Жирийн нэгэн багш дэлхийн аваргад өрсөлдөнө
Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ц.Пүрэвжав Монгол төрийнхөө далбааг Азийн тэнгэрт таван удаа мандуулахдаа тивийн аваргаар гурван удаа шалгарч гурван алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж АНУ-ын баруун эргийн Сакраменто хотын Калифорнын их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд зохиогдсон Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний марафон гүйлт, уулын кросс уралдаануудад өрсөлдөж олон улсын шилдэг мастеруудын жагсаалтад багтан шөвгөрч байсан удаатай.
Энэ амжилтуудаа тэр бүр дэлгээд байдаггүй тэрбээр улсынхаа аваргаар 12 удаа шалгарч байсан нэгэн.
Тэрбээр биеийн тамирын багшийн амралтын өдрүүдэд уралдаан тэмцээн зохион байгуулах шавь нараа дасгалжуулах цаг наргүй ажлыг амжуулахын зэрэгцээ өөрийгөө бэлтгэж Ази тивийн аваргад хоёр удаа оролцохдоо хүн ам нь тэрбумаар тоологддог Хятад, Энэтхэгчүүд тэр тусмаа санхүүгийн ямар ч асуудалгүй Азийн бар орны тамирчидтай өрсөлдөж байсан юм. Харин энэ тэмцээнүүдэд оролцохын тулд тэрбээр цалингийн зээл авч зардлаа шийдвэрлэж байжээ.
Түүнтэй тэмцээн уралдаан, өөрийнх нь гаргасан амжилтын тухай ярилцах гэхэд “Медалийн тавцанд хүртэл учир их байлаа. Цаг агаарын байдал 12 сарын эхээр хасах 30 хэмийг зааж байхад Монголоос нисч зулай дээрээс нар төөнөсөн аагим халуун Тайланд, Малайз оронд бууж уур амьсгалд нь биеэ дасгаж тэгээд уралдаж амжилт гаргана гэдэг тийм ч хялбар ажил биш. Мөн Америк тивд 14 цагийн зөрүүгээс нойр солигдохын зовлонг ч биеэрээ амсч явлаа” гэж эхлэсэн боловч дуугүй болж орхисон. Учрыг лавлахад “Тамирчны ялалтад баяр хүргэх хүмүүс олон байдаг ч амжилт дагасан атаа хорсол заримдаа бүр хувийн тоглолт хийлээ гэхчилэн гоочлогчид байж л байгаа” хэмээн дуугаа хурааж өөрийн амжилтын гэрч болох медаль, цом, өргөмжлөл гээд бүгдийг үзүүлсэн юм.
Гэсэн ч тэр элдэв хэл ярианаас үл ажран эргэлт буцалгүй тэмцсээр хэдийнэ 30 жилийг үдсэн аж. Энэ хугацаанд тэрбээр зөвхөн улсын болон олон улс, тив дэлхийд зэгсэн амжилт гаргасан байна.
1984-1991, 2008, 2010 онуудад улсын марафон гүйлт болон 1500, 3000, 5000, 10 мянган метрийн зайд алтан медаль хүртэж байжээ. Улсын аваргад тэрбээр 3-4 зайд тогтмол оролцож төрөл бүрээс нь медаль хүртдэг байж.
Ц.Пүрэвжав багш гадаадад явж оролцсон тэмцээнүүд ч хэн хүний бахархлыг төрүүлдэг юм. Тэрбээр 2005 онд ОХУ-ын Өвөр байгалийн бүс нутгийн “Агын кросс”-оос 10 мянган метрт мөнгө, 2006 оны мөн тэмцээнээс 5000-д алт, 2009 онд Тайланд улсын Чангмай хотод зохиогдсон Азийн аваргаас 1500, 5000-д тус тус алтан медаль хүртжээ.
Улмаар 2010 онд Малайзын Куала-Лумпур хотноо зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 5000-д алт, 1500-д мөнгө, уулын гүйлтийн 10 мянган метрийн уралдаанаас хүрэл медаль хүртэж Дорнодчуудынхаа бахархал болж байсан удаатай юм. Түүний дэлхийн шилдэг 10 гүйгчид шалгарч байсан нь бас л сонин.
2011 онд АНУ-ын Сакраменто хотноо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголчуудаас анх удаа бүртгэгдсэн нь өдгөө түүх болон үлджээ. Тэрбээр энэ уралдаанд 8000 метрт VIII байр, 42 км-т IX байрт шалгарсан байна.
Дэлхийд хөгжлөөрөө гайхагдсан орнуудын тамирчидтай эн тэнцүү өрсөлдсөн түүнийг Дорнодчууд 2009 онд Хулгана жилийн алдартан, “Шилдгийн шилдэг багш”-аар, 2011 оны “Дорнод нутгийн бахархал” шагналын эзнээр тодруулсан. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Одбаяр Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг ИХ-ын төлөөлөгч н.Гантөмөр, н.Бас-Эрдэнэ, Боловсрол, соёлын төвийн дарга н.Дуламсүрэн, Спорт хорооны дарга н.Чимэддорж, Хан-Уул сургуулийн Г.Бүдтуяа захиралтай хамт олон Дорнодын үе үеийн хөнгөн атлетикчид гээд түүний амжилтаар бахархдаг, дэмжиж урамшуулдаг хүн олон бий. “Адуунчулуун” компанийн н.Шатар захиралтай хамт олон Малайз улсад болон Америк тивд өрсөлдөхөд нь санхүүгийн
дэмжлэг үзүүлсэнд тэрбээр их баярлаж явдгаа энэ дашрамд дайж байсан юм.
Гүйлтийнхний тэвчээрийг сорьсон бас нэгэн тэмцээн байдаг. “Олон өдрийн гүйлт” нэртэй энэ тэмцээнд Ц. Пүрэвжав олон удаа оролцож байжээ. Тухайлбал, Халхын голын ялалтын 45 жилийн ойгоор болсон Улаанбаатар-Халхын гол 1250 км, Ялалтын баярын 40 жилийн ойгоор буюу 1985 онд болсон Монгол зөвлөлтийн дайчдын хамтарсан олон өдрийн гүйлтэд Хиагт-Улаанбаатар 550 км, 1989 онд Халхын гол-Улаанбаатар 1250 км, 1990 онд Чойбалсан-Чита хот 700 км, 1992 онд Дадал-Өндөрхаан 260 км, 1995 онд Халхын гол-Хөдөө арал-Улаанбаатар 1300 км-ийн гүйлтэд тус тус оролцож байсан нь өдгөө түүх болох дөхсөн гэхэд болно.
Тэрбээр 30 жилийн турш гүйж ийм амжилтад хүрсэн ч “Одоо боллоо” гээд зогсчихоогүй бөгөөд дэлхийд өрсөлдөхөөр хөгшин европ руу мордох гэнэ. Ирэх дөрөвдүгээр сарын 3-8-нд Финляндын Жүвдскулд хотод заалны Дэлхийн аварга шалгаруулах 3000, 8000 метрийн кросс уралдаан, хагас марафонд, Германы Бухлерталд Уулын гүйлтийн дэлхийн аваргад тавдугаар сарын 19-нд тус тус оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.
Тал нутгийнхаа нэрийг ертөнцөд анирдуулж байгаа Ц.Пүрэвжав багш шавь нараа дасгалжуулахын зэрэгцээ дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийсээр явна.
Г.Зоригтбаатар
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: