ГҮРГЭРҮҮД
Хэрвээ шинэ коронавирус гараагүйсэн бол манай эрх баригчдын бүх зүйл төлөвлөсний дагуу явагдах байлаа.
Уг нь төсвийн орлогоо өндөр төсөвлөж(12 их наяд төгрөг) байгаад хүссэнээрээ зарцуулах орон зай гаргасныг нь яана(14 их наяд төгрөг). Гэвч дэлхий нийтэд тархсан энэхүү тахал нь худалдааны гол түнш болох Хятадын хүчийг хүртэл огцом сулруулж байна.
Худалдааны дайны үеэр хөрөнгө оруулалтын диваажин гэж нэрлэгдэж байсан Вьетнам, Хонг Конг гэх мэт улс ч хүнд нөхцөл байдалд ороод эхэлсэн.
Манайд ч мөн адил. Орост (Хятадад) ханиавал Монголд найтаадаг гэдгийг сүүлийн нэг сар гаруйн хугацаанд болсон үйл явдлууд хангалттай баталсан биз ээ.
Саяхан нүүрсний экспортоо зогсоох шийдвэр гаргав. Бид нүүрснээсээ сар бүр дунджаар 200 орчим сая ам.долларын экспортын орлого олдог(Тухайн сарынхаа экспортын 40 хувь). Нөгөө талдаа нүүрснээс сар бүр татварын орлого болох 200 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. 2020 онд жилдээ 1.4 их наяд төгрөгийг нүүрснээс олохоор төсөвлөсөн байгаа. Одоогийн байдлаар энэхүү орлогынхоо 15 хувийг нь шинэ коронавируст “төлчихлөө”. Энэ бол зөвхөн нүүрсний нөлөө. Бусад салбар дахь нөлөөллийг тооцвол энэ тоо улам л нэмэгдэнэ.
Зураг 1. 2020 оны төсөвлөсөн төсөв, тэрбум төгрөг
Цаашлаад юу болох вэ?
Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдал нь 200, 300 тэрбумаар нэмэгдээд явна. Гэтэл манайхан гүрийсээр байх уу?
Төсвийн тэр их үр ашиггүй зардлуудаа танах арга хэмжээг заавал авах ёстой.
Одооноос иргэд, ААН-үүд зээлийн төлбөр, түрээсийн төлбөрөөс эхлээд асуудалд орж эхлээд байна. Нэг байгууллагаар л жишээ авахад банканд зээлтэй, ажилчдаа нэг сар цалинтай амраалаа. Хоёр дахь сараас нь цалингаа тавьж чадахгүй бол ард байгаа өрхүүд нь мөн л зээлтэй байгаа. Энэ мэтээр асуудал хөвөрч эхэлнэ. Гаднын улс орнуудад ийм нөхцөл байдалд улсаас нөхөн төлбөр олгодог. Харин бид тэгж нөхөн төлбөр олгох хэмжээний бядтай улс мөн бил үү.
Олгохдоо хүрэхэд байгаагаасаа илүүчилнэ үү гэхээс биш төсвийн алдагдалдаа нэмж бүртгээд байж боломгүй.
Зураг 2-т тахлын нөлөөнд хамгийн түрүүнд өртөж болох 6 салбарыг харуулсан байна.
Тус салбарууд нь нийтдээ
- дотоодын нийт бүтээгдэхүүний 44 хувь
- ажиллах хүчний 35 хувь
- нийт зээлийн 27 хувийг эзэлж байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүний цаана компаниудын ашиг буурч, ажилчдынх нь цалин, бонус нэмэгдэхгүй гэсэн санаа.
Ажиллах хүчний цаана нь зээлтэй өрх гэрүүд бий. Ялангуяа, орлогынх нь гол эх үүсвэр цалин болдог манай улсын хувьд ажилчдад асуудал үүснэ.
ААН-үүд нь тус бүрдээ банканд зээлтэй. Хэрвээ банкны зээлээ төлж чадахгүй нөхцөлд дагаад банк, санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлж эхэлнэ.
Зураг 2. Нөлөөлж болох салбаруудын ажиллах хүчин, ДНБ, нийт зээлд эзлэх хувь
Тэгэхээр нөлөөллийг харахад хэт эрт байна, дахиад 1-2 сар хүлээх ёстой гэхээс илүүтэй гамшгийн нөхцөл байдалд ямар бодлого явуулах уу? Хэрхэн бодлогын түвшинд шийдэх вэ? зэрэгт бэлэн байх ёстой.
Гэхдээ манай ГҮРГЭР-үүд хэдийн ажиллаад эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. Гол нь үр ашиггүй зардлуудаа танаж, төсөвтөө тодотгол хийх замаар иймэрхүү асуудлуудыг даван туулаасай билээ. Тэгэхгүй бол хүлээгдэж буй та нарын тавьсан гадаад өр, шир биднийг хүлээхгүй, өршөөхгүй.
Өр ч гэсэн эдийн засагт үүссэн нэг төрлийн тахал.
Г.БАТЗОРИГ /Эдийн засагч, шинжээч/
URL: