Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл үзүүлнэ үү, Ерөнхийлөгч өө

9227

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Х.Баттулга танд 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг эргэн сануулъя. Энэ өдөр та эрх баригч намынхны санаачилгаар боловсруулан баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталсан билээ. Тухайн үед та “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ёсчиллоо. Иргэн бүр унштугай, дагатугай” хэмээн тодотгоод “Анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталгаажууллаа. Улс орны эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ. Юуны түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхан эрэмбэлэгдэх учиртайг хэн ч мартаж болохгүй. Монголчууд сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах бус урагш тэмүүлэх цаг ирсэн учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг ёсчилж байна” хэмээсэн.

Ийнхүү таны гүн хүндэтгэлтэйгээр ёсчилсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цаг буюу ирэх тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн нийтээр дагаж мөрдөн, хэрэгжүүлэх гэж байна. Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулга ба Монголын ард түмэн Үндсэн хуулиа дагаж мөрдөнө гэдгийг хоёрдмол утгагүйгээр  заасныг онцолъё.

Ийн тодотгохын учир нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаар 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгох боломжтой байсныг таван жилээр зөвхөн нэг удаа сонгогдох зохицуулалтыг оруулсан. Ингэснээр өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй болсон юм. Энэ нь өмнөх Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж болон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг Төрийн тэргүүнд дахин нэр дэвших боломжгүй гэдгийг товч бөгөөд тодорхой илэрхийлсэн заалт юм. Уг заалтын дагуу Х.Баттулгын Ерөнхийлөгчийн карьер энэ жил дуусгавар болох нь. Учир нь, тэрбээр өнгөрсөн 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулснаар тухайн оныхоо долоодугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөн, тамгаа гардаж авсан билээ. Тэр үед дөрвөн жилийн хугацаанд ажиллах Ерөнхийлөгч болж байсан ч түүний бүрэн эрхийн хугацаанд УИХ Үндсэн хуулиа өөрчилснөөр шинэ нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, 2021 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин өрсөлдөх эрхгүй, шинэ Үндсэн хуулийн дагуу хязгаарлагдсан гэсэн үг. Тиймээс Үндсэн хуулийн хэрэгжилтийг иргэн бүр дагаж мөрдөхийн эхлэлийг тавьж, эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн санаачилгаар дахин нэр дэвшихээс татгалзахаас өөр, заалтыг Үндсэн хуульдаа тусгаж, засаглалын саармаг тогтолцоог халсан нь Үндсэн хууль баталсан гишүүдийн ирээдүй хойчдоо үлдээсэн том хөрөнгө оруулалт болсон. Өөрөөр хэлбэл, манай улс Үндсэн хуульдаа парламентын засаглалтай байна гэж заасан атлаа Засгийн газрын тэргүүн нь “шүдгүй арслан”, Ерөнхийлөгчийн засаглалтай бус атлаа Төрийн тэргүүн нь хууль шүүхийг гартаа атгасан “улс доторх улс” болчихсон байсан нь нууц биш. Тогтолцооны энэ гажуудлыг  зассаныг тэмдэглэхгүй өнгөрч боломгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрдөж эхэлснээр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг, эргээд гишүүддээ хариуцлага тооцдог байхаар болсон нь парламентын засаглалыг улам бэхжүүлснээс гадна эрх мэдлийн хуваарилалт зөв голдиролдоо орсны илрэл болох учиртай. Үндсэн хуульд оруулсан энэ нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд эргэлзээ үүсгэж болзошгүй нэг асуудал үүсээд буй нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж болох эсэх тухай ойлголт. Хэдийгээр энэ тухайд тэрбээр өөрийн байр суурийг илэрхийлээгүй байгаа ч улс төр төдийгүй хуулийнхны хүрээнд аль хэдийнэ маргаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, насны босго, бүрэн эрхийн хугацаа зэргийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шинэчилсэн. Ингэснээр Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчилсөн юм. Тухайн өөрчлөлт одоогийн Ерөнхийлөгчийн карьерт шууд нөлөөлөх учраас энэ заалтыг хэрэгжүүлэх хугацааг 2025 он байхаар анхны төсөлд тусгасан ч хэлэлцүүлгийн явцад шаардлагагүй гэж үзээд 2020 оны тавдугаар сар байхаар баталсан юм.
Хэрэгжүүлэх хугацааны тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд “Хойшлуулалгүйгээр шууд хэрэгжүүлэх учиртай” гэх саналыг гаргасныг энд тухайлан тэмдэглэе. Ерөнхийлөгчийн “гал тогоог” бүрэн хариуцаж байсан гэдэг утгаар нь ойлговол Х.Баттулгын байр суурь байсныг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч ирэх тавдугаар сард Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг мөрдөж эхлэх үед Төрийн тэргүүний албан ёсны байр суурь тодорхой болох биз.
Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй гэвэл “кино” дуусна. Харин нэр дэвшихээ илэрхийлбэл хууль зүйн талаас төдийгүй улс төрийн хүрээнд ч багагүй маргаан үүсгэх нь дамжиггүй. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх үүрэг, хариуцлага одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад бий. Нэг талаас, энэ бол Х.Баттулга гэдэг хувь хүний зангаргийг бүрэн илэрхийлэх шийдвэр байх юм. Нөгөө талаас түүний эрх мэдлийн төлөөх тэмцэл, тачаалыг ч илтгэх нь дамжиггүй. Хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэх онолын үүднээс асуудалд хандвал эцэс төгсгөлгүй маргаан үүсэхийг ч үгүйсгэхгүй. Ямартай ч үйл явдал хэрхэн өрнөх нь Х.Баттулга гэдэг хувь хүнээс бүрэн хамаарна.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан сүүлчийн хүн болж, төрийн ноён нурууг сэвтүүлэхгүй дуусгах уу. Эсвэл дахин нэр дэвших хүсэл, шуналд хөтлөгдөн Ерөнхийлөгчийн сэнтийг “шулмын тавцан” болгох уу гэдгийг тэр л шийднэ. Тийм ч учраас бид түүнээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл үзүүлэхийг уриалж байгаа билээ.
ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨН ТӨРИЙН ЭРХИЙГ БУЛААЖ АВАХ “СОНГОЛТ” БУЮУ Х.БАТТУЛГЫН ДАХИН НЭР ДЭВШИХ ЭРХ
Манай улсад өмнө нь ийм кейс гарч байв уу, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Хуульчид болон хөндлөнгийн ажиглагчид асуудалд хэрхэн хандаж байгааг сонирхъё. Хуульч Б.Мэргэний үзэж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулга  дахин нэр дэвших эрхгүй гэнэ. Учир нь, “Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа, хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Үүний агуулга нь Х.Батгулга гэдэг хүнийг нэг удаа улируулан сонгуулах зорилготойгоор оруулж ирсэн заалт.
Яагаад гэвэл, Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулдаг. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн эрх ашгийг хамгаалсан заалт оруулахгүй бол болохгүй гэдэг агуулгаар дээрх заалтыг анх төсөлд тусгасан байх. Гэтэл хуулийн төслийг батлах эцсийн мөчид 2025 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн заалтаа авчихсан. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй болж байгаа юм.
П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болж байсан. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсны дараа 1993 онд дахин сонгогдож байлаа. Үүнтэй барьцана гэх ч боломжгүй. Яагаад гэвэл, П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болох үед 1960 оны Үндсэн хууль үйлчилж байсан. 1992 оны шинэ Үндсэн хуулиар бүх зүйл шинэчлэгдэж өмнө нь хэн байсан, хэдэн удаа сонгогдсон, ямар ажил хийж байсан зэрэг нь огт хамаарахгүйгээр шинэ Үндсэн хуулиа хэрэгжүүлж, П.Очирбат гуай 1993 онд дахин сонгогдож байсан. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 1992 оных шиг шинэ Үндсэн хууль биш зөвхөн нэмэлт, өөрчлөлт. Энэ өөрчлөлтөд Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэг удаа сонгогдсон уу гэвэл сонгогдсон. Хэрэв 1992 оны шинэ Үндсэн хуулийг хүчингүй болгоод 2019 онд шинээр Үндсэн хууль баталсан тохиолдолд Х.Баттулга Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжтой байлаа. Энэ мэт маргаан гардаг учраас аливаа хуульд дагаж мөрдөх журмын тухай хууль батлагддаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2025 онд хэрэгжинэ гэсэн заалт байхгүй учраас нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө дагаж, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй” хэмээн тайлбарласан. Харин Хууль зүйн дэд асан, хуульч Б.Энхбаярын хэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улиран нэр дэвших эрхгүй болох магадлалтай байна. Тэрбээр энэ тухайд “Нэг удаа улирч болно гэдэг заалтыг 2020 оноос хүчингүй болгочихоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрхгүй болчихож магадгүй. Учир нь, “улирч болно” гэдэг заалт Үндсэн хуулийнхаа заалтаас 2021 онд нэгэнт байхгүй болчихсон байх юм шүү дээ” гэсэн юм.
Хуульчид ийнхүү гаргалгаа хийж байгаа бол хотын дарга асан Э.Бат-Үүл улстөр талаас нь харсан нийтлэл хүртэл бичсэн. Тэрбээр “З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой” гэсэн гарчиг бүхий нийтлэлдээ “…Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлт нь шинээр сонгогдох Ерөнхийлөгчид хамаарна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Магадгүй “Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй” хэмээн Тамгын газрын дарга З.Энхболддоо хэлсэн байх. Тэгвэл ямар ч асуудал байхгүй. Харин Х.Баттулга дахин улиран сонгогдох хүсэлтэй байгаа бол, түүнийг З.Энхболд найгүй муухай араар нь тавьж, хулхидсан гэсэн хэрэг болно. Хэрэвзээ Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших сонирхолтой байсан бол түүний Тамгын газрын дарга З.Энхболд яг л төрийн тайган Жао Гао шиг аашилжээ гэдэг нь ойлгомжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа З.Энхболд “наймаа тохирсон” тул уг хуулийн төсөлд хориг тавихгүй, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх зэрэг мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан. Одоо Ерөнхийлөгч яах бол. Үнэхээр л 2021 онд дахин нэр дэвших сонирхолгүй бол Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлт хэрэгжихэд ямар ч гацаа гарахгүй. З.Энхболдын хэлсэнчлэн 2021 оноос бид зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ Ерөнхийлөгчтэй болоод л явчихна. Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улс төрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно. Жишээ нь Х.Баттулга муйхарлаж ‘‘Би шинэ Үндсэн хуулийн дагуу зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллана” гэвэл төрийн эрх мэдлийг сонгуулиар биш хуулийг өөрчлөн булаан авсан хэрэг болох бөгөөд үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн эрх мэдэл легитим болж чадахгүй. Сонгууль сонгогчдын хувьд орлоготой бизнес болчихоод байгаа шүү. Сонгогчид сонгууль явуулахыг шаардана” хэмээн дүгнэсэн билээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих