолтын хугацаа дууссан, эгүүлэн татсан гээд тэнд түр орлон гүйцэтгэгчид ажиллаж байна. Улс төрийн хүрээнд томилох хүн дээрээ тохиролцож чаддаггүй, улс төрийн ашиг сонирхол бүхий шахааны хүмүүс орж ирдэг учраас томилгоо гацдаг гэх яриа бий. Энэ ч үнэний ортой.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 улсад суух Элчин сайдын нэрсийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж дэмжээд байв. Улмаар Ерөнхийлөгч дэмжсэн. Гэвч МАН-ын бүлэг 11 Элчин сайдаас хоёрыг нь “голсон”. Тодруулбал, Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаярыг хэтэрхий өндөр настай, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг дипломат албанд ажилласан туршлагагүй учраас томилох боломжгүй гэсэн байна. Ингээд үлдсэн есөн Элчин сайдын асуудлыг чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн батлах байв. Гэсэн ч Төрийн тэргүүн Элчин сайд нарын нэрийг гэнэт л татсан байдаг. Үүний цаана ямар улс төрийн тохироо, наймаа явдаг болох нь харагдаж байгаа юм. Ер нь тэгээд Монгол Улсаас гадны орныг төлөөлөн суух Элчин сайд болно гэдэг ёстой л бүх талын дэмжлэг, улс төрийн ая данг нь олох ажил болсон.
Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын Элчин сайдыг томилов. Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар нарыг томилж, Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. Тэднийг томилох асуудал жил гаруйн хугацаанд улс төрийн хүрээнд яригдаж байж, сая нэг юм биелэлээ олж байна.
Польшид суух Элчин сайд Б.Дорж нь Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Английн Вестминстр их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой. Тэрээр 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байв. Мөн яруу найргийн хэд хэдэн номтой, уран бүтээлч. “Чингис” хаан хамтлагийн “Харийн нутаг давчдаад байна” дууны үгийг Польшид байхдаа бичсэн гэдэг.
Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазар нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Японы Олон улсын их сургуулийн Олон улсын хөгжлийн магистрт суралцаж төгссөн. Дипломат албанд 34 жил ажиллахдаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажилласан байдаг. Өмнө нь ОХУ-д суух Элчин сайдад яригдаж байсан билээ.
Ерөнхийлөгч саяхан Норвеги улсад айлчилж, Баялгийн санг үүсгэн байгуулах, хүнс, хөдөө аж ахуйн салбарт болон өвлийн спортын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар тус улсын эрх баригчидтай уулзсан. Энэ бүх яриа хэлэлцээг ажил хэрэг болгохыг Элчин сайд Т.Жанабазарт үүрэг болгосон байна.
Ийнхүү Ерөнхийлөгч дээр арав гаруй орны Элчин сайдын асуудал байгаагаас хоёрыг нь “сугалж” томиллоо.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: