Телуханы Аубакир: Монгол Улс улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах ёстой
Улсын аварга тариаланч хамт олныг хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эрчимжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон нийгэмд оруулсан аж ахуйн нэгжийн хувь нэмрийг үнэлэн шалгаруулдаг билээ. Энэ жил Улсын аварга тариаланч хамт олон гэх эрхэм хүндэт шагналыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Тарианцацал” ХХК хүртжээ. Тус компанийн захирал Телуханы Аубакир нь Монгол Улсын ард иргэдийг эрүүл цэвэр хүнсээр хангах, улаанбуудайг тариалах ажлыг 20 гаруй жил хийж байгаа юм. “Тарианцацал” ХХК нь 1996 оноос хойш газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нийт талбайн 80 хувьд улаанбуудайг тарьж ирсэн. Өдгөө агротехникийн хөгжлийг дагаж, рапс буюу тосны ургамлыг сэлгээндээ тариалж эхэлжээ.
Энэ талаар “Тарианцацал” ХХК-ын захирал Телуханы Аубакир “Энэ жил манай компани улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Энэ ганц жилийн хөдөлмөр биш. Олон жилийн тогтвортой үр өгөөжтэй, үйл ажиллагаа явуулсан манай хамт олны хичээл зүтгэл юм. Манай хамт олонд агротехнологийн талаас зааж, зөвлөдөг ах нар, орон нутагтаа олон жил тариа тарьсан тариаланчдын зөвлөгөө гээд бид бүгдийн хичээл зүтгэлийн үр шим нь энэ шагнал юм. Монгол Улс Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн босгон дээр Улсын аварга гэх эрхэм хүндтэй цолыг хүртэж байгаад манай хамт олон болоод орон нутгийнхны зүгээс талархалтай хүлээж авч байгаа” гэлээ. “Тарианцацал” ХХК нь 2019 онд Га-гаас 19.2 центнер ургац хурааж авчээ.
Ард түмнээ хүнстэй байлгахын тулд төр засаг дараа дараагийн алхуудмыг хийх ёстой байна
“Тарианцацал” ХХК-ын захирал Телуханы Аубакир нь газар тариалангийн салбарт хорь гаруй жил зүтгэсэн туршлагатай тариаланч. Түүний аав Телухан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул. 1963 онд ХААДС-ийг Хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр төгсч, илгээлтээр Сэлэнгэ аймгийг зорин нэг насаа улаанбуудай тарихад зориулсан нэгэн. Хүүхэд байхаасаа л аав Телуханын хамт тариан талбайд өссөн тэрээр өдгөө салбартаа тэргүүлэгчдийн нэг болоод байгаа юм. Телуханы Аубакир ааваасаа газар тариалангийн ажлыг өвлөж авснаасаа хойш аж ахуйн агротехнологийн шинэчлэлүүд, үрийн шинэчлэл, техник паркийн шинэчлэл болоод аж ахуйн бусад чиглэлээр ажиллаж байгаа юм.
Монгол Улс жилд 450-500 мянган тонн улаанбуудайг хүнсэндээ хэрэглэдэг. 2008 онд Атар III аян эхэлж, газар тариалангийн салбар улаанбуудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадах хэмжээнд техник, агротехнологийн чадамжтай болсон. Сэлэнгэ аймаг улаан буудайн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг. Тодруулбал, Сэлэнгэ аймаг улсын улаанбуудайн хэрэгцээний 50-иас дээш хувийг дангаараа хангадаг газар тариалангийн бүс нутаг юм.
Энэ талаар Телуханы Аубакир “Ард түмнээ хүнстэй, талх тариатай нь байлгахын тулд төр засгийн зүгээс дараа дараагийн алхмыг хийх ёстой. Атар IV аяныг зарлах шаардлага ч бий. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хуурайшилт, дулаарал, цөлжилт асар ихээр явагдаж байна. Үүнд байгаль цаг уурын өөрчлөлт болон бэлчээрийн мал аж ахуй нөлөөлөлдөг. Цаашид хүн амын өсөлтөөс шалтгаалж, улаанбуудайн хэрэгцээ өшөө өснө. Тиймээс тариалангийн талбай руу хөрсөн доорх болон хөрсөн дээрх усыг ойртуулж, тэндээсээ баталгаатай, усалгаатай нэг сая тонн улаанбуудайг хурааж авах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Тухайлбал, ОХУ-ын Алтайн хязгаарт 200 гаруй км урттай сувгийг татаж, тариан талбай руу ойртуулж өгсөн. Казахстанд мөн 490 км суваг бий. Ийм сувгуудыг татсанаар тариан талбай хажуугаар бэлэн усыг гаргаж ирж, тариагаа услах бололцоотой. Улаанбуудай гэдэг хүнсний аюулгүй байдлын стратегийн чухал бүтээгдэхүүн учраас дотоодоо баталгаатай хангах ямар арга байна вэ гэдгийг эрэлхийлэх нь зүйтэй. Төр засаг, тариачид маань хичээх ёстой. Хүнсний аюулгүй байдал гэдэг ард түмнээ хэрхэн өлсгөхгүй байх вэ гэдгээс эхэлдэг” гэлээ.
Монгол мах дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүрэн чадамжтай
“Тарианцацал” ХХК газар тариалангаас гадна эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг. 1996 оноос эхлэн симментал үүлдрийн сүүний чиглэлийн үхрийг үржүүлж ирсэн. Өнгөрсөн жилээс махны чиглэл рүү орж байгаа гэнэ. Телуханы Аубакир “Газар тариалан, Улаанбуудайн үйлдвэрлэл хажуудаа мал аж ахуйг дагуулах ёстой. Тэгж байж л бэлчээрийн мал аж ахуйг багасгаж, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйг оруулж ирэх нөхцөл үүснэ. ХАА-н илүүдэл бүтээгдэхүүн мал аж ахуйг тэтгээд явах бололцоотой байдаг учраас махны чиглэлийн сүргийн бүтцийг сайжруулахад газар тариалангийн оруулах хувь нэмэр их” гэсэн юм. Уг компани 1984 онд Оросуудын барьж ашиглалтад оруулсан саалийн механикжсан Фермийг шинэчлэн засварлаж, тэндээ махныхаа чиглэлийн үхрүүдээ үржүүлдэг байна. Малын тэжээлийн асуудлын талаар тэрээр “Бусад аймгийн хувьд малын царгас, вандуй, эрдэнэ шиш гэх мэт малын тэжээл болох ургамлуудыг тариалах бүрэн бололцоотой. Өртөг багатай, чанар сайтай, тэжээллэг ургамлыг гаргаж авна гэдэг малаас авах ашиг шимийг дээшлүүлдэг. Эдийн засгийн хувьд махыг хурдан эргэлтэд оруулах цаашлаад дотоодынхоо махны хэрэгцээг битгий хэл хөрш орон руугаа экспортлох бүрэн бололцоо нээгдэнэ. Норвегийн туршлагаас харахад 1960-аад оноос эхлээд малын гоц халдварт өвчнүүдийг бүрэн зогсоож чадсан. Монгол Улсын хувьд ч малын гоц халдварт өвчнүүдийг зогсоох бүрэн бололцоотой. Малын гоц халдварт өвчнийг зогсоочихвол Монгол мах дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүрэн чадамж бий” гэлээ. “Тарианцацал” ХХК-ын ферм өдгөө 200 орчим толгой махны чиглэлийн үхэртэй. Цаашдаа 1000-аас дээш гаргах бодлоготойгоор ажллаж байгаа юм. Түүнчлэн тус аж ахуй нэгж хүнсний нарийн ногоо тариалдаг бөгөөд өртөг их шингэсэн сармис, сонгиныг энэ жилээс тариалж эхлэх гэж байгаа юм. Өнгөрсөн жил “Тарианцацал” ХХК-ын хамт олон 20 га-д тариалах сонгино, сармисынхаа үрийг бүрэн гаргаж авчээ. Нарийн ногоо тариалах техник, технологи, агуулах, зоорины асуудлыг бүрэн шийджээ. “Тарианцацал” ХХК-ын захирал Телуханы Аубакир энэ жил Улсын аварга тариаланчаар шалгарсан бусад аж ахуй нэгжүүд болон Улсын аварга малчин, сайн малчин болсон бүх хөдөлмөрч ард иргэддээ цааш цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүссэн юм.
Б.ТҮВШИН
URL: