Зи явж, тэд нэгдэхийн учир
Дэлхий нийт шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг нойр, хоолгүй ажиллаж байхад манай хэдэн улстөрч сонгуулийн бэлтгэлээ базаагаад зав тун муу явна. Өнгөрсөн жилүүдэд биенээ нэг нүдээрээ харах нь битгий хэл сургийг нь дуулаад бухимддаг байсан хүмүүс өнөөдөр өвөр түрийдээ орж, тавагтай хоолоо хувааж идэх нь холгүй хөтлөлцөн гүйлдэж байна. Өөрөөр хэлбэл, Монголын улс төр урд хожид байгаагүйгээр эвсэн найрамдаж, нэгдэж эхэллээ. Сонгууль бүхний өмнөх танил дүр зураг гэж үү. Тийм нь тийм ч, энэ удаагийн эвсэл, найрамдлуудад нэг онцлог бий.
Саяхан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Б.Дэлгэрмаа нарын хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намынхантай нэгэн зочид буудалд чухал уулзалт зохион байгуулж, түүнийгээ олон нийтэд санаандгүй мэтээр зориуд дэлгээд авлаа.
Жишээ нь, Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулаад удаагүй ШИНЭ нам бусад жижиг 10 намтай эвсэж, “Эв нэгдлийн тунхаг бичиг”-т гарын үсэг зурж байгаагаа олон нийтэд мэдээлэв. Тодруулбал, ИЗНН, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв, Монголын үндэсний ардчилсан, Ард түмний олонхийн засаглал, Хамаг монголын хөдөлмөрийн, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний, Монголын шинэчлэлт, Хөгжлийн хөтөлбөр гэсэн 10 нам ШИНЭН-тай эв нэгдэлтэйгээр ирэх сонгуульд оролцох нь. Хэрвээ УИХ-ын сонгууль дөхөөгүй байсан бол ШИНЭН-ын удирдлагууд өмнөхийн адил өөрсдөө тодроод явж байхыг илүүд үзэх байсан ч байж мэднэ. Л.Болд, Ж.Батзандан нар тэднийг эгнээндээ урин нэгтгэж байгаа нь олон намын төлөөлөл болж, иргэдийн саналыг авах гэсэн санаархлаас өөр зүйл биш гэдгийг сонгогчид ойлгочиход л болох юм. Эвсэж байгаа хэд нь ч ялгаагүй. Ингэж яваад хэн нэг нь УИХ-д суувал төрийн аль нэг албан тушаал, цаашлаад төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайдын суудал горьдож байгаа л хэрэг. Үүний төлөө ирэх сонгууль хүртэл хэчнээн нам, холбоо эвлэлдэн нэгдэхийг таах аргагүй.
Үүнээс гадна дээрх хэдээс арай илүү эрх ашиг, сүр хүчтэй хүмүүс сэм сүжирч, бас нэгэн нэгдэл үүсгээд байгаа. Саяхан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Б.Дэлгэрмаа нарын хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намынхантай нэгэн зочид буудалд чухал уулзалт зохион байгуулж, түүнийгээ олон нийтэд санаандгүй мэтээр зориуд дэлгээд авлаа. Энэ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нүүдэл байх магадлал өндөр бөгөөд “Сонгуулийн өмнөх найраа, хорыг би хутгалцаж яваа шүү” гэдгээ нийтэд мэдүүлэх нэг тактик байхыг үгүйсгэх аргагүй. Н.Энхбаярын хувьд улс төрд орж л байвал С.Эрдэнэ бүү хэл чөтгөртэй нийлсэн ч бэлэн байгаа. Гэхдээ тэдний энэ нэгдлийн цаадах өөр нэгэн нэгдмэл зорилго нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ирэх сонгууль дахь оролцоо, гар хөлийг тасдах. Ийм ч учраас өчигдөр З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгч, С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөхөөр очиж байгаагаа зарласан биз. Энэ бол одоогийн Ерөнхийлөгчийн З.Энхболдоор дамжуулан шинэ баг бүрдүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг. Ардчилсан намд одоохондоо З.Энхболд шиг нөлөө бүхий хатуу самар байхгүй. Түүнийг дагасан, хүрээлсэн, урвуулсан бас түүнд “бөлдөгдүүлсэн” хэсэг бүлэг хүн Зи-гийн удирдлагаар ирэх сонгуулийн схемийг гардана гэсэн үг. Нэр хүндтэй, чадварлаг боловсон хүчингүй шахуу болсон С.Эрдэнэд энэ нь том олз ч гэлээ, намаа лидергүй болтол нь унагасан түүнийг тайвшруулан зайлуулж байгаа хэрэг ч байж мэднэ. Юутай ч ирэх сонгуульд АН МАХН хоёр нэлээд зүйлээрээ нэгдэж, ханцуйдаа гар гараа бариастай орох нь. Гол нь тэдний Ц.Элбэгдоржийн эсрэг байр суурь нэг байж чадах ч, улс төрийн ашиг сонирхол, төлөвлөгөө нь урт хугацаандаа нэгдмэл байж чадахгүй нь тодорхой. Бүр тодруулбал, З.Энхболдын улс төр дэх ашиг сонирхол, Ерөнхийлөгч Х.Баттулгын төлөвлөгөөнөөс шалтгаалж, тэдний нөхөрлөлийн хугацаа тодорхойлогдоно.
Дээрх нэгдлийн гол өрсөлдөгч нь мэдээж МАН. Гэвч МАН-ын дотоод хагарал, талцах өвчин сонгууль ойртох тусам улам үгдэрч байгаа нь өрнөж буй үйл явдлуудаас тодорхой харагдана. УИХ дахь МАН 32-ын бүлэг буюу 60 тэрбумынхан, 33-ын бүлэг буюу ЖДҮ-чид гэсэн хоёр бүлэглэлд хуваагдаад буй. МАН-ын 33-ын бүлэгт өнөөгийн сайд нар хийгээд ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдоод байгаа гишүүд багтдаг бол 32-ын бүлэгт Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын танхимд ажилласан сайд нар, М.Энхболдыг огцруулахгүйн тулд “тэмцсэн” гишүүд хамаардаг. Наад зах нь 33-ын бүлэглэл 60 тэрбумын хэрэг бидэнд хамаагүй гэсэн байр сууринаас ханддаг, 60 тэрбумынхан “ЖДҮ-гийн хэрэг 33-ын бүлгийн хар толбо” хэмээдэг. Энэ мэтээр дотроо хэмлэлцэн сонгогчиддоо нэр хүндээ барж ядаж байхад нь хүчингийн хэргээр ял сонссон Н.Гантулга, хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаагаасаа болж УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өгсөн Н.Номтойбаяр нар нэрмээс болж буй. Гэсэн ч сонгууль болтолх дөрвөн сарын хугацаанд дотооддоо юу ч өрнүүлж мэдэх хүчтэй лидерүүд энэ намд бий. Үүнээс л эмээхдээ бусад нь эвсэж нэгдэж буй хэрэг. Гэлээ гэхдээ тус намын нэр бүхий хэд хэдэн гишүүн бусад намынхантай чимээгүйхэн “ураг барилдан” найрсаж, амиа бодох тактик хэрэгжүүлж яваа мэдээлэл ч чих дэлсэж байна.
Жишээ нь, Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан аймаг дахь МАН-ынхаа дөнгүүр байж болох болгоны но-г хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад эхэллээ. “Доржзодовдсон” бичлэгүүдээ хэвлэл мэдээллийнхэнд өгөхийг завдаж байна.
Эднээс гадна өдгөө буланд шахагдаад буй Э.Бат-Үүл нарын, Н.Алтанхуяг нарын гэх мэт хэд хэдэн фракц Монголын улс төрд бий. Цагтаа Монголын төрийг түшилцэж явсан тэдний өдгөө тодорч чадахгүй байгаа гол шалтгаан нь элдэв янзын хөтөлбөр нэрээр улсын мөнгө завшсан, идсэн уусан гэх асуудал. Дээр нь хууль хяналтын байгууллагын үүд сахисаар одоогийн улс төр дэх нөлөө бүхий хүмүүстэй ойлголцох завгүй өнөөг хүргэсэн гачлан нэмэгдэнэ. Гэсэн ч тэд УИХ-д өөрсдийн төлөөллөө зүтгүүлэх гээд наашаа гэсэн бүхэнтэй нэгдэхэд бэлэн харайж яваа сурагтай.
Энэ мэтээр Саарал ордонд ойрхон хэд маань сайхан ааштай болж, үй зайгүй нөхөрлөж байх зуурт орон нутаг дахь нам дагасан нөхөд ч эднээс дутахгүй сонгуульжиж, бүлэг холбоо үүсгэн үзэлцээд эхэлжээ. Тухайлбал, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Дархан-Уул тэргүүтэй аймгийн намын гэх тодотголтой хүмүүс биенийхээ муу сайн, идсэн уусан, авлига авсан аваагүйг ил далдаар илчилж, хэн нэгнийг ариун цагаан мэт харагдуулах ажлаа нэгэнт хийгээд эхэллээ. Жишээ нь, Дархан-Уул аймгийн Ардчилсан намынхан аймаг дахь МАН-ынхаа дөнгүүр байж болох болгоны но-г хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад эхэллээ. “Доржзодовдсон” бичлэгүүдээ хэвлэл мэдээллийнхэнд өгөхийг завдаж байна. Ингээд зогсохгүй цахим сайт нээн, зөвхөн эсрэг намын нөхдийнхөө но-гоор сонгогчдыг бөмбөгдөх ажлыг ч эхлүүлж байгаа аж. Үүнийг нь харж, сонссон МАН-ынхан ирэх долоо хоногоос тус аймаг дахь АН-ын албан тушаалтнуудын идсэн уусан, завшсан, зальдсан, завхайрсан баримтуудыг ил гаргахаар зэхэж суугаа мэдээлэл ч байна.Эдний дээр УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ зарлаад буй хүмүүсийн хөгтэй, эмгэнэлтэй гэмээр оролдлогууд нэмэгдэнэ. Энэ мэтээр сонгуулийн тэмцэл хот, хөдөөгүй өрнөөд эхэлжээ.
Юутай ч Зи Ерөнхийлөгчийн дэргэдээс АН-аа эмхэтгэхээр явж, бусад нь бараг нэгдэж байгаагаа ил, далдаар мэдэгдчихлээ. Гэхдээ УИХ-ын ирэх сонгуульд хэн нэгнийгээ гишүүн болгох гэсэн санаархал л тэднийг нэгтгэж буй болохоос биш, энэ олон нам, эвсэл ард түмний сайн сайхан амьдрал, шударга шүүх засаглалын төлөө гэх мэт үнэнхүү зорилгын дор нэгдэж байгаа хэрэг огтхон ч биш юм. Хэрвээ тэд үнэхээр нэгдэж чаддаг байсан сан бол Монголд улс төрийн ийм олон нам байгуулагдахгүй байсан нь тодорхой.
Үндэсний шуудан
URL: